Алт байхгүй боллоо гээд гамшиг болохгүй, харин усгүйгээр амьдрал үргэлжлэхгүй
Хүн байгалийн амьтан, ургамал гэж ярьдаг. Хүн агаар усгүйгээр амьдарч чадахгүй ч гэж үздэг. Учир нь хүний биений 70 орчим хувь нь уснаас бүтдэг бөгөөд усгүйгээр хоёр хоноход л амь тавьж, амьсгал хураана гэж ярьдаг. Тиймээс усгүйгээр хүн төрөлхтөн аж төрж амьдрах ямар ч боломжгүй. Өнөөдөр ус, эрчим хүчгүй боллоо гэхэд дэлхийн хүн төрөлхтөн сүйрсэнд тооцно.
Ус чандмань эрдэнэ, уухдаа ч хэрэглээндээ хэрэглэхдээ ч бид эрт үеэс эдүгээ хүртэл хайрлан хамгаалж, шүтэж, шүншиглэж ирсэн ард түмэн. Учир нь ус амьтай, бас ууртай гэж ярьдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд усны хэрэглээ нэмэгдэж, уул уурхайг дагасан усны хэрэглээ хэмжээнээсээ хэтэрсэн гэж хэлж болно.
Тодруулбал, хүний буруутай, аригч гамгүй үйлдлээс болж гол мөрөн, булаг шанд, горхи ширгэж устсан. Тодруулбал, Монгол орны зүүн хэсгээрээ бүр ширгэжээ. Хамгийн наад захын жишээ гэхэд Сүхбаатар аймагт Ганга нуур ямархуу байдалтай ширгэснийг хүн бүр мэдэж байгаа. Гол горхи дахин урсаж ундрахгүйгээр бүр ширгэсэн. Одоо говьд усны төлөөх дайн дэгдэхэд ойрхон болсныг Сав газрын захиргааны газраас мэдэгдсэн удаатай. Тус газраас тун удахгүй 2025 оноос усны хомсдолд орно гэсэн дүгнэлтийг гаргасан .
2030 он гэхэд усны хэрэглээ нөөцөөс хэтрэх учраас зөв зохистой, өөрөөр хэлбэл гамтай ашиглахын тулд шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй болчихоод байгаа юм. Байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдаж, энэ асуудал хурцаар хөндөгдөж, хүн төрөлхтөний амь амьдрал, агаар усанд сөргөөр нөлөөлж эхэлсэн энэ үед мөхлөө гэхэд сэхэж чадах уу гэдэг асуудал яригдах хэмжээнд хүрчихээд байна.
Уул ус, ургамал амьтангаар баян байсан амьдрал өнөөдөр элсэн цөлд уух усгүй, идэх ургамалгүй болж "амь тавина” гээд төсөөлөөд бодоход ирээдүй эмгэнэлтэйгээр харагдаж байгаа биз. Сүүлийн үед хайгуулын лицензийг одоогийнхоос 30-40 хувиар нэмнэ гэх мэдээлэл чих дэлсэх болов. Тэдгээр нь удахгүй ашиглалтынх болж, уурхайн тоо улам нэмэгдэх нь тодорхой. Байгаль орчин талаасаа энэ зүй зохистой алхам биш гэдгийг учир мэдэх усны инженерүүд шүүмжилж эхэлсэн байна.
Өнөөдөр ус дагасан амьдрал өрнөж үргэлжилж байгаа нь үнэн. Усгүйгээр хүн амьдарч чадахуу, хэр удаан оршин тогнох уу?
... Мэдээж улс орон уул уурхай, газрын баялагаа дагаж хөгжиж хөлждөг жишиг бий. Үүнийг хөгжүүлэхийн тулд ус зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм. Гэхдээ усаа хамгаалах, нөөцийг нь хайрлах тал дээр гамтай, найртай ханддаг байх хэрэгтэй. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хамгийн түрүүнд ус хэрэгтэй болдог.
Нэг жишээ татахад, 100 жилийн өмнө Австралийн Калагури цөлд алтны томоохон орд илэрсэн юм билээ. Өчнөөн хүн цөлийг зорьж алтны төлөөх дайн болж байсан ч сүүлдээ усны хомсдол нүүрлэж, усны төлөө нэгнийхээ аминд хүрсэн гашуун түүх бий. Үүний адил манай говьд алт, нүүрс, зэс, төмрийн биш усны төлөөх дайн дэгдэхэд ойрхон болжээ. Ер нь байгалийн баялаг говьд их байдгийг мэргэжилтнүүд судалж шинжилж тогтоосон байдаг аж. Баянхонгор аймгийн урд хэсэг, Өмнөговь аймгийн төв хэсэг гээд алтны нөөц арвинтай. Тиймээс өнөөдөр нинжа нар цугларч, томоохон компаниуд үйл ажиллагаа явуулсаар байна.
