НҮБ: Долдугаар сард Иракт 1700 гаруй хүн амь үрэгдсэн
НҮБ. / Xinhua/. Өнгөрсөн долдугаар сард Иракт хүчирхийлэл болон
террорист халдлагуудад 1700 гаруй хүн өртөн амь үрэгдсэний бараг 1200 нь
хүүхэд байсан гэж НҮБ-ын Иракт туслах хүчин мэдэгдлээ.
НҮБ-ын Иракт туслах хүчний мэдэгдсэнээр, өнгөрсөн сард хүчирхийлэл
болон террорист халдлагад энгийн номхон 1186 иргэн, аюулаас хамгаалах
хүчний 551 албан хаагч амь үрэгдэж, 1511 иргэн, 467 цагдаа шархаджээ.
Гэм зэмгүй энгийн иргэд, тэдний дотор хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдэх
нь нэмэгдэж байгаад маш их санаа зовж байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн даргын Иракийг хариуцсан тусгай төлөөлөгч Николай Младенов
мэдэгдэв.
Олон улсын хүмүүнлэгийн хуулийг хүндэтгэж, ард иргэдийнхээ аюулгүй
байдлыг хангахын тулд зөрчил мөргөлдөөнөө зогсоохыг бүх талд Младенов
уриаллаа.
Багдад, Салахадин, Нинева, Киркук, Бабиль болон Дияла хот хүчирхийлэл, террорист халдлагад хамгийн их өртжээ.
Сүүлийн жилүүдэд Иракийн аюулгүй байдал эрс дордож байна. Энэ оны эхний
хагаст террорист халдлага болон хүчирхийлэлд тус улсын 5576 энгийн
иргэн амь үрэгдэж, 11666 хүн шархадсан гэж НҮБ мэдэгдлээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг