Р.Бурмаа: Телевизүүд аль нэг нам, дэвшигчийг дагнасан сурталчилгаа хийхийг хуулиар хориглож байгаа

828

 


УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Түүнтэй Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж буй талаар ярилцлаа.

-Улстөрийн намууд сонгуулийн гол санхүүжилтээ нэр дэвшигчдийн татвар, хандив тусламжаар бүрдүүлдэг. Шинэ төсөлд энэ талаар ямар зохицуулалт хийж байгаа вэ? 
-Улс төрийн намын санхүүжилт нь дотроо сонгуулийн санхүүжилт, улстөрийн намын санхүүжилт гэж хоёр хуваагдаж байгаа. Тэгэхээр Сонгуулийн тухай хуульд сонгуулийн санхүүжилтийг нэлээд нарийвчилж зохицуулалт хийж өгсөн.

Тухайлбал, хандивын асуудал байна. Хандивлагч хувь хүн болон хуулийн этгээдүүдийн бүх хандивын хэмжээ, нэр хаяг, тэнд тавих хяналтыг тодорхой болгож өгсөн. Үүнийг өмнө нь СЕХ хянах үүрэгтэй байсан ч хяналт нэр төдий байлаа. Одоо бол санхүүжилтэд Аудит хяналт тавина. Үүнээс гарах үр дагавар бол тухайн тойрогт дэвшиж байгаа хүн радио, телевизээр явуулах сурталчилгааны цагуудыг харгалзан үзээд нэг хүн, нэг нам, эвслээс дээд тал нь ийм хэмжээний мөнгө гаргана.

Өмнө нь нэр дэвшигч хувийн хөрөнгөө сурталчилгаандаа зарцуулдаг ч тайлагнах шаардлага байдаггүй байлаа. Харин одоо бол тайлагнана. Мөн сонгуульд нь хандив өгсөн хүнийхээ тайланг ч гаргана гэж заасан.  

Энэ санхүүжилтийн хүрээнд сурталчилгаагаа хийнэ гэдгийг зааж өгөх юм. Өмнө нь нэр дэвшигч хувийн хөрөнгөө сурталчилгаандаа зарцуулдаг ч тайлагнах шаардлага байдаггүй байлаа. Хувийн машин тэргээ дайчилж ажиллуулсан байж болно. Харин одоо бол тайлагнана. Мөн сонгуульд нь хандив өгсөн хүнийхээ тайланг ч гаргана гэж заасан.  

-Тайланг нийтэд ил тод зарлах ёстой юу? 
-Тайлагнах үйл ажиллагаа нийтэд ил тод байна. Төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн ч нээлттэй мэдээлэл авах боломжтой. Аудитын дүгнэлт бол вэб сайт дээрээ ил тод байдаг. Сонгуулийн зардлын зарцуулалт ч Шилэн дансны зохицуулалтаар явагдаж, сонгуульд орж байгаа тал сонгогчдод ил тод байх юм.

-Сонгуулийн зардалд хуулиар хязгаар тавина гэж дуулдсан? 
-Сонгуулийн зардлыг аль болох багасгасан байгаа. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үеэр өндөр үнэ хэлдэг. Зар сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж үнийг харгалзаж, сонгуулийн үеэр онцгой нэмэгдэлтэй үнэ тавихгүй, аль нэг нам, эвслээр дагнасан сурталчилгаа явуулахгүй. ОНРТ-ээр үнэгүй сурталчилгааны хуваарийг нэр дэвшигч болон намуудад тэгш боломжийг хангасан байдлаар гаргаж өгнө.

-Бусад арилжааны телевизүүдэд ямар зохицуулалт хийх вэ? 
-Дагнасан сурталчилгаа хийхгүй. Сонгуулийн зардлын тайлангаа цаг хугацаандаа гаргаж өгөөгүй, сонгуульд оролцохын өмнө намынхаа санхүүжилтийн тайланг дутуу эсвэл худлаа тайлагнасан бол тэр намыг сонгуульд бүртгэхгүй байх, хариуцлага өндөржүүлсэн зохицуулалт оруулж байгаа.

Сонгуулийн үеэр хууль зөрчсөн нь сонгуулийн дараа тогтоогдвол тангараг өргөсний дараа ч гэсэн хууль бусаар сонгогдсон гэж үзэж мандатыг нь хүчингүй болгоно. Үүн дээр эдийн засгийн хариуцлагын нэлээд том хөшүүрэг орж байгаа. Буруутай нь тогтоогдож, дахин сонгууль явуулах хэмжээнд хүрвэл тэр зардлыг тухайн буруутэй этгээдээр төлүүлнэ гэж байгаа.

Хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас үүдэж дахин сонгууль боллоо гэхэд улсын төсөв, эсвэл хэн нэг нэр дэвшигчээс зардал гардгийг энэ зохицуулалтаар болиулна. Өмнө нь хяналт сул байснаас болж мөнгө төгрөг тараах зэрэг янз бүрийн аргаар сонгогддог байсан бол одоо хариуцлага өндөр болж байгаа.  

Эргэж УИХ-ын сонгуульд нэр дэвших карьер нь хаагдана. Тиймээс сонгуульд аль болох бага зардлаар, илүү шударга өрсөлдөх нөхцөлийг сонгуулийн хуулиар бүрдүүлнэ.

