Зодуулсан эмэгтэй цагдаагийн машиныг өшиглөөд зугтжээ
ХУД-ийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж нь эмэгтэй хүн зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Харин түүний өмнөөс ЦЕГ-аас албан ёсоор уучлал хүссэн юм. Мөн түүнийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгаж байгаа. Албаны шалгалтын дүнг хэлэлцээд, ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар уг албан хаагчид хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн.
Тодруулбал ахлагч Э.Баасандоржийг иргэний эрх чөлөөнд халдсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн байна. Хэрвээ цагдаагийн ажилтны гэм буруутай тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм.
"ЗАСГИЙН ГАЗАР МИНИЙ АЛХАМ БҮРИЙГ ХЯНААД БАЙНА” ГЭХ ГОМДОЛ ГАРГАЖ БАЙЖЭЭ
Урьдчилсан мэдээллээр, тухайн өдөр иргэн У 2014 онд ХУД-ын цагдаагийн газар гаргаж байсан гомдлыг нь шалгаж байсан цагдаагийн ажилтантай тааралдаад үл ойлголцсон асуудал гарсан гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр бичлэг дээр зодуулж буй эмэгтэй Хан-Уул дүүргийн харъяат, иргэн У гэгч бөгөөд тэрбээр 2014 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст "Засгийн газраас миний алхам бүрийг хянаад байна, надад чип суулгасан” гэх гомдол гаргасаныг тус цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж хянаад хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байсан аж. Учир нь тухайн эмэгтэй сэтгэц мэдрэлийн хувьд өөрчлөлттэй байж магадгүй байсан юм байна.
Ингээд бичлэгт өртдөг тухайн өдөр ХУД-ийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандоржийг машинтайгаа явж байхад нь иргэн У таарч, хэргийг нь хэрэслэхгүй болгосон хэмээн уурлаж, машиныг нь ирж хэд хэдэн удаа өшиглөөд зугтсан юм байна. Үүнд уур нь хүрсэн цагдаа замын голд машинаа орхиод, түүнийг үсдэж ирсэн нь бичлэгт буусан байна. ХУД-ийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж энэ талаар "тухайн эмэгтэй машин өшиглөж танхайрсан болохоор цагдаагийн хэлтэст аваачиж хохирлоо төлүүлэх гэж машиндаа суулгаж авч явсан” гэж мэдүүлсэн байдаг байна.
Д.Ундрах