З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэж цэцэд өгөхөөр болов
Иргэн З.Энхболд, Я.Эрдэнэсайхан нар мэдээлэл хийж, УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ.
Тэд хэлэхдээ,
-"Ээлжит бус чуулган хуралдуулах 156 тоот захирамжийг УИХ-ын дарга долдугаар сарын 28-ны өдөр гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид ээлжит бус чуулганыг ирэх сарын 3-14-нд зарлан хуралдуулж, зургаан асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Үүнд, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль, холбогдох бусад хууль, Галт зэвсгийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заасан. Энэхүү захирамж нь Монгол Улсын үндсэн хууль болон УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн” хэмээн тайлбарлалаа. Мөн төрийн албан хаагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд нь энэхүү захирамжийг үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд хууль тогтоох байгууллагын дарга нь өөрөө хууль эрхзүйн мэдлэгтэй хүн хэрнээ энэхүү захирамжаараа хууль зөрчиж буй нь эрх зүйт нийгэмд байж болохгүй зүйл. Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхэнд халдаж буй явдал” гэдгийг онцлов.
Б.ЗУЛ