Гэрлээд таван жилийг ардаа орхижээ
Нэг л хэвийн амьдралаас уйдах ч шиг. Өдөр бүр нэгэн ижил өнгөрдөг хамтын амьдралаас залхах болов. Саяхны нэг өдөр ажлаа хийгээд явж байтал хуучны танил нэгэн бүсгүйтэй тааралдлаа. Манай ажлын газарт дадлагаа хийж байсан бүсгүй л дээ. Энгийн даруухан. Гэрлэж амжаагүй явахдаа тийн таарч, түүнийг би сэмхэн шохоорхдог байж билээ. Тааралдсан даруйдаа нөхөрсгөөр хэдэн үг сольж, утсыг нь авлаа. Ингээд түүнтэй мессеж бичилцэж өдөр их л зугаатай өнгөрч байв.
Харин тэр үеэс л хойш эхнэрийн минь ааш хувирч залхмаар аашилж эхэлсэн юм. Залгасангүй, хариу бичсэнгүй гэж үргэлжийн гомдоллоод л. Би түүнээс салмаар санагдаж, хоёулаа хэсэгхэн тусдаа байя гээд хэлчихлээ. Тэр минь шартай болохоор бардамнал нь тэрхэн үедээ давамгайлсных юм уу "Өө тэгье ээ, тэгэхдээ эрэгтэй хүн тусдаа байя гэж хэлж байгаа нь надад хайргүйнх юм болов уу. Зүгээр л ингээд салцгаая” гэв. Ингэж хэлэхдээ тэр их зоригтой байсан. Харин миний сэтгэлд уйтгар, айдсын аль нь үл мэдэгдэх сонин зүйл мэдрэгдээд л. Тэгсэн ч надад сонирхолтой санагдах нэгэн бүсгүй байсан болохоор тэгтлээ шаналсангүй.
Эхнэр хамаг хувцсаа баглаж аваад хаалгаар гарахын үед утасны хонх дуугарч мессеж ирэх нь тэр. Урьд нь огт утсыг минь шалгадаггүй байсан эхнэр маань гэнэт л надаас түрүүлж утсанд минь хүрч мессеж уншчихлаа. "Ээ бурхан минь. Одоо яах вэ, юу гэж хэлэх вэ” гэж л бодогдсон. "Завтай болоогүй л байна уу” гэсэн мессеж. Түүнийг уншаад утсыг маань тэр чигт нь нэгжих нь тэр. Ингээд л тэр бүсгүйтэй уулзсан минь, өдөр бүр юу хийснийг нь асууж холбоотой байсан минь ил болсон юм даа. Тэр минь уйлаад л... Би унтчихсан, тэр минь шөнөжин уйлсан. Түүний минь зүрх ямар их гомдлоор үерлэснийг би нүдээрээ харж байсан ч "Одоо дууссан, өнгөрсөн. Тэр бүсгүйтэй уулзахаа больж чадахгүй” гэсэн бодлоо бодсоор байв. Эхнэр маань өнөөх бүсгүйн утсыг аль хэдийн цээжилсэн байжээ. Тэр шөнө бүсгүй рүү мессеж бичсэн аж. "Би нөхөртэйгөө сүүлийн удаа хамт байх шиг байна. Учир нь өөртэй чинь уулздаг болсныг сая л мэдлээ. Мэдээж надад хэцүү байна, би шаналж байна. Тэгэхдээ би нөхрөө орхиноо. Адилхан эмэгтэй хүн болохоор өөрийг тань ойлгох байх гэсэндээ бичсэн юм шүү” гэхэд нь бүсгүй "Эхнэртэй гэж мэдээгүй байсан ш дээ, нөхөртэй чинь дахиж уулзахгүй” гэж бичжээ. Гэвч эхнэр маань явчихсан юм даа. Танилцсан бүсгүйтэйгээ заваараа уулзаад л өдөржин мессеж бичээд л сатаарах зүйлтэй болохоор надад тийм ч хэцүү байсангүй. Бүсгүй маань аль болох уулзаад байх хүсэлтэй.
Эхнэрээсээ салаад долоо хонов.
Гэнэт нэг өдөр тэр минь ажил дээр хүрээд ирлээ. Тэр надад "Амьдралаа ийм амархан дуусгах юм уу, арай гэж босгож ядаж буй амьдрал минь хайран байна. Салах амархан. Чи надаас салаад өөр нэгэнтэй нийллээ гээд хэсэг хугацаанд сайхан байж байгаад л чи бид хоёрын энэ амьдрал шиг ижил зүйл л давтагдах байх. Өөр нэгэн бүсгүйг өөртөө дасгаж гомдоохоо боль хожим бидний үр хүүхдэд муу. Чамд надаас өөр тохирох хүн байхгүй. Би чамайг сайн мэднэ шүү дээ. Хоёулаа хүүхэдтэй болъё” гэлээ. Тиймээ эхнэрийн минь хэлдэг зөв. Үнэндээ тэр бүсгүйтээ уулзах бүртээ би эхнэрээ бодож, яг над шиг ингээд өөр хүнтэй уулзаж байх вий гэхээс гол харлаж, одоо юу хийж байгаа бол гээд л боддог байсан юм. Тэр минь ингэж ярихад би " нээрээ ч тиймдээ” гэж бодсон боловч өнөөх бүсгүйдээ жаахан дассан ч юм уу сэтгэлээ яаж цэгцлэхээ мэдэхгүй байв. Эхнэртээ хугацаа олгооч гэтэл тэр минь "Үгүй, дэргэд чинь байна” гэлээ. Намайг тэр бүсгүйтэй дахин уулзуулахгүй гэсэндээ тэгсэн байх. Ингээд эхнэрийн ятгалгаар хүсээгүй хэдий ч бүсгүйгээс холбоогоо тасаллаа. Таван жилийн амьдралаа надад зориулж, найз нөхдөөсөө ч хөндийрсөн. Хэдий эцэг эх нь байлаа ч нөхөрт гарсан тул хувцсаа чирж очиж, санааг зовоохгүй гэдэг түүнд минь гэрээсээ гараад очих ч газар байхгүй л дээ. Тэгээд эхнэр маань миний дэргэд байж намайг урьдын л адил халамжилж, харин би жаахан үнэртүүлж орж ирээд л эхнэртээ өнөөх бүсгүйгээ яриад л, түүнийг бодоод байгаагаа илт мэдэгдүүлээд л. Эхнэр маань тэр бүрт чимээгүй л байдаг байлаа. Тэгэх бүрт эхнэрийн минь зүрх зүүгээр шивэгдэх мэт болдог байсан байх даа. Би эхнэрээ намайг аргадахынх нь хэрээр улам муухай аашилж, сав л хийвэл эхнэрээ шүүмжилж сайхан үг түүндээ хэлээгүй удсанаа огт анзаараагүй байж.
Нэг өдөр бид хоёр жаахан түр тар хийлээ. Би гэж даварсан амьтан эхнэртээ "Надад гайгүй сэтгэлтэй байсан бүсгүйг чамаас болж би өөрөөсөө холдуулсан, тэвчээд байж чадахгүй бол яваач дээ” гэж орилох нь тэр. Үнэндээ би эхнэртээ уурлах бүртээ ийм зүйлийг хэлсэн байх. Харин тэр минь буруутан шиг сонсоод чимээгүй л байсан. Тэгтэл энэ удаад тэсч чадаагүй бололтой.
"Чамд сайн байсан юм бол тэмцээд чиний дэргэд үлдэх нь яасан юм тэр тэгээгүй. Харин би тэгсэн. Би дэргэд чинь үлдэж болох бүх аргаа хэрэглэж, үлдэж чадсан. Би чамайг орхиогүй. Тэгэхээр хэн нь чамд сайн юм шиг байна” гэж хэлэхэд нь миний хайр ямар их хүрснийг дээ.
Одоо бодох нь ээ, намайг өөр бүсгүйтэй харьцаж эхэлсэн тэр цагаас түүний минь зан ааш хувирсан юм. Аргагүйдээ, өөр зүйлд сатаараад түүнийгээ орхигдуулах бүрт бухимдаж байсан нь тэр байж. Тиймээ би эхнэртээ хайртай. Миний тэнэглэхийг шүд зуун тэвчиж, сэтгэлдээ мянган шарх тээсэн ч намайг уучилж чадсан. Тэр минь намайг ямар ч үед орхиогүй. Өөр хүүхэнд алдахдаа ч орхиогүй. Бас эхнэр маань их шартай. Тэр минь ярихдаа "Тэр бүсгүйд эхнэртэй хүн гэдгийг чинь мэдээсэй гэж мессеж бичсэн. Хүний сэтгэлийг шархлуулж, бусдын нулимснаас жаргал хайхгүй гэх ухамсартай байх гэж горьдсон. Тэр бүсгүй нөхөртэй чинь дахиж уулзахгүй гэчихээд уулзаад байсанд нь шар нь хөдөлсөн. Адилхан эмэгтэй хүн, тэр миний сэтгэл зовж байгааг бодож үзэхийг хүсээгүй. Тийм сэтгэлийн тэнхээгүй хүн учир нөхрөө буцааж авах амархан санагдсан” гэж билээ.
Миний төлөө гэх энэ л зүрхнээс би уйдаж, залхаж явж чадсангүй. Нэгэнтэй нь тохирч чадахгүй гээд нөгөөг сонгох нь буруу юм шиг санагдсан. Би эхнэрээ биш өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн. Харин эхнэр маань намайг биш өөрийгөө өөрчилж эхэлснийг би анзаарсан. Хичнээн их гомдож байсан ч юу ч болоогүй юм шиг инээмсэглэсээр эхнэр минь намайг эргээд өөртөө татаж чадсан.
Би их мундаг сэтгэлийн хаттай бүсгүйтэй гэрлэжээ. Бид удахгүй шинэ хүнээ угтаж авна. Намайг хараад инээмсэглэх бүрт нь түүнийхээ хөөрхөн нүднээс ямар их нулимс унагасандаа би гэмшдэг. Унагасан нулимс бүхнийхээ төлөө уучлал гуйж, хайртынхаа нүдэн дээр үнсэх дуртай. Хань минь, хайрт минь сэтгэлийг чинь цөхрөөж туйлдуулсан ч хүнтэй ханилахын үнэ цэнийг ухааруулж, нэгэн насны хань гэж эрхэмлэж байдагт тань баярлалаа.