МАН-ын залуус архидаж яваад машинаа шатааж, нэгийгээ хүйтэн мэсээр гэмтээжээ
Сүүлийн үед МАН-ын залуус баартай байна. Тус намыг соёлтой, мөнгөтэй, боловсролтой залуусаар хүрээгээ тэлж байгаа гэдэг. Гэтэл нөгөө сүрхий залуус нь хоорондоо зөрчилдөж нэгийгээ хутгалсан хэрэг гарчээ. Мөн тус намын дэргэдэх НАМЗХ-ын залуус Говь-Алтай аймагт чуулган зохион байгуулах нэрээр архидаж яваад машинаа шатаасан байна. 90 жилийн түүхтэй улс төрийн тулхтай хүчин гэгддэг тус намын залуу үе ийнхүү таагүй мэдээлэлд нэр холбогдож эхэлсэн нь олны анхаарлыг жинхэнэ татаж эхэллээ.
Одоо дээрх хэргүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат саяхны нэг өдөр Өвөрхангай аймагт бэсрэг наадмыг зохион байгуулжээ. Энэ үеэр МАН-ын залуус хоорондоо муудалцаж нэгийгээ хутгалсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хутгалуулсан хүн нь П.Баярбаатар гэх залуу гэнэ. Одоо түүний бие тааруу байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Уг нь бэсрэг наадам тун сайхан болжээ. Даан ч зохион байгуулагчид нь танхайрч нэгнээ хүйтэн мэсээр гэмтээсэн нь харамсалтай.
Ж.Мөнхбат генсек ямар зорилготой уг наадмыг зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байна.
Машин шатаасан хэргийн тухайд Говь-Алтай аймагт болсон үйл явдал аж. Тодруулбал, "Алтай таньдаа зүтгэе" уриан дор Алтайн эрин сан, Говь-Алтай аймгийн НАМЗХ-той хамтран 1000 залуусын чуулга уулзалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан байна. Тус чуулга уулзалт гурван өдрийн турш үргэлжилсэн аж. Энэ хугацаанд МАН-ын залуус улс, орон нутгийн хөгжлийн талаар хэлэлцэх биш шоудсаар байгаад таржээ.
Хөл, толгойгоо мэдэхээ больтол шоудсан залуус чуулган нэртэй архидах үйл ажиллагаагаа тарсаны дараа гэр рүүгээ буцаж явахад дээрх хэрэг гарсан байна. Шатсан машин нь Эрдэнэ сумын жолооч Дорждэрэм овогтой Алтансүхийг гэнэ. Д.Алтансүх нь чуулганд оролцсон залуусыг өөрийн Истана маркийн машинаар зөөвөрлөж явжээ. Машин юунаас болж шатсаныг холбогдох газраас шалгаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар залуус согтуугаар болчимгүй үйлдэл хийсэн байх магадлалтай аж.
Машин шатах үед хаалганы бариул хайлж, онгойлгох боломжгүй болсон тул хүмүүс цонхийг хагалж гарцгаажээ. Азаар хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна. Машинаас шатаж болох бүхэн шатаад төмөр бие нь л үлдсэн байгааг доорх зурган дээрээс харж болно. Сум бүрээс залуусыг оролцуулж чуулах нэрийдлээр 3 өдөр шоудуулж, эцэст нь тэдний аюулгүй байдлыг хангах, хараа хяналт тавих ямар ч чадваргүй болтлоо согтуурч байх үеэр уг хэрэг явдал гарав. Аймгийн НАМЗХ-ны тэргүүн Ууган-Эрдэнэ, МАН-ын салбар хорооны дарга Рэнцэндорж болон бусад тэргүүлэгчид энэхүү асуудлыг нууцалж байгаа юм байна.
Энэ мэт замбараагүй өсч, бойжиж буй багачууддаа анхаарал тавихгүй бол МАН-ын нэрийг баасанд хутгаж мэдэх хэргүүд цааш, цаашид ч гарахыг үгүйсгэхгүй.
zaluu.com