Зам тээврийн ослын улмаас 25 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ
Энэ сарын 29-нд буюу өчигдөр замын цагдаагийн албанд нийт 340 дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 25 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, унадаг дугуйтай холбоотой осол 1, онхолдсон 2, мөргөлдсөн 13 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна.
Тухайлбал, СХД-ийн нутаг Баянхошууны замд амины H.Dutro маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож H.Sonata-6, T.Pruis-20, Honda HRV, T.Mark2, T.Vitz зэрэг автомашинуудыг мөргөж жолооч, зорчигч нарын 6 хүн гэмтсэн. СБД-ийн нутаг Долоон буудлын замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь Zil-130, T.Prius-20, Daewoo BS-106 маркийн автомашинуудтай мөргөлдөж 3 хүн гэмтсэн хэргүүдийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.
Нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 22-оос эхлэн "Шөнийн эргүүл”-үүд үүрэг гүйцэтгэж, цагдаагийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд өдөр бүр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа аж.
Т.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна.