Төрийн тэргүүнд боловсрол чухал уу?
Энэ талаар манайхан ойрын үед ихээхэн сэдэв болгон бичиж, телевизийн нэвтрүүлгүүд ч энэ талаар асуудал хөндөж байна. Тэгэхээс ч аргагүй юм. Яах ч аргагүй олон нийтийн сонирхож байгаа сэдэв болчихлоо. Саяхан телевизийн нэгэн нэвтрүүлгээр энгийн иргэдээс "Ерөнхийлөгчийн боловсрол яагаад чухал вэ” гэхэд дуу нэгтэй "Улс орноо гадны улс орнуудад төлөөлнө. Хууль эрх зүй, эдийн засгийн боловсролтой байх чухал” гэж хариулж байна. Улс төрийн лидерүүдийн боловсрол өндөр байх хэр чухал талаар дэлхий нийтээр эртнээс ярьж бичсээр ирсэн юм билээ.
Бүр Плато, Аристотель нар хүртэл энэ талаар хөндөж бичиж байжээ. Улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн боловсрол тухайн шийдвэрт шууд нөлөөлдөг, харин тэр шийдвэр нь ард иргэдийн амьдралд нөлөөлдөг учраас чухлаас чухал гэж эртний гүн ухаантнууд хэлж байжээ. Зөвхөн тэд гэлтгүй тэднээс хойших эрдэмтэн мэргэд ч энэ талаар бичсээр иржээ. Бас дэлхийн улс гүрнүүдийн удирдагчдын боловсролын түвшин ямар явж ирснийг 1950 оноос хойш гаргачихсан судалгаанууд ч байна. Ерөнхийдөө бүс нутагтаа нэр нөлөөтэй, анхаарал татсан улс орнуудыг судалсан байдаг уг судалгаанд манайх багтаагүй юм билээ. Хэрэв багтдаг байсан бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль судалгаанд нь сөргөөр нөлөөлөхүйц нэр дэвшигчидтэй байгаа билээ.
Уг судалгаанаас харахад Канад, Франц боловсрол өндөртэй улс төрийн лидерүүдүүдтэй гэдэг нь харагдана. Харин Ерөнхийлөгч нар нь ямагт өндөр боловсролтой байсан гэдгээрээ Швейцарь тэргүүлж, Бельги удаалж байх жишээтэй. Угаасаа Францын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшиж байгаа бүх хүмүүсээсээ сонгуулийн өмнө байгалийн шинжлэх ухаанаар буюу тоо, физик, астрономи, генетик, анагаах ухааны шалгалт авахыг хуульчилж өгсөн байдаг. Шинжлэх ухааны ерөнхий мэдлэг, одоо цагийн ололт өөрчлөлт нь юу байгааг мэдэх ёстой гэж тэд үзэж байна. Харин манайх одоо ямар мэдлэгтэй байх нь гэхээсээ үзэх цагтаа үзэж, сурах цагтаа сураад дүүргэсэн диплом, төгссөн сургууль байна уу гэж нэхээд нэхээд шаардлага хангах нь ховор байна даа.
Ерөнхийлөгч нарынхаа Боловсролын түвшингээр АНУ бас дээгүүрт ордог. Тэдний 44 Ерөнхийлөгчийн 33 нь коллеж болон их сургууль төгссөн байжээ. Үүнд хоёр зуу гаруй жилийн өмнөх түүх ч хамаарч байгаа хэрэг л дээ. Саяхан суудлаасаа буусан Ерөнхийлөгч Барак Обама гэхэд хоёр ч коллеж төгсч бас Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн байдаг. Залуу Ерөнхийлөгч гэж түүхэнд алдаршсан Жон Кенниди гэхэд "Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын түвшин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүй хойч үедээ чухал хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улс орныг залагч хүмүүс өөрсдөө боловсрол өндөртэй байх ёстой” гэж хэлсэн байдаг. 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон гэхэд Жорж Тауны их сургуулийг гадаад харилцааны мэргэжилтнээр дүүргээд Английн Оксфордын их сургуульд улс төр, филисофи, эдийн засгаар суралцсан байдаг. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гэхэд Сэйкэйгийн их сургуульд улс төрийн ухаанд суралцаж төгсөөд АНУ-ын Өмнөд Калифорниагийн их сургуульд улс төрийн чиглэлээр суралцаж байв.
2013-2015 онд Австралийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Аббот гэхэд Сиднейн их сургуулийг эдийн засаг, хуулийн чиглэлээр тус тус бакалврын зэрэгтэй төгссөн ч Английн Хатан хааны сургуульд улс төр, филисофи, эдийн засгаар бакалавр, улмаар магистрын зэрэг хүртсэн байх жишээтэй. Загасчны нэгэн суурингаас дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд 50 жилийн дотор гарч ирсэн Сингапурын нууц бол боловсролтой холбоотой. Үүний чухлыг мэдсэн, өөрөө бас боловсрол өндөр Ли Куан Ерөнхийлөгч (Нутгийнхаа Раффлс коллежийг төгсөөд Английн Кембрижийг эдийн засгийн чиглэлээр дүүргэсэн) залуучуудаа гадаадад сургаж, газрын баялаггүй улс орноо мэдлэгэд суурилсан баялагаар босгож ирсэн. Ерөнхийлөгчийн албан тушаал ямар ч улс оронд хамгийн хариуцлагатай алба байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч гэхэд л гадаад улс орнуудад Монгол Улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлдөг, тэргүүн дипломатчийн үүргийг гүйцэтгэдэг. Мөн УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй, Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, орогнох эрхийг олгох эрхтэй, Монгол Улсын нийт дэвсгэр буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх, захирамж өгөх эрхтэй, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байдаг. Мөн хууль санаачлан батлуулах, УИХ-аас гаргасан хуулинд хориг тавих эрх мэдэлтэй. Тэгэхээр яах ч арга байхгүй боловсролын асуудал энд яригдахаас аргагүй. Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн боловсролын түвшин ямар байна, манай нэр дэвшигчдийнх ямар байна. Бодохоос аргагүй л санагдаж байна.
Х.Тэргэл
Сэтгэгдэл байхгүй байна.