Д.Эрдэнэбат даргын “мордохын хазгай” буюу АН-ын ялагдал
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан 09 цаг
20 минутад 68.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн ч эрхэм гишүүд сурсан
зангаараа "Үхрийн баас” шиг л дуртай дургүйхэн цувралдсаар 30-аад
минутын дараа 89.5 хувийн ирцтэйгээр гол асуудлаа хэлэлцэж эхэлсэн юм.
Тэдний хэлэлцэх гол асуудал нь мэдээж УИХ дахь МАН-ын бүлгийн 26 дээр
АН-ын "эсэргүү” Ж.Батзандан, "Шударга ёс” эвслийн "мунгинуу өвгөн” Л.Цог
нар нэмэгдэн 28-уул болж аваад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах
тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлснийг хэлэлцэх
байсан билээ.
Байнгын хорооны хуралдааны эхэнд гишүүд тогтсон журмаараа үгээ
хэлцгээсэн. Ерөнхий сайдыг цээжээрээ хамгаалж, тэргүүн эгнээнд
зогссон УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдлээр
санал хураалт явуулах нь буруу.
Гэхдээ заавал санал хураана гэж байгаа бол хураахаас яахав” гэсэн
шүү дуугарсан бол АН дахь "эсэргүү”-нүүдийн нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа
"МАН-ын огцруулах саналаар би огцруулахгүй.
Харин Ардчилсан намын удирдлагуудын нэг болох Монгол Улсын баатар
Э.Бат-Үүлийн Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн уриалгыг
хүндэтгэн Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна” гэсэн. Сөрөг хүчнийхэн
болон журмын нөхрөөсөө хатуу үг сонсож, багагүй бухимдсан Монгол
Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Манай Засгийн газар хоёр жилийн
хугацаанд ажиллалаа.
МАН-аас огцруулах асуудлыг 6-7 удаа оруулж ирэхдээ Ерөнхий сайдыг
огцруулах асуудлыг хоёр удаа оруулж ирсэн. Эдийн засаг болон бусад
асуудлаар огцруулах тухай ярьж болно. Гэтэл Ардын намынхан Засагт
ороогүйн төлөө хонзогнож яваа нь буруу.
Би Ардчиллын эхэнд гар бие оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг
батлалцаж явсан хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье. Бид
хэлмэгдүүлэлтийн 1937 он руугаа явж байна. Аймаглан устгадаг тэр цаг
үе рүү бид очиж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн нэр төрд халдсан.
Тиймээс Иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан.
Хаянхярваа гишүүнээ тоглоом тогтой нь дээр шүү” хэмээн заналтайхан
дуугараад авна лээ.
Ингээд сөрөг хүчний Ерөнхий сайдыг огцруулахаар оруулж ирснээр санал
хураахад Төрийн байгуулалтын байнгын хорооны 17 гишүүний 11 нь
Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжчихдэг юм байна.
Хамгийн хачирхалтай нь 10-хан хоногийн өмнө "Ерөнхий сайдыг
огцруулах кноп дарах нь АН-ыг буудахтай адилхан” хэмээн
дуулиантайхан мэдэгдэж байсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга
Д.Эрдэнэбат Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжчихсэн байв.
Харин байнгын хорооны хуралдаан дууссаны дараа Д.Эрдэнэбат дарга
сэтгүүлчдийг урьж сандруухан мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр "Миний өгсөн
санал бол цэвэр техникийн алдаа. Би андуураад дарчихсан.
Санал хураах техникийг нь сайн ойлголгүй андуурч дарсан гэсэн үг.
Түүнээс би хэзээ ч, хаана ч Н.Алтанхуягийг дэмжих хүн. Хэрэв би албаар
эсрэг санал өгсөн бол намын дүрмээр намайг буулгаж, хөөж зайлуулж
болно. Харин андуурал гарсан гэдгийг энд онцлох ёстой” хэмээн алдаагаа
залруулсан юм.
Хамгийн хачирхалтай нь Төрийн байгуулалтын байнгын хорооны
хуралдаанаар Ерөнхий сайдын хувь заяаг дэнсэлж байхад УИХ дахь АН-ын
бүлгийн гишүүд болох С.Баярцогт, М.Батчимэг хоёр коридорт эргэлдэж,
зориуд саналаа өгөхөөс бултсан юм. Тэдний энэ үйлдлийг "Дургүйд
хүчгүй” гэж шулуухан тодорхойлж болно.
С.Баярцогтын хувьд төдийгөөс өдий хүртэл АН-д хамгийн хүчирхэг
Алтангадас фракцид харьяалагдан ач буянд нь сайд, даргын сэнтийгээс
мултарч үзээгүй шахам саяхныг хүрсэн ч Швейцарийн банкинд хулгайн
аргаар нуун дарагдуулсан нууц данснаасаа болж хамаг бүхнээ өөрөө л
сэгсэрч, үгүй хийсэн нэгэн. Тиймдээ ч сүүлийн үед наашаа гэсэн МоАХ
фракц буюу Х.Баттулгыг илэрхий бараадах болсон нь Н.Алтанхуягийн хувь
заяаг шийдэх үед бултаж алга болгуулснаас зайлахгүй.
