Хавтаст хэрэг: Т.Цогт, Г.Маралмаа нар талийгаач охинд арц, арвайтай хольж идүүлдэг байжээ
Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Т.Цогт, Г.Маралмаа нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн. Тэгвэл тэдний өмгөөлөгчид Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлыг нь хүргүүлжээ. Нийслэлийн шүүх тэдний гомдолтой танилцаж, 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараагүй учир Г.Маралмаа, Т.Цогт нарыг хорих ангид хуваарилаагүй, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна.
Тэднийг давж заалдсантай холбогдуулан Г.Маралмаа, Т.Цогт нарын хавтаст хэргээс зарим нэг зүйлийг онцлон сийрүүлж байна.
Г.Маралмаа талийгаач охины бэлэг эрхтэнг базаж чимхдэг байжээ
Хавтаст хэрэг тэмдэглэснээр, Г.Маралмаа нь өөрийн дагавар охин болох гурван нас 11 сартай О-г 2014 оны аравдугаар сараас 2015 оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд бөөгийн зан үйл хийж байгаа гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох, эхийн бузар арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж чимхэх, бусад оруулсаны дараа онгорхой цонхон дээр зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг арилгагч шингэн цацах, алгадах зэрэг аргаар байнга тарчлааж зовоож байжээ. Мөн арцыг арвай будаатай хольж хүчээр идүүлдэг байсан аж.
Харин Т.Цогтын хувьд төрсөн охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж өмдөндөө баалаа гэх шалтгаанаар суран бүсний арлаар зодох, Г.Маралмаатай хамтран бөөгийн үйл хийж байна хэмээн охиныг модон могойгоор байнга зодох, арцыг арвайн будаатай хольж хүчээр идүүлж байнга зодож тарчлааж байжээ.
Г.Маралмаа: Т.Цогт охиныхоо үснээс зулгааж, суран тэлээгээр ороолгодог байсан
Охин өнгөрсөн хоёрдугаар сард нас барсан. Охины амиа алдсан шалтгааныг Г.Маралмаа, Т.Цогт нар охиныг байнга тарчлан зовоож тамласны улмаас болсон гэж шүүх үзсэн юм. Харин энэ тухай Г.Маралмаа мөрдөн байцаалтын явцад ийнхүү мэдүүлж байжээ.
- Би хоёрдугаар сарын 11-ний өглөө охиныг гадаа тоглуулахаар гаргасан. Гэтэл охин тоглож байгаад шатан дээрээс унасан байсан. Үүнээс хойш нурмайсан байдалтай байсан. Харин 15-ны өдөр охин намайг "Чи зайл би аавтайгаа баймаар байна” гэж нулимж, "усанд орохгүй” гэж уйлаад байхаар нь би гараараа 2 гуя руу нь цохисон юм. Коршоконд суухгүй уйлаад байхаар нь ор луу түлхтэл толгойгоороо шалан дээр тэрийж унасан. Тэр оройдоо охин жаахан нурмайсан байдалтай байжийгаад маргааш нь намайг гэрээ цэвэрлээд түлээ нүүрс оруулж байхад охин татчихсан байсан. Би сандраад архиар биеийг нь арчиж, урд айлын эгчийг дуудсан. Түргэн дуудах гэтэл утас болохгүй байсан юм. Т.Цогтод хэлтэл "дуудлагатай явж байна” гэхээр нь би урд айлын эгчтэй такси бариад Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзүүлж дусал хийлгүүлсэн....
-Охин өмдөндөө баасан, баасаа цэвэрлүүлэхгүй байна гэж Т.Цогтод хэлтэл Т.Цогт охиноо өмднийхөө тэлээгээр ороолгож, зодож эхэлсэн........
-Т.Цогт охиныхоо үснээс зулгааж "чи дахиж өмдөндөө баах уу” гэж загнаж......
-Охиныхоо аманд гараа хийгээд "чи намайг харж байхад бөөлжөөдөх, чи дахиж бөөлжих үү” гэж чанга хашгирж загнадаг..... гэхчлэн мэдүүлсэн байна.
Т.Цогт: Бэлэгдлийн маягаар бүсээр охиноо зөөлөн ороолгосон
Харин Т.Цогт
-Охин өмдөндөө баасан гэж Г.Маралмаа надад хэлсэн. Би тэр үед "за за би одоо очиж байна, орхичих, очиж байгаад арьсыг нь хуулаад өгнө” гэж мессеж бичсэн. Хариад би охины өмдийг тайлуулсан. Мөн Г.Маралмаа надад "наадах чинь гараа амандаа хийж байгаад бөөлжсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь бэлэгдлийн маягаар бүсээрээ бөгсөнд нь сулхан ороолгосон......
-Би охиндоо харгис, хэрцгий, зүй бус байдлаар хандаагүй....
-Би Г.Маралмаагийн үгэнд итгэсэн. Дараа нь охины өвдөг хөхөрсөн байсан. Гэтэл Г.Маралмаа надад "охин тоглож байгаад унасан” гэж хэлэхэд би Г.Маралмаад итгэсэн.....
-Би охиндоо бөөгийн зан үйл хийж байгаагүй гэхчлэн мэдүүлж байжээ.
Г.Маралмаа, Т.Цогт нарын гэмшил
Шүүх хурлын үеэр тэд гэм бурууг нэг нэгрүүгээ чихэж, өөрсдийнхөө арьсыг хамгаалж байсан юм. Мөн энэ үеэр хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа шүүх бүрэлдэхүүнд уламжилж байв.
Г.Маралмаа "Маш их харамсч байна. Би талийгаач охинд ганцаараа гар хүрч байгаагүй. Охиныг санаатай алах гэсэн бодол байгаагүй. Охиныг нэг удаа түлхэж унагаасан буруугаа хүлээж, уучлал гуйж байна. Би буруугаа 100 хувь хүлээж байна”
Т.Цогт: "Би эрх чөлөө, нэр төр, ганц худагт цагдан хоригдсондоо огт харамсахгүй байна. Ганцхан охиныхоо амь насыг алдсандаа харамсч байна” гэж мэдүүлжээ.
Талийгаач охины ээж: Охины зүрх зогсож байна. Аппаратаа салгалаа гэж эмч хэлсэн
Талийгаач охины төрсөн эх Б.Өнөржаргал харин хэрхэн мэдүүлж байв.
Тэрбээр охиныхоо хөх няц болсон биеийг хараад охиноосоо асуухад ийнхүү хариулж байжээ.
-Г.Маралмаа аниа аавыг ажилдаа явахаар чамайг харахаас дургүй хүрээд байна гээд намайг зоддог, миний үснээс зулгаадаг....
Харин энэ тухай Б.Өнөржаргал Т.Цогтоос асуухад
-Охин ээжийгээ санаад байна гэж гарч гүйж байгаад шатнаас унаад нуруу нь ийм болсон......
-Сэхээ рүү орж охиноо харахад ямар ч ухаангүй, аманд нь хуруу хиртэй амьсгалын бүдүүн гуурс хийчихсэн....
-Охины минь дух, эрүүний дор, хөл гуя, гар бугалга хөхөрсөн....
-"Охины зүрх зогсож байна. Манайх аппаратаа салгалаа” гэж эмч хэлээд тогоор хүчдэл өгөхөд зүрхний цохилт бүдэг орж ирсэн..... гэж мэдүүлж байжээ.
Мэдээж хавтаст хэргийг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм. Тиймээс хавтаст хэрэгт дурьдагдсан гэрчүүдийн мэдүүлгээс хүргэж байна.
Гэрч Н: Арц, арвай будаатай хольж өгөхөд охин бөөлжсөн
-Гэрт нь очиж хоноход Г.Маралмаа охиныг байнга загнаж зандарч харьцдаг байсан....
-Г.Маралмаа бөө болж байна гээд талийгаачийг нэг модон могой шиг юмаар нуруу руу нь цохидог, өмсгөлөө өмсөөд бөөлдөг байсан...
-Г.Маралмаа онгод нь буусан үедээ "чи яагаад миний түшээ охины үгэнд орохгүй байна, амийг чинь таслана шүү” гэж охиныг айлгадаг байсан.....
-Арц, арвайн будаа холиод охинд өгсөн. Охин идэхгүй байсан чинь Т.Цогт идүүлсэн. Улмаар охин шээгээд бас бөөлжсөн....
-Г.Маралмаа гарандаа шар тос түрхэж байгаад эхийнх нь хормойн бузар шингэсэн байна гээд охины бэлэг эрхтэнг базаж чимхээд, татаад гэдсийг нь илээд улаан нойлын утсаар гэдсийг нь ороогоод зангидсан...
Гэрч О: Охин Г.Маралмаа аниа одоо болно ш дээ гээд уйлаад байсан
-Г.Маралмаа охины нүд рүү пудер шингээгч цацчихсан нүдээ аних гэхээр нь нээ гээд уурлаж загнаад байсан......
-Г.Маралмаа охиныг эх шигээ санаатай зэвүүн хүүхэд гэсэн.....
-Охин Г.Маралмаа аниа ингээд нүдгүй болчихвол намайг зодохгүй гэсэн.....
-Охин Г.Маралмаа аниа намайг битгий зодооч дээ одоо болно ш дээ, одоо болно ш дээ гээд л уйлаад байсан....
Гэрч Х: Хүйтэн өдөр охиныг шав шалдан онгорхой цонхон дээр зогсоож байсан
-Өвлийн хүйтэн өдөр охиныг шав шалдан онгорхой цонхон дээр зогсоож байсан....
Ийнхүү гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр Г.Маралмаа, Т.Цогт нар нь охиныг байнга тарчлан тамлан зовоож байсан нь нотлогдсон учир тус бүрт нь 24 жилийн хорих ял оноож ялласан байна. Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүлээд байгаа юм.
Б.Чимэг