Усны сав газрын дарга Д.Чандманийн ярьснаар "Говийн гурван том сав газар байдаг. Алтайн өвөр говиос гадна Галба өөш, Долоодын сав газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газар гэж бий. Асар их нөөц баялагтай энэ гурван газарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд газрын гүнээс усаа авдаг. Хамгийн багаар бодоход 10 мянга, цаашлаад 30 мянга, нэг сая жилийн дараа нөхөгддөг гүний ус алт, зэстэй адилхан байгалийн баялаг мөн. Хамгийн гол нь байгалийн баялаг шавхдана.
Алт байхгүй боллоо гээд аймшигтай гамшиг болохгүй. Харин усгүйгээр энэ амьдрал үргэлжлэхгүй учраас онцгой анхаарах хэрэгтэй болчихоод байна. Усаа хайрлая, хэмнэе гэсэн уриа хүн бүрт хамаатай шүү” гэж ярьсан удаатай. Тиймээ, байгалийн баялагийг авлаа гээд бид алт, зэсээ ус болгож хэрэглэж чадахгүйгээс хойш ундрага үгүй болтлоо уусч дуусах гүний болон цэнгэг цэвэр усаа л хэмнэе. Ирээдүйдээ устай, ургамалтай эх орон үлдээхийн төлөө өнөөдрөөс л анхаарах нь зүйтэй болов уу. Түүнээс гадна манай Засгийн газрын алдаатай нэг бодлого яваад байгаа нь анзаарагддаг.
Байгалийн баялагийг ашиглах асуудлыг 1 дүгээрт тавьсан хэрнээ усны нөөцийг хамгаалах талаар огт ярихгүй байгаа юм. Гэтэл "усны” гэх тодотголтой томоохон судлаачид "Усгүй бол амьдрал үргэлжлэхгүй шүү” гэж улиг болтлоо ярьж, хэлж мэтгэлзэж, зөвлөлдөж ирсэн. Гэвч үүнийг нь шийдвэр гаргагчид нь тоодоггүй, сонсдоггүй. Тэд зөвхөн мөнгө л авч байвал болоо гэж боддог бололтой.
Монгол Улс эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх үүднээс алт эрдэнэсээ гадагш экспортлох бодлого барьж байгаа нь буруу биш ч яваандаа усны нөөц шавхагдана гэдгийг анхаарахгүй байгаа нь харамсалтай юм. Ус үгүй боллоо гэхэд ард иргэд, мал сүрэг, амьтан адгуус харангадаж үхнэ, ургамал үгүй болж, усны төлөөх дайн үүснэ гэдгийг л дахин онцолъя. Ийм буруутай үйлдэл бол эргээд байгаль, хүн төрөлхтөний эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг мөн юм.
Байгалийн баланс гэж бий. Хэрвээ ус ховордвол ургамал устана, ургамалгүй бол ховор амьтад үгүй болно. Тэр амьтад өнөөдөр ухаж байгаа алт, нүүрсээс ч илүү үнэт баялаг юм шүү. Уул уурхайн үйл ажиллагаа өргөжин төлж буйтай холбоотойгоор гүний усны нөөц багасаж, цаашлаад шавхагдаж мэдэхээр байгаад говийн иргэд болон малчид маш их эмзэглэж байна. Тэгэхээр гүний болон гадаргын усны нөөцийг дээд зэргээр хэмнэх шаардлагатай байна. Одоо бол маш үрэлгэн цацаж байна. Зөвхөн уул уурхай төдийгүй ахуйн хэрэглээ, мал аж ахуй, газар тариалан, хувь хүн ч цэнгэг усандаа үрэлгэн хандаж байгаа нь үнэн.
Усны хомсдолоос урьдчилан сэргийлэх хамгийн эхний бөгөөд чухал алхам бол усаа дахин ашиглах гэж амтай хүн бүхэн ярьдаг ч ачир дээрээ хэрэгжүүлж байгаа нь хэр олон бол. Усаа яаж хэмнэх, хамгаалах вэ гэхээр бохирдуулсан буюу саарал усаа дахин ашигладаг болох, уурхайд ашиглаж байгаа усыг 100 хувь эргэлтэд оруулах, мөн далан, ус хуримтлуулах сан, усан цахилгаан станц байгуулах шаардлагатай. Монгол орны газар нутаг өндөрлөг учраас бараг бүх гол гадагшаа урсгалтай. Хурын усыг хуримтлуулаад нуур хийх ч боломж бололцоо нь бий. Уул уурхайн томоохон гэлтгүй жижиг компаниуд бүгд усаа дахин ашигладаг болчихвол асар их нөөц хэмнэнэ.
Нөгөө талаар усанд үрэлгэн хандаж, дэмий асгаж буй аж ахуй нэгжүүдтэй хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Ингэж байж усанд гамтай, хариуцлагатай аж ахуй нэгжүүд олон болно. Ус дуусахгүй, ууршихгүй юм шиг хандаж болохгүй ээ.
Та усгүйгээр 24 цаг байж чадах ч 2 хоног байж чадахгүй шүү. Тиймээс ус чандмань эрдэнээ хайрлая, эрээд сураад, дахин ухаад шавхаад олдохгүй гүний нөөц, гадаргын усаа хамгаалъя. Ус чандмань эрдэнэ, уухдаа амин эрдэнэ гэдгийг л сайтар анхаарч амьдрахыг хүсье ээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.