Ж.Эрдэнэбатын Засгийн газрын “өвчтэй шүднүүд”-ийг сугалъя
Хуншгүй Б.Бат-Эрдэнэ
Өнгөрсөн гуравдугаар сарын 18 буюу эр цэргийн баяраар "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг гарч, гол дүр нь Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болсон. Мөн тэрбээр улстөрч бус сайн бөх байсан гэдэг утгаараа ард түмнээсээ жинхэнэ эр хүн гэсэн үнэлгээг авч чадсан. Зарим нь түүний туулж өнгөрүүлсэн амьдрал хийгээд өнөөдрийн өндөрлөгт хүрсэн зам мөрөөр нь бахархаж хүүхдүүддээ үлгэр дуйрайлал үзүүлэх хүн хэмээн магтаж байлаа. Гэвч хэдхэн хоногийн дараа Б.Бат-Эрдэнэ үнэхээр сайн хүн мөн үү гэсэн асуулт олны өмнө гарч ирсэн. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Тавантолгойд гарсан золгүй явдлаас болж найман цэрэг хүнд хөнгөн шархдаж, хоёр албан хаагч нас барсан нь энэ салбарт төдийгүй Монгол Улс даяар эмгэнэн гашуудах үйл явдал болсон. Мөн энэ хариуцлагагүй үйл явдлаас үүдэн Б.Бат-Эрдэнийг сайдын суудлаасаа буух байх гэсэн таамгийг зарим нь хэлж байлаа. Харамсалтай нь тэрбээр олны итгэсэн шиг байж чадаагүй. Эрдэнэт хүний амь эрсдчихээд байхад "Би энэ асуудалд хамаагүй. ЗХЖШ-д хамааралтай. Тэгээд ч хариуцлага алдсан ангийн даргыг ажлаас нь чөлөөлсөн” хэмээн хээв нэг хариулсан нь хэдхэн хоногийн өмнө "Монгол тулгатны 100 эрхэм”-ээр орж байсан Б.Бат-Эрдэнэ баг зүүсэн байсан уу гэж асуухад хүргэсэн. Мөн тэрбээр өнөөдрийг хүртэл асуудлаас бултсаар л байгаа нь энэ асуултыг улам лавшаруулж байна. Үнэндээ Б.Бат-Эрдэнэ намдаа бас улс төрд нэр хүнтэй эрхэм үү гэвэл үгүй. Ямартай л 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мань эрхэм МАН-аас нэр дэвшихдээ хандиваар цугларсан мөнгөнөөс халаасласан. Сонгуульд ч ажилласан хүмүүстээ хөлс мөнгийг нь өгөөгүй гэсэн таагүй хэл аманд өртөж бөгөөд зарим нь Б.Бат-Эрдэнийг жинхэнэ эр хүн гэтэл үгүй юм байна хэмээн бухимдаж байсан нь үнэн юм. Тиймээс ч түүнийг сайдын суудалд цаашлаад УИХ-ын танхимд ч ард түмнээ төлөөлөн орох эрхгүй гэж тодорхойлж болно.
Амьгүй албат Ц.Дашдорж
Энэ удаагийн Засгийн газарт амьгүй албатын үүрэг гүйцэтгэж бас нэг эрхэм нь Уул уурхайн сайд Ц.Дашдорж. Эрхэм сайдын хувьд УИХ-ын гишүүн байхдаа ч дуугардаггүй байсан. Иймдээ ч түүнийг олон нийт төдийгүй ангийн нөхөд нь хэлгүй гишүүдийн тоонд багтаадаг байлаа. Гэхдээ тэрбээр намынхаа бусад нөхдийг бодвол азтай. "Монгол тамхи Со” гэх компани хийгээд намын даргадаа багагүй хандив өгдөгийн ачаар зарим улстөрчийн мөрөөдөл болсон сайдын сэнтийд хэд хэдэн удаа залраад авсан. Тухайлбал, тэрбээр Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан бол энэ удаад Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайдын суудалд тухлачихаад байна. Хамгийн харамсалтай нь тэрбээр энэ суудалд сууснаасаа хойш "Би үүнийг хийчихлээ” гэж ард түмэндээ тайлагнах олигтой ажил хийгээгүй. Уул уурхайн салбар Монгол Улсын хөгжилд гол тулгуур салбар болох атал тэрбээр дарга нарынхаа утсан хүүхэлдэй нь болсоор нэг жилийн ойтойгоо нүүр тулах гэж байгаа нь үнэн.
Эх сурвалж: tonshuul.mn Ц.Анударь