Дөрвөн сайдыг томилох асуудлыг ярина
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимын 11 сайдыг УИХ-аас томилж, харин үлдсэн дөрвөн сайдын асуудлыг энэ долоо хоногт МАН-ынхан дахин хэлэлцэхээр болсон билээ. Сайдаар томилогдсон хүмүүс эхнээсээ албан ажлаа хүлээж авсан байгаа.
Харин үлдсэн дөрвөн сайдын асуудлыг нь яах нь бүрхэг хэвээрээ байгаа юм. Ямартаа ч дөрвөн сайдаар дутуу Засгаа бүрдүүлэхгүй тулд энэ долоо хоногтоо амжуулж томилох байх. Гэхдээ сайдуудыг томилох хуулийн хугацаа нь өнгөрсөн долоо хоногоор дуусгавар болсон байгаа юм. Уг нь дээрх дөрвөн сайдын нэрийг эргүүлэн татахгүйгээр Засгаа бүрдүүлэх боломж байсан ч ард түмний дургүйцэл дээрээс сайдын суудалд нэр дэвшсэн дөрвөн хүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учир татгалзсан хариу өгсөн.
Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа барилгын чиглэлээр олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн байна. Тиймээс эдгээр эрхмүүд сайд хийхэд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж АТГ-аас үзэж татгалзсан байна. Тиймээс АТГ-аас гаргасан дүгнэлтийг хүлээж авах хэрэгтэй гэж Ардын намын удирдлагууд ч санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн бололтой.
Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан. Тиймээс УИХ-аас томилогдсон 11 сайд аль хэдийн тамгаа хүлээн авч ажилдаа орсон бол Барилга хот байгуулалт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрүүл мэнд, Эрчим хүчний сайдуудын асуудлаас гадна дэд сайдуудын томилгоог энэ долоо хоногт эцэслэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.