Би дээд боловсрол эзэмшихээ болилоо
Азтай аавын хүү, ээжийн охин нь цэцэрлэгт хүмүүжих эрх сугалж, эцэг, эхийгээ башийлгадаг болсон монголд бага ангийн хүүхдээ нааш цааш нь зөөж, баахан түвэг, чирэгдэлтэйгээр сургах хэрэг байгаа ч юм уу, бүү мэд. Бүрэн дунд боловсрол эзэмшүүлээд орхиё гэж бодох боллоо, бүр. Гадаадад үгүй юм гэхэд дотоодод дээд боловсрол эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг минь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэдэн нөхөр үгүй хийчихлээ. Нийгмийн сүлжээгээр "МАН-ы нэр дэвшигч дипломтой, АН-ынх дипломгүй, МАХН-ынх хуурамч дипломтой” хэмээн хошигнож буйд бухимдаж байна. Тоогоор илэрхийлбэл, монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь дээд боловсролгүй байна. Би ерөөсөө дээд боловсрол эзэмшихээ болилоо.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга дунд боловсролтой зураач, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар дээд боловсролын дипломгүй гэгддэг нь аль хэдийнэ олонд ил болсон зүйл. Гэвч АН-ынхан Монголын урдаа барьдаг эдийн засагч, доктор Р.Амаржаргалыг бус, дунд боловсролтой Х.Баттулгыг, МАХН-ынхан хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, академич С.Нарангэрэлийг бус, замын дундаас зориуд "наалдсан”, дээд боловсролын дипломгүй С.Ганбаатарыг илүүд үзэж, итгэл хүлээлгэсэнтэй эвлэрэхэд хэцүү байна. Гэвч үүгээр аль аль намынх нь жирийн гишүүдийг буруутгах гэсэнгүй. Улс төрийн намын шийдвэр гаргах дээд байгууллага нь гишүүдийнхээ олонхын саналаар ийн шийдвэрлэсэн гэж байгаа ч заримыг нь хүлээлтээс гадуур нэр дэвшигч, хуйвалдааны замаар гарч ирсэн гэж элдвээр шүүмжилж буйг бас үгүйсгэх аргагүй.
Нөгөө талаас боловсролыг гагцхүү дипломтой, эсэхээр үнэлэх нь өрөөсгөл байж болох ч сайн ч, муу ч номын дуу сонсох нь ямар ч тохиолдолд давуу тал болно. Аливаа улсын нийгмийн салбаруудаас хамгийн их хөрөнгө оруулалт шаарддаг нь боловсрол байдаг. Бүх шатны боловсролын салбарт харамгүй хөрөнгө оруулах нь хэтдээ улс орны хөгжлийн суурь, хөдөлгөгч хүч болдог учраас тэр. Улмаар ард иргэдийнх нь боловсролын түвшингээр улс орны хөгжлийг эрэмбэлдэг. Тиймдээ ч жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр боловсролын асуудал эрхэлсэн сайдын төсвийн багц хамгийн өндөр дүнтэй гарч, заримдаа хардуулах нь ч бий. Харин нэгэн үе бүх нийтээр бичиг үсэг тайлагдсанаа НҮБ-ын индэр дээрээс цуурайтуулж асан манай улсын төрийн тэргүүний суудлын төлөө дипломын боловсролгүй нөхөд өрсөлдөж байгаа нь чухам юу гэсэн үг вэ? Ажилгүйчүүдийн эгнээг их сургууль төгссөн, дипломтой залуучууд тэлж байна гэж шүүмжилсээр атал хотоо харлуулахаас наагуур шахам, хэдэн малаараа төлбөр хийн, хүү, охиноо сургуульд үдэж буй малчид дээд боловсрол эзэмшээгүй, үр хүүхдийнх нь энд хүрэхгүй хүмүүс ерөнхийлөгчид нэр дэвшсэнийг хараад юу бодож суугаа бол.
Өнөөдөр монголын их, дээд сургуульд 157 мянган оюутан жилд хамгийн багадаа сая төгрөгийн төлбөр төлөн, суралцаж байна. Мөнгө нь илүүдсэндээ бус, ирээдүй хойчдоо боловсрол эзэмшүүлэхийн тулд хоногийн хоолоо хугаслан байж үр хүүхдээ сургуульд үдсэн эцэг, эх манай нийгэмд дэндүү олон.
Сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд махнаас нэр дэвшигчийг бүртгэснээ албан ёсоор зарлахтай хамт "монгол төрийн босго ийм намхан болсон юм уу” гэж эрхгүй бодоход хүрлээ. Эсвэл иргэд, сонгогч биднийгээ ингэж дорд үзэх хэрэг юун гэж бухимдах. Монголчууд "номыг нь сурахгүй ч номхоныг нь сур” гэж хэлэлцсээр ирсэн. Боловсролоороо гологдож байгаа нэр дэвшигчдийн нэр цэвэр, эсэх талаар ч элдэв мэдээлэл хөвөрч буй.
Б.Оргил
Сэтгэгдэл байхгүй байна.