Харин АН-ын "Нэг ардчилал” фракцид хамаардаг М.Батчимэг гишүүний
хувьд "Хоёр арслангийн ноцолдох”-ыг уулан дээрээс харж суухыг илүүд
үзсэн нь тодорхой. Чухамдаа эрхэм гишүүн М.Батчимэг "Алтанхуяг ойчихгүй
бол сайн, ойчвол илүү сайн” хэмээн тооцоолж яваагаас байнгын хорооны
санал хураалтад оролцоогүй болов уу. Хэрэв тэгж тооцоолоогүй л бол
АН-ын гишүүний хувьд даргынхаа төлөө Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг нар
шиг л "улаан хамгаалагч”-аар зогсох байсан нь ойлгомжтой.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны 17 гишүүнээс Ерөнхий сайдын
өөрийгөө хамгаалсан санал дээр "Шударга ёс” эвслийн тэргүүн Л.Батцэрэг,
АН-аас Бакей, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Иргэний зориг намын
С.Дэмбэрэл нарын зургаан хүн эсэргүүцсэн ч нөгөө талд МАН-ын бүлгийн
Ц.Дашдорж, М.Энхболд, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан,
С.Батболд, Ч.Хүрэлбаатар, Су.Батболд нар дээр нэмэгдэн "Шударга ёс”
эвслийн Л.Цог, Г.Уянга, АН-ын Р.Бурмаа нар Н.Алтанхуягийг
огцруулахаар санал өгснөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр
болсон юм.
Энэ өдрийн хамгийн бүтэлгүй, "мордохын хазгай”-гаар тодорсон АН-ын
бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд "Бид
дараах дүгнэлтийг гаргаж байна. Одоогоос хоёр жилийн өмнө монголчууд бид
хэрэглээний, эмзэг эдийн засагтэй 2.5 тэрбум ам.долларын өртэй байсныг
эхнээс нь төлж эхэллээ.
Шинэчлэлийн Засгийн газар ажлаа хүлээж авснаар Оюутолгойн эхний шатны
хөрөнгө оруулалт дууслаа. 2011 оны 17.3 хувийн эдийн засгийн өсөлтийн
5.7 хувийг импортын өсөлт бүрдүүлсэн байдаг. Энэ нь Оюутолгойн хүнд
машин механизмын импорт юм.
Харин үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн дээрх өсөлтөд эзлэх хувь ердөө 3.5
пункт байсан юм. Тэгэхээр энэ бол эдийн засгийн өгөөжтэй өсөлт биш.
Харин одоо манай барилгын салбар 80, мал аж ахуйн салбар 10-аад хувиар
өслөө. Энэ бол цэвэр өсөлт” хэмээн мэдэгдсэн.
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилсээр АН-ын дарга, Ерөнхий сайд
Н.Алтанхуягийн илтгэлийг сонссоны дараа 14:30 цагт Ерөнхий сайдыг
огцруулахыг дэмжих гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд
оролцсон 66 гишүүний 36 нь дэмжиж, 30 нь татгалзсанаар Монгол Улсын 27
дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан ёсоор огцорлоо. Түүний гүйцэтгэж
байсан үүргийг Шадар сайд Д.Тэрбишдагва орлон гүйцэтгэхээр болов.
Ерөнхий сайдын хувь заяаг шийдсэн энэ санал хураалтад АН-ын "Шонхор”
фракцийн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Ганбат,
Д.Арвин, "Нэг ардчилал”-ын М.Батчимэг нар "усанд хаясан чулуу” шиг алга
болж, хичээнгүйлэн зүтгэснээр Н.Алтанхуяг сайдаар "сор
залах” МАН-ын өдөөсөн "гал түймэр”-т цучил нэмэрлэв.
Ийнхүү хямарч, хагаралдаж дуусдаггүй Монголын улстөр дахин нэг
Ерөнхий сайдаар "сор залсан”-аар Д.Эрдэнэбат сайдын "мордохын
хазгай” өндөрлөж, АН томоохон ялагдал хүлээлээ.
Магадгүй шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газрыг Н.Алтанхуяг
тэргүүтэй Алтангадасчууд хонзонгоо тайлтал өшиглөн унагасаар, урьд
өмнө үүрэг гүйцэтгэгчээр удирдуулсан Засгийн газар зургаан сар
мунгинасан "хар” түүхийг битгий л давтаж золигтоосой билээ,
бурхан минь.
Д.Энхтүвшин
Эх сурвалж: