Ургацын 80%-ийг алдсаныг ХХААЯ мэдэхгүй байна
Улс орон даяар цаг агаар халуун, хуурайшилт ихтэй байгаагаас газар тариалан эрхлэгчид ургацынхаа 80 хувийг алдчихлаа хэмээн шогширч байна. Өнгөрсөн 21-ний өдөр Монголын үр тариа эрхлэгчдийн "Газар тариалан” холбооны Удирдах зөвлөлийнхөн хуралдаж, сүүлийн 35 жилд болоогүй ган гачиг, алдагдсан ургацын хэмжээ, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан байна.
Наадмаас хойш хур бороо орсон ч тариалалт сэргэх ямар ч боломжгүй бөгөөд Халх голын хэдэн сумд, Булганы арын хэсэг, Сэлэнгийн хойд хэсэг буюу Зэлтэр, Хүдэр гэсэн хэсгээр арай дөнгүүр байгаа талаар тус холбооны гишүүн Б.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Ийнхүү ургацынхаа 80 орчим хувийг алдсанаар техник худалдан авалтын зардлаас гадна зөвхөн бордоо, түлш, цалин зэрэг урсгал зардлуудад 150 орчим тэрбум төгрөг алдаад байгаа аж. Асуудал хурцадсан тул тариалан эрхлэгчид харьяа яамандаа хэд хэдэн гарц санал болгож, тусламж хүссэн ч тодорхой хариугүй өдийг хүрсэн гэнэ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэнтэй холбогдон тодруулав.
Улсын хэмжээнд ургацын 80 хувийг алдчихлаа гэх мэдээлэл байна. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?
Ургац, ургацын алдагдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Учир нь наймдугаар сарын 10-наас хойш газар дээр нь танилцахаар явдаг юм. Тиймээс тухайн үед мэдээлэл өгөх боломжтой болно. Газар тариалан эрхлэгчид харьяа яамандаа хандан ургац алдалтын талаар хэд хэдэн санал дэвшүүлж, тусламж хүссэн ч тодорхой хариу өгөхгүй байгаа талаар ярьж байна.
Та бүхэн ургацынхаа 80 хувийг алдсан талаар мэдээлэлгүй байна уу? эсвэл наймдугаар сарын 10-ныг хүлээгээд байж байна уу?
Тэр талаар мэдэхгүй байна.
Ц.АНХ