Хойноос ирж буй сайн мэдээ
Өчигдөр өнөөдөр ОХУ-ын Санкт Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ үеэр Монгол Улс болон ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бчигт гарын үсэг зуржээ. Үүнд:
-Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Олон нийтийн харилцаа холбооны яам хоорондын хэлэлцээр,
Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,
-Монгол Улсын Эрчим хүчний яам болон "Русэлпром” концерн хооронд Монголын эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай санамж бичиг,
-Дулааны IV цахилгаан станц ТӨХК болон Уралын турбины завод концерн хооронд хамтран ажиллах тухай санамж бичгийг тус, тус байгуулсан юм.
Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 90 мвт-аар нэмэгдүүлнэ
Дулааны IV цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа хангадаг ч турбинууд нь 30-аас дээш жил ашиглагдсанаас насжилт нь өндөр болж, шинэчлэх шаардлага тулгарчээ. Социализмын үед "босгосон” энэхүү бүтээн байгуулалтын технологиуд нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн байдаг аж.
Хоёр тал дээрх санамж бичгийг байгуулснаар Дулааны IV цахилгаан станцын найдвартай ажиллагааг хангах боломж бүрдэж, станцын ажиллах насыг 30 орчим жилээр уртасгаж, хүчин чадлыг нь 90 мвт-аар нэмэгдүүлэх юм.
ОХУ-аас 4 сая тун вакцин нийлүүлнэ
ОХУ манай улсын мал сүргийг эрүүжүүлэхэд зориулж буцалтгүй тусламж үзүүлнэ. Энэ хүрээнд ОХУ-аас 4 сая тун вакцин нийлүүлнэ. Хэлэлцээр байгуулагдсанаар вакцины ачилт шууд хийгдэж эхлэх аж. Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бэлтгэлийг ч хангасан юм байна.
Хоёр улс махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой үр дүн гаргаж ажиллахаар ярилцжээ. Монгол, Оросын бизнесмэнүүд хамтарсан махны үйлдвэр байгуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь ОХУ д худалдан авахад анхаарч ажиллах шийдэлд хүрсэн аж.
Мөн Монгол Улсын Засгийн газраас боловсруулж байгаа "Ноолуур” хөтөлбөр дээр хамтарч ажиллах саналыг Монгол Улсын Засгийн газраас тавьжээ.
ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Такачев Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа юм. Энэ үеэр тус салбарын хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэнэ гэж харж байна.
Сэтгүүлчдийг харилцан солилцоно
Монгол, Орос улсын хооронд Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулснаар хэвлэл мэдээллийн байгууллагууд радио, телевизийн сэтгүүлчдийг харилцан солилцох, Монголын сэтгүүлчдийг ОХУ-д сургах, баримтат кино хийх, түүнийгээ харилцан солилцоход хамтарч ажиллахаар болж байна.
Мөн ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжуулан БНХАУ -руу гарах том хэмжээний кабелийн сүлжээ татах судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.