Хямралыг анзаараагүй тансаг шоу
Хаврын хахирган цагаар 50 долларын такс бүхий тансаг шоунд хүрэлцэн ирэгсэд гоё сайхан гэж жигтэйхэн. Энэ нь үндэстний соёл урлагийн нэгдэл буюу "Ethnosphere” төслийн шоу байлаа.
Монгол үндэстний соёл, язгуур урлагийг орчин үеийн шинэ хэмнэл урсгал руу амжилттай хөтөлж, үндэсний болон олон улсын үзэгч, сонсогч, урлаг шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа уг төсөл энэ жил урлаг соёл, загварын салбараар хүрээгээ тэлж, 200 орчим уран бүтээлч хамрагдлаа.
Олон нийтэд нээлттэй бус, VIP хэлбэрээр хоёр дахь жилдээ болж буй тус шоуны үеэр зураач Б.Содномдаржаагийн "Нар зөв” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэж, "Ethnosphere” цомгийн нүүр зургийг дуудлага худалдаанд оруулав. Анх дуудагдахдаа 350 мянгаар үнэлэгдсэн зургийн үнэ дээшилсээр 2 сая 500 мянгад хүрч худалдагдсан нь шоунд хүрэлцэн ирэгсдийн бэл бэнчинг гайхуулсан хэрэг болсон юм.
Төсөл эхний жилдээ "ETHNOSPHERE” цомгийн бүтээлүүдийг илэрхийлсэн уран зургийн үзэсгэлэн, Монголын загварын ертөнцийн томоохон төлөөллүүдийн бүтээлүүдээр тавигдсан загварын шоунаас бүрдэж байсан. Тэгвэл энэ жилийн төсөл загварын төрлүүдэд ихээхэн гол анхаарлаа хандуулж, "НАР ЗӨВ” уран зургийн үзэсгэлэн, "Ethnosphere” цомгийн нээлт, "Ethnosphere2015” Fashion show, "FOREVER FASHION” party гэсэн үндсэн дөрвөн хэсгийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдаж, загварын гайхамшигт шийдлүүдээр зочдынхоо мэлмийг баясгасан юм.
Эх сурвалж: www.grandnews.mn