Монголын Сайтын Холбоо салбартаа тэргүүллээ
Монгол улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын Холбоо, Кабелийн телевизүүдийн Медиа порт консерциум, Монголын Сонины Холбоо, Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо, Монголын Чөлөөт Сонины Холбоо, Монголын FM радио эрхлэгчдийн холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциаци, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг олон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Тэгвэл энэ жилийн хувьд эдгээр хэвлэл мэдээллийн холбоодууд дундаас Монголын Сайтын Холбоо сэтгүүлзүйн салбарын шилдэг хэвлэл мэдээллийн холбоогоор шалгарлаа. Үүсгэн байгуулагдаад долоо дахь жилтэйгээ золгож буй тус холбоо нь 2015 онд цахим сэтгүүл зүйн салбарын өмнө тулгамдсан томоохон бодлогын асуудлуудаа шийдвэрлэн ажиллаж чадсан учраас Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн удирдах зөвлөлөөс энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ. Монголын Сайтын Холбооны энэ жил хийж хэрэгжүүлсэн ажлаас товч дурьдвал:
Монголын Сайтын Холбоо нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-тэй хамтран Төрийн ордонд 800 сэтгүүлчийг хамруулсан, төрийн болон төрийн бус 13 байгууллагын төлөөллийг оролцуулсан Цахим сэтгүүл зүйн анхдугаар форумыг зохион байгуулжээ.
"Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”-аас Цахим сэтгүүл зүйн салбарын өөрийн зохицуулалтын анхны баримт бичиг болох "Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлан гаргасан байна. Энэхүү баримт бичигт цахим сэтгүүл зүй нь ардчилсан нийгмийн хамгийн эрхэм дээд үнэт зүйл болох хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалсан, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан, интернэт хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, ард иргэдийн үнэнийг мэдэх эрхийг хүндэтгэсэн, техник технологийн хөгжлийг нэвтрүүлсэн, зохиогчийн эрх болон оюуны өмчийг дээдлэн ёс зүйтэй, шударга, хариуцлагатай, иргэнлэг зарчмыг хангасан шинэ үеийн Цахим сэтгүүл зүйг хөгжүүлэн төлөвшүүлэхийн тулд өөрсдөө мөрдөн ажиллах гол зарчмаа тунхагласан байна.
МОСАХ-ны ерөнхийлөгчийн санаачилгаар Цахим сэтгүүл зүйн мэргэжлээр бакалаврын түвшний дээд боловсрол эзэмшүүлэх асуудлыг Отгонтэнгэр Их сургуультай хамтран хэрэгжүүлж, анхны элсэлтээ авч хичээлээ эхлүүлжээ.
Түүнчлэн Орон нутгийн сайтуудын өмнө тулгадсан асуудлыг шийдвэрлэх, тэднийг мэргэжлийн чиг баримжаатай сургалтанд хамруулах зорилгоор МОСАХ-оос санаачлан нийслэл хотноо Орон нутгийн анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулжээ.
Энэ жил тус холбоо 200 дахь гишүүнээ элсүүлсэн бөгөөд цаашид тус холбоонд элсэх хүсэлтэй олон сайт өргөдөл, мэдүүлгээ өгсөн байна.
Ийнхүү ургац арвин, урам зориг дүүрэн ажиллаж байгаа тус холбооны хамт олон 2016 оныг "Гадаад харилцааны жил” болгон зарлаж байгаа бөгөөд олон улсад хандсан томоохон төсөл хөтөлбөрүүд, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд чиглэсэн ажлын айлчлалуудыг төлөвлөсөн байна.
Д.Цог