Ц.Мөнхбаатар: Цахим сэтгүүл зүй бол энэ зууны хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг
МОСАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулга авлаа
– Монголын сайтын холбооны тухай товч танилцуулаач
– Өнөө цагт интернэтэд суурилсан цахим мэдээллийн орон зай улам бүр хүрээгээ тэлж байна. Урьд өмнө хэрэглэгчид мэдээллийг телевиз, сонингоос авдаг байсан бол одоо интернэт, сайтууд, сошиал медиагаас авах нь илүүтэй болжээ. Ийм нөхцөл байдал нь МОСАХ-ыг байгуулах гол шалтгаан байсан гэж ойлгож болно. МОСАХ бол 6 жилийн түүхтэй 170 гаруй сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн томоохон ТББ. Бид цахим оройн зайд мэдээлэл хүргэдэг гишүүн сайтуудаа хөгжүүлэх, тэднийг бүх талаар дэмжих, зөрчигдсөн эрх ашгийг нь хамгаалах зорилгоор зохион байгуулагдсан сайн дурын нэгдэл. МОСАХ байгуулагдсан цагаасаа энэ үүргүүдээ чамлахааргүй сайн хэрэгжүүлж ирсэн уламжлалтай.
Энэ жил бид хэд хэдэн томоохон ажлуудыг төлөвлөөд эхнээс нь амжилттай хэрэгжүүлээд явж байна.
– Танай холбоо Отгонтэнгэр ИС-тэй хамтран цахим сэтгүүлзүйн анги нээсэн гэсэн үү
– Дэлхийн хөгжингүй улс орнуудад сэтгүүлзүйн салбар цаг үеийнхээ хөгжлийг дагалдан улам бүр боловсронгуй болж, энэ салбарт цахим сэтгүүлч гэдэг мэргэжилтнийг хэдийнэ бэлтгээд 10 гаруй жилийн нүүрийг үзсэн юм байна. Харин манайдаа бол энэ нэр томьёо шинэ үг мэт сонсогдоод байгаа юм. МОСАХ-ны Удирдах зөвлөлийн энэ оны эхэнд хуралдсан хурлаас МОСАХ нь нийгэм олон нийт, сэтгүүл зүйн салбар руу чиглэсэн хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батласан байдаг. Үүний дагуу өнгөрсөн 5 сарын 1-ний өдөр МОСАХ-аас санаачлан МСНЭ болон энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 800 сэтгүүлч оролцсон "Цахим сэтгүүлзүйн анхдугаар форум”-ыг Төрийн ордонд зохион амжилттай байгуулсан. Энэ үеэр Отгонтэнгэр Их сургуультай хамтран Цахим сэтгүүл зүйн ангийг нээхээр төлөвлөсөн маань өдгөө ажил хэрэг болоод байна. Бид Европын холбооны улс орны шилдэг их дээд сургуулиудын Цахим сэтгүүлзүйн мэргэжил олгодог хичээлийн төлөвлөгөөтэй танилцаж, тэдгээрээс монголын цахим хэвлэл мэдээллийн орчинд "нутагшуулж” болох хичээлүүдийг багтаасан, бас зарим хичээлийг шинээр нэмсэн бакалаврын зэрэг олгох сургалтын цоо шинэ төлөвлөгөөг Отгонтэнгэр Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхмийн багш нарын тусламжтайгаар боловсруулаад үүнийхээ дагуу шинэ мэргэжлээр боловсон хүчнээ бэлтгэх бэлтгэл ажлаа хангаад байна.
– Цахим сэтгүүл зүйн мэргэжил сэтгүүлч мэргэжлээс ямар ялгаатай вэ?
– Хүмүүс цахим сэтгүүл зүйн мэргэжил ямар онцлогтой вэ гэж асуух нь зүйн хэрэг. Товчхондоо бол цахим сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн сэтгүүлч нь интернэтийн орчинд бүрэн ажиллах чадвартай, фото болон видео мэдээг боловсруулах бүх программыг мэддэг, дээр нь вэб дизайн болон вэб сайт хийх, хөгжүүлэх, мульти медиа технологийг эзэмшсэн, гүүглэ анализ болон хайлтын системийг ашиглаж чаддаг ур чадвартай, сошиал орчинд бүрэн ажиллаж, түүнийг "бизнес”-ийн талбар болгох менежментийн мэдлэгтэй, цахим реклам, хөдөлгөөнт баннераа өөрөө хийчихдэг өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэгдэж гарна гэсэн үг. Ний нуугүй хэлэхэд сэтгүүлчээр төгссөн шинэхэн боловсон хүчнийг бид сайтдаа цахим сэтгүүлчээр бэлтгэн сайн сэтгүүлч болгон сургаж авахын тулд дор хаяж 1-2 жил зарцуулдаг. Дээр нь админ, программист, вэб хөгжүүлэгч, хакерийн халдлага хариуцсан мэргэжилтэн гээд өөр өөр мэргэжлийн хүмүүсийг тусад нь цалинжуулж ажлуулах шаардлага гардаг. Тэгвэл энгийнээр хэлэхэд цахим сэтгүүлчээр та бэлтгэгдэн төгссөнөөр энэ бүх мэдлэгийг нэг дор эзэмшсэн мэргэжилтэн болно гэсэн үг. Товчхондоо бол Цахим сэтгүүл зүй бол 21-р зууны эрэлттэй мэргэжлүүдийн нэг яахын аргагүй мөн юм.
– Үнэхээр сайхан мэдээ байна шүү, Цахим ангид элсэхийг хүссэн хүмүүс хаана хандах вэ?
– Өмнө хэлсэн дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд Цахим сэтгүүлзүйн Их дээдийн 2.5 жилийн ангид УИХ-ын гишүүд туслахаа, Яам тамгын газар, дүүргүүд хэвлэлийн ажилтнаа, аж ахуйн нэгж компаниуд маркетингийн менежерүүдээ, олон нийтийн ажил эрхэлдэг хүмүүс өөрсдөө юм уу төлөөний хүмүүсээ энэ ангид элсүүлэн суралцуулах нь тэдэнд ихээхэн тустай хэрэг болно. Учир нь мэдээллээ бичиж боловсруулж сайтдаа оруулахын зэрэгцээгээр бусад сайтуудтай ажиллаж чаддаг, сошиал медиатай хэрхэн харьцахаа мэддэг, байгууллагын сайтаа хөгжүүлээд аваад явах чадвартай, олон нийтийн харилцаа буюу PR-ийн мэдлэгтэй мэргэжилтнийг та богино хугацаанд бэлтгэж авах боломжтой гэсэн үг.
Цахим сэтгүүлзүйн мэргэжлээр өдөр, оройн анги Отгонтэнгэр Их сургууль дээр элсэлт авч байгаа. Хэрвээ та өмнө нь их дээд сургууль төгссөн бол Мягмар, Бямба гарагийн ангид 2.5 жил суралцаад Цахим сэтгүүлч мэргэжилтэй болно гэсэн үг. Тодруулж хэлбэл мягмар гарагт 15:00-20:00 цаг хүртэл, Бямба гарагт 10:00-18:00 цаг хүртэл долоо хоногт ажлын нэг өдөр тал, амралтын нэг өдөр бүтэн хичээллэх юм билээ. Ингэснээр та ажлын хажуугаараа Цахим сэтгүүлзүйн ангид суралцах боломжтой болж байгаа. Хэрвээ та цахим ангид элсэн суралцахыг хүсвэл одоо ч гэсэн оройтоогүй байна. Отгонтэнгэр Их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн 99097233 утас руу, МОСАХ-ны 88084523 холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, цахим ангид элсэн суралцах болно. Шинэ зууны шилдэг боловсон хүчин болох Цахим сэтгүүл зүйн ангид элсэн суралцаарай гэж та бүхэндээ уриалах байна
– Мэдээлэл өгсөнд баярлалаа
Ярилцсан Л.Тамир