Н.Алтанхуягийн өшөө авалт
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн” гэгддэг ЦЕГ- ын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Ийнхүү Засгийн газрын сүүлийн хоёр долоо хоногийн хуралдаан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өшөө авалтаар үргэлжлэв. Өмнөх долоо хоногийн хуралдаанаар "Женко” Х.Баттулгын багийн тоглогч гэгддэг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг ажлаас нь халах шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ салбарын сайд А.Гансүх, үүрэг гүйцэтгэгчээр томилогдож ажлаа хүлээн авч байгаа Ё.Манлайбаяр нарыг ОХУ-д, өөрийг нь Сэлэнгэ аймагт томилолтоор явж байхад нь энэ шийдвэрийг гаргасан байдаг. Энэ тухай тайлбарлахдаа "Ажлын хариуцлага алдсан” гэсэн.
Гэтэл үүний цаана зам засварын хөрөнгөөр аймгуудын Засаг дарга нарыг угжих далд санаа явж байсан тухай Б.Батзаяа хэлсэн удаатай. Тиймээс Засгийн газрын зүгээс аймгуудын Засаг дарга нарт улсын болон олон улсын чанартай автозамуудын засвар арчлалтын мөнгийг хариуцуулах шийдвэрийг "Хууль зөрчиж байна” гээд биелүүлээгүй тул ийнхүү Н.Алтанхуягийн нүдийг хорсгожээ. Тэгвэл ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас халах болсон гол шалтгаан нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд сайн хандаж байгаагүйтэй холбоотой. Х.Тэмүүжин, Б.Билэгт нарын эхлүүлж, Н.Алтанхуяг сайдын шүүлтээр орсон хуулийн байгууллагынхны цусгүй тулаан одоо ч "Х.Тэмүүжин ба хурандаа нар” гэсэн байдлаар үргэлжилж буй. Харин дараагийн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэн гээч албан тушаалтан сандал ширээгээ хүлээлгэж өгөхийг чөтгөр бүү мэд... Гэвч эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цаг үед Н.Алтанхуяг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаар бамбай барих болоод байгаа. Энэ нь магадгүй түүний амь тэмцсэн хэлбэр хийгээд бүх буруугаа түүнд тохох гэсэн бяцхан заль ч байж болох юм. Ямартай ч Н.Золжаргалаар оролдож байна гэдэг агуулгаараа УИХ- ын дарга З.Энхболдыг өдөөн хатгаж байна гэсэн үг юм. Ийнхүү Н.Алтанхуягийн багийнхан тун богино хугацаанд төрийн гурван өндөрлөгийн институци хоорондын дайны галыг нээж, эхний сумнуудаа харваж амжлаа. Мэдээж түүний зах замбараагүй эрх мэдэлд шунан дайрсан энэ байдлыг зүгээр хараад суух тэвчээр хэн хэнд нь дутах биз.
Эх сурвалжийн хэлж буйгаар сүүлийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэлээд ууртай, өндөр дуутай байгаа гэнэ. Үнэндээ арга ч үгүй юм. Ахлах зөвлөхийг нь хорьж, Л.Гансүхтэй нууцаар уулзах явц нь хүн бүрт ил болсон зэргээс гадна Засгийн газарт "амьд” явах хоногийн тоо тийм ч олон үлдээгүй. Ажиглагчдын хэлж буйгаар ирэх есдүгээр сараас эхлэн Н.Алтанхуягийн танхим ганхаж, дахин эхлэх нь тодорхой байгаа. Үүнээс гадна УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эзэн 100 хөтөлбөрийн үр дүнгээс хамаарч, олонхи өөрсдөө Засгийн газарт хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн. Намын жирийн гишүүд нь сүүлийн дөрвөн жил хуралдуулаагүй ҮЗХ-оо хуралдуулахыг дахин шаардах болсон. УИХ-ын дарга З.Энхболдын толгойлдог Ардчилсан хүчний холбооны 600 гаруй гишүүн Буйр нуурын хөвөөнд тухлан сууж, Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяаг шийдэхээр сэмхэн хуралдаад ирэв. Энэ үеэр УИХ- ын дарга З.Энхболд МАН-ын удирдлагуудтай нууцаар уулзаж, Засгийн газрын тэргүүнтэй "муушиг” тоглоход бэлэн болсон тухайгаа ойлгуулсан дуулдана. Цөөн үгээр хэлбэл Ардчилсан хүчний холбооны гишүүд бүх хүчээ Н.Алтанхуягаас Ерөнхий сайдын сандлыг булаан авахад зориулна гэсэн үг.
Үүнээс гадна "Женко” Х.Баттулгын толгойлдог МоАХ фракцийнхан бас л ойрын үеэс Ерөнхий сайдад зориулсан гэнэтийн бэлгээ задлах сураг бий. Тэдний энэ таагүй байдал дээр УИХ-д суудалгүй 13 намынхны эсэргүүцэл мөн нэмэгдэнэ. Тэдний хувьд "Хоёр хөршийн Ерөнхийлөгч ирэхээс өмнө Н.Алтанхуягаас Засгийн газрыг аврах нь зөв” гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Магадгүй, тэд энэ янзаараа Си Жинпиний айлчлалд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулгантай зэрэгцэн жагсаал цуглаан зохион байгуулахыг оролдож, Монгол Улсыг муухай харагдуулж магадгүй юм. Ийнхүү олон фракцийн нэгдэл болсон АН-ын нэг эд эс Ардчилсан хүчний холбоог Буйр нуурын мандалд хуралдаж, Засгийн газрын хувь заяаг хэрхэх тухай ярилцаж байх зуур Н.Алтанхуяг сайд амиа хамгаалахын тулд дахин нэг арга сэдэж амжив.
Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудлаа хамгаалахын тулд Монголбанкны Ерөнхийлөгчөөр туг тахиж, 2016 он хүртэл нүдээ аниж, чихээ бөглөн тэсч үлдэхээр санаархаж сууна. Үнэндээ улс орны нийгэм, эдийн засгийн сульдаатай байдал хэзээ тамир суух нь тодорхойгүй хэвээр. Иргэд валютын ханшийн өсөлтөд хайчлуулаад хэзээ эдгэрэх нь бүр ч ойлгомжгүй байдалд тулж ирээд удаж байна. Одоо бүгдээрээ "Ам. доллар 2000 төгрөгт хүрнэ” гэсэн таагүй мэдээнээс эмээж суугаа. Энэ айдас ч биднийг тойрохгүй гэдэг нь валютын ханш, арилжааны банкуудын авах, зарах ханшийн зөрүү зэргээс харахад ойлгомжтой байгаа юм.
Тэгвэл энэ бүхний буруутнаар Засгийн газрын тэргүүн өөрөө Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг тодрууллаа. Өөрөөр хэлбэл, 1990-2012 онд Монгол Улсын нийт гадаад өр таван тэрбум ам.доллар байсан бол шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойшхи хоёр жилийн хугацаанд бараг дөрөв дахин их өр тавьж, "Чингис”, "Самурай” бондын мөнгийг тооцоогүйгээр зарцуулж, эдийн засгийг түүхэнд байгаагүйгээр унагасан зэрэг алдааг Төв банкны ерөнхийлөгч болоод бусдад тохох өөдгүй санааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг олжээ. Гэвч үнэндээ түүний хувьд байдал тун хүнд байгаа. Энэ суудал дээрээ удаан тэсэх үлдэх боломж үгүй гэхэд ч болно. Намынх нь гишүүд хүртэл "Бид Ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан УИХ-ын даргатай, Ардчилсан Ерөнхий сайдтай боллоо” хэмээн бахархаж явсан сайхан цаг эцэс боллоо. Одоо бие бие рүүгээ чулуу нүүлгээд сууж байгаа ардчилагчдыг л харж байна. Бид хаашаа яваад байгаа юм бэ” хэмээн түүнээс хариулт нэхэж, төрийн гурван өдөрлөгт мэдэгдэл хүргүүлээд байгаа билээ.
Энэ мөн л Н.Алтанхуягаас болон "Алтангадас” фракциас АН-ыг аврах аян өрнүүлсэн гэсэн үг юм. Тэгвэл өнгөрсөн цаг хугацааг эргэн санавал Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон томилгоо нь "Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хөсөрдүүлсэн явдал болсон” хэмээн иргэн Д.Ламжав үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандаж байв. Гэтэл хуралдаан болохоос нэг өдрийн өмнө буюу 2013 оны гуравдугаар сарын 19-ний өдөр "Захирамж хүчингүй болгосонд тооцсон тухай” 46 дугаар захирамж гаргаж байв.
Тэгвэл үүний дараа буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 24- ны өдөр "Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендерт түүний хүргэн Г.Дэнзэнгийн "Говь повер” компани шалгарч, 17 тэрбум төгрөг хууль бусаар завшсан үйлдэл нь ил болсон билээ. Энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэнээрээ туг тахиж, ажлаас халагдах өргөдөл өгүүлсэн гэдгийг хүн бүр мэддэг. Энэ нь ч олон хүний бухимдлыг төрүүлсэн. Энэ үед хамгийн ихээр бухимдсан царай гаргаж байсан. УИХ дахь Бие даагчдын зөвлөлийг тэрбээр аль эрт халаасандаа хийгээд амжсан. Бие даагчдын энэ увайгүй үйлдэл УИХ-ын гишүүн асан З.Алтай нэгэнтээ "Бие даагчид надаар дуусч, би түүх болон үлдэнэ” гэж хэлсэн бодлогогүй үгийг улам амь оруулсан мэт санагдана. Учир нь Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны даргаар дахин сонгогдсон бол Х.Болорчулуун Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга, С.Ганбаатар Бие даагчдын зөвлөл гэж байгуулаад өөрөө даргаар нь сонгогдчихсон. Энэ бол ил албан тушаал.
Үүний
цаана хуулийн төсөл наймаалцахаас эхлээд ИНЕГ, "Эрдэнэт”, Монгол
Оросын хамтарсан "Монголросцветмет” нэгдлийн удирдах албан
тушаалуудыг бие даагчдын гэр бүлд бэлэглэсэн тухай ч яриа бий. Ийнхүү
АН-ын удирдлагууд эрх мэдлээ хадгалахын тулд олон яам шинээр байгуулж,
олон зуун шинэ албан тушаал бий болгож, төр, засагт олон мянган хүн
нэмж авснаар төрийн зардлыг улам нэмэгдүүлсэн. Энэ байдал нь улс
орныг өрөнд оруулж, төгрөгийн ханшийг унагааж, инфляцийг өсгөсөн
гэдгийг ч олон улсын байгууллагаас тогтоосон. Харин энэ бүх бурууг
хамгийн сүүлд тэрбээр бусад руу чихэхийг санаархаж өшөөгөө авч байна.
Түүний өшөө авалт цаашаа ч үргэлжлэх биз. Гэвч бүхэн Н.Алтанхуягийн
амиа хамгаалах гэсэн эцсийн арга билээ.
Д.Ганбаатар
Сэтгэгдэл байхгүй байна.