-Жил бүр л сонгуулийн сурталчилгааны төсөв нэмэгдэж байгаа. Одоо зардлыг багасгах, үүнд хяналт тавих ажлыг ямар зохицуулалтаар хийнэ гэсэн үг вэ? 
-Зардлыг багасгахын тулд бүх нам, эвсэл, нэр дэвшигчдийн тараах материалыг нэгтгээд Сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүс сонгогчдод хүргэж өгөх асуудлыг бид судалж байна.

Ингэвэл бүх нэр дэвшигч хүн хөлслөөд материалаа айлуудаар тараагаад явдаг зардлыг хэмнэнэ. Мөн сонгуулийн үеэр сурталчилгааны самбар гардаг. Самбарыг үнэ төлбөргүй байршуулах газруудыг тогтоож өгнө. Ингэснээр их хэмжээний мөнгө хэмнэнэ.

Сонгуулийн үеэр хууль зөрчсөн нь сонгуулийн дараа тогтоогдвол тангараг өргөсний дараа ч гэсэн хууль бусаар сонгогдсон гэж үзэж мандатыг нь хүчингүй болгоно.

-Улс төрийн намуудад улсын төсвөөс мөнгө өгөх үү?
-Сонгуулийн дараа авсан санал болон суудлын тоонд нь үндэслэн мөнгө өгнө. Төрөөс өгч буй санхүүжилтийн зориулалтыг зааж өгдөггүй учир мөнгөө хэрхэн яаж зарцуулсныг эргээд ард түмэнд тайлагнадаггүй. Тайлангийн араас хяналт тавьдаггүйгээс болж улс төрийн намууд авлигад хамгийн өртөмтгий байгаа.

Тэгэхээр их хэмжээний хандив авсан хүндээ эргээд албан тушаал, тендер өгөх замаар хариу барьдаг жишгийг таслан зогсохын тулд улсын төсвөөс өгч байгаа мөнгөнийхөө араас зориулалт нь тодорхой байх ёстой. Тухайлбал, улс төрийн намуудад өгч байгаа мөнгө бодлого боловсруулах, ард түимэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулаад амласан бол биелүүлэхийн төлөө, гаргаж байгаа хууль дүрэм журам, хуулийн төслөө боловсруулдаг, судлаачдыг ажилуулахдаа зориулах ёстой гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, улстөрчдөө сургаж бэлтгэх ёстой. УИХ-д нэр дэвших гэж байгаа хүн улсын төсвийг уншдаг байх ёстой. Мэргэжил мэдлэгийн хувьд тэнцэхүйц хүн байх ёстой гэсэн шалгуур тавина. Гуравдугаарт, ард иргэдтэйгээ уулзаж, санаа бодлыг нь сонсоход хөрөнгө мөнгө зарцуулах ёстой.

Дараагийн ажил нь улс төрийн намууд хэрхэн ямар шийдвэр гаргаж, бодлого дээр ажиллаж байсан, өмнө нь юу гэж амлаад, түүнийгээ биелүүлсэн эсэхийг судлаач, хэвлэл мэдээлэл, оюутнууд авч хэрэглэх боломж бололцоогоор хангадаг байх ёстой. Намууд улс төрийн боловсрол, олон ургальч үзлийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ажиллах ёстой.

Эдгээр үйл ажиллагаанд зориулж Улс төрийн сангаар дамжуулан санхүүжилт өгөх хэлбэр байх нь зүйтэй гэж хуулийн төсөл дээр саналаа бэлдэж байна. Өнөөдөр улс төрийн намуудын боловсон хүчний бодлого тодорхойгүй, тиймээс гэнэт хаанаас гараад ирэв гэмээр хүмүүс албан тушаалд томилогддог явдал гарахгүй. Тэр зориулалтаар санхүүгийн дэмжлэг өгье, эргээд шаардлага тавья.

Шаардлагын дагуу санхүүжилтийг зарцуулаагүй бол торгууль ногдуулъя, бүр болохгүй энэ тал дээр алдаа гаргаад байвал улс төрийн намыг нь татан буулгая гэж байгаа. Мөн улсын хэмжээнд суудал авч чадаагүй ч гэсэн тодорхой хэмжээний дэмжлэг авсан улстөрийн намуудад бодлогоо боловсруулах, боловсон хүчин бэлтгэх, ард иргэдтэй холбогдож үзэл бодлоо танилцуулахад дэмжлэг үзүүлсэн санхүүжилт байх нь зүйтэй юм байна гэж үзсэн.

-Сонгуулийн хуулийн Ажлын хэсэг төслөө хэзээ УИХ-д оруулах вэ? 
-Хоёр зүйл дээр тохирвол бусад нь болчихоод байна. Нэгдүгээрт, сонгуулийн систем дээр УИХ-д суудалтай гурван намын бүлэг хоорондоо өөр саналтай байна. Саналаа нэгтгэвэл болно. Хоёрдугаарт, МАН орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн хамт зохион байгуулна гэхэд санал зөрж байгаа. Бусад намууд хамт явуулж болно гэсэн. Үүнээс хоёроос бусад зүйл, заалт бүхэн дээр саналаа нэгтгэсэн.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

828 сэтгэгдэл