Өсвөрийн хөлбөмбөгчид 190 багаас шөвгийн 4-д шалгараад байна
17:00 цаг. МОНГОЛ УЛСЫН БАГ ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛАА
Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй улсын 1600 гаруй хөлбөмбөгийн клуб оролцож байгаа Өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр 16 хүртэлх насны ангилалд өрсөлдөж байгаа Монгол Улсын хөлбөмбөгийн "Дэрэн" клуб хоёр ч хариуцлагатай тоглолт хийжээ. Шведийн IFK UMEA багтай хийсэн тоглолт 7:6-гийн харьцаатай өндөрлөсөн байна. Тоглолтын 19:50 дахь минутад 8 дугаартай тоглогч А.Тэмүүжин эсрэг багийн хаалганд эхний гоол оруулсан бол тоглолтын 21:05 дахь минутад 5 дугаартай В.Мөнхжаргал, 34:30-д А.Нармандах нар гоол оруулсан юм. Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон байна. Ингэснээр "Дэрэн" клубын Д.Билгүүн, Б.Батмөнх, М.Жансерик, Х.Энхзориг нар цохилтоо амжилттай гүйцэтгэснээр Шведийн IFK UMEA багийг буулган авчээ.
"Дэрэн" клуб мөн өчигдөр ХБНГУ-ын TSU BUCHHOLZ 08 багтай тоглолт хийж, 0:2-ын харьцаатай ялалт байгуулжээ. Тоглолтын 32:22 дахь минутад довтлогч П.Энхбаяр эхний гоолыг оруулсан бол тоглолтын 41:41 дэхь минутанд 8 дугаартай довтлогч А. Тэмүүжин өнөөдрийн ялалтыг баталгаажуулсан 2 дахь гоолыг оруулсан байна. Ингэснээр Дэрэн клубын тамирчид өнөөдөр Шведийн Mansarps IF багтай шөвгийн дөрвийн төлөө өрсөлдөхөөр болсон.
19.00 цаг. ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА
Тоглолт саяхан өндөрлөж, шөвгийн 8-д учраа таарсан зохион байгуулагч орон болох Шведийн багийг 4:0-ээр илүүрхэн хожсон талаарх мэдээ ирлээ. Ийнхүү манай тамирчид шөвгийн дөрөвт шалгарсан байна. Шөвгийн дөрөвт Норвегийн "IL Bjarg" багтай учраа таарсан ба тоглолт өнөө орой 21:30 минутаас эхлэнэ. Тамирчиддаа баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсье.