Хүүхэд багачуудын баяр хөөр цалгиж, Монгол түмэн "Алтан охин"-доо хандив өргөсөн долоо хоног
Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд хүүхэд багачуудын дуу хуур, инээд хөөр цалгиж байна.
1. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг "Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн "Монгол хүүхдүүд” арга хэмжээг Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд зохион байгуулсан юм. Уг баярын арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцлоо.
Нийслэлийн хүүхэд багачууд, үлгэрийн баатруудын сүрт жагсаал төв талбайд жагсан орж ирснээр баярын арга хэмжээ эхэлсэн бөгөөд хүндэтгэлийн тоглолт, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон, ерөнхий боловсролын сургуулийн дугуйлангийн сурагчдын тоглолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын танилцуулга тоглолт зэрэг арга хэмжээ болсон байна. Энэ жил Монгол Улсын Засгийн газар "Хүүхдийн эрхийг хамгаалах хууль”-ийн баталж, хүүхдийн амьдрах, сурч хүмүүжих эрх зүйн орчныг бүрдүүлж чадсаныг Шадар сайд У.Хүрэлсүх онцоллоо.
2. Ерөнхий сайд ОХУ-ыг зорилоо
Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорилоо. Энэ чуулга уулзалтаар ОХУ, хөгжиж байгаа эдийн засаг, дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхойлдог.
Ерөнхий сайд чуулга уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Мөн Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцах бол ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн төсөв, санхүүгийн зах зээлийн Байнгын хорооны дарга, Новосибирск мужийн амбан захирагч, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Москва хотын дарга нар бараалхах юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно.
Талууд "Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай”, "Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай”, "Эрчим хүчний яам хооронд цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай” зэрэг баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
3. УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, 64.3 хувийн саналаар огцрууллаа.
Тавдугаар сарын 31-нд болсон УИХ-ын чуулганы үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэв. Түүнийг огцруулах болсон шалтгаан нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтыг тавдугаар сарын 25-ны өдөр орон даяар зохион байгуулсан. Гэвч шалгалтын битүүмжилсэн материалыг задруулсан учир тухайн шалгалтыг хүчингүйд тооцож, тавдугаар сарын 30-ны өдөр дахин зохион байгуулсан. Улсын шалгалтын материал урьдчилан задарсны улмаас дахин авсан анхны тохиолдол энэ болов.
Шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн системд байршуулан, зөвхөн нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, сургууль дээрээ улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулдаг байна. Математикийн хичээлийн шалгалтын материалыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж, сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж, олон нийтийн цахим хэрэгслээр тараасныг баримтаар нотолсон байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд эрх үүргийнхээ хүрээнд үүссэн асуудалд бодитоор хандаж, салбарын сайдад нь хариуцлага тооцон, албан тушаалаас нь огцруулах саналыг намынхаа бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм. Ингэснээр БСШУС-ын сайдыг огцруулах асуудалд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, олонхын саналаар сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
4. УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Лхагва гаригт хэлэлцлээ.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн "хос тэжээлт автомашин”, "шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин”, "цахилгаан тэжээлт автомашин”-д хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдсэн.
Онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх автомашинуудад хуулийн дагуу 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлттэй байгаа хос тэжээлт буюу "Приус” автомашины хэрэглэгч, борлуулагчийн нуруун дээр эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох, мөн түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслүүдийг боловсруулаад байгаа юм. Энэ хугацаанд татвараа төлсөн ААНэгжид татварыг нь буцаан олгохоор болжээ.
5. "Бурханы бэлэг" М.Анхцэцэгтээ Монголчууд сэтгэлийн бэлгээ харамгүй илгээлээ.
Хүндийг өргөлтийн залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэд туслах аян амжилттай үргэлжилсээр өндөрлөлөө. Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч Эх орноо орхиогүй энэхүү охины гэр бүлд харамсалтай явдал тохиож дүү нь өнгөрсөн оны есдүгээр сард сургууль дээрээ түлэгдсэн юм. Хэдийгээр монголдоо хагалгаанд орсон ч нөхөн сэргээх бүрэн эмчилгээ хийлгэж чадаагүйн улмаас БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардал болох 65 сая төгрөг шаардлагатай болсон. Яг энэ үеэр Өнөөдөр сонин "Аавын эзгүйд" реалити сурвалжилгаа тэдний гэр бүлээс хийсэн билээ. Өнөөдөр сонины сэтгүүлч Лувсангийн Ганчимэгийн бичсэн энэхүү сурвалжлага олон түмэнд хүрч, сэтгүүлч Д.Ганчимэг 3000 төгрөгний аяныг эхлүүлсэн юм.
Тавдугаар сарын 31 буюу хоёр долоо хоногийн хугацаанд энэхүү охины эмчилгээнд зориулагдах 65 сая төгрөг бүрэн цугларчээ. Энэхүү аян үргэлжлэх хугацаанд Хүндийг өргөлтийн залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг чухам ямархуу нэр хүндтэй, Эх орны алтан охин болохоо харуулсан билээ. 14 хоногт 65 саяыг цуглуулж чадсан нь Монгол түмэн хэнийг хайрлаж, хэнээр бахархдагаа тодоос тод харууллаа. Дасгалжуулагч Ц.Хосбаярын хэлсэнээр "Бурханы бэлэг" М.Анхцэцэгтээ сэтгэлийн бэлгээ харамгүй илгээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Зөвхөн мөнгө төгрөгөөр ч биш цахимаар шэйр хийж бусаддаа дамжуулах, урам нэмэх үг бичих нь хүртэл сэтгэлийн их ТУС байдаг. Хүнд бэлтгэлийн дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж хандивын аянаа үргэлжлүүлж байсан Анхаадаа, түүний найзууд, шигшээ багийнх нь хамт олонд бас халуун баяр хүргэх нь зүйтэй. Хамт олны хүч ийм л зүйл дээр илүү тод харагдаж байдаг. М.Анхцэцэгийн ээж өөрийн фэйсбүүк хуудсандаа "Удахгүй 15 нас хүрэх гэж буй охины минь эмчилгээнд халуун сэтгэлээр хандив өргөсөн монголчууддаа маш их баярлалаа. Та бүхнийхээ ачаар охин бид хоёр 6-р сарын 16-нд БНСУ-ыг зорьж, хагалгаандаа орохоор боллоо. "Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ" гэдэг сайхан монгол үг бий. Монгол түмнийхээ халуун сэтгэлийн өргөлөөр охиноо эрүүл болгож ирээд, ачийг тань чадах чинээгээрээ хариулахыг хичээх болно. Та бүхэн минь үр хүүхдүүдээ сайхан баярлуулаарай. Хорвоогийн хүүхэд бүхэн жаргалтай инээж байх болтугай.
Зэвсэгт хүчний дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн гэр бүлээс." хэмээжээ.
Дэд хурандаа Ч.Мөнхжанцан түүний гэргий бэлтгэл ахлагч Д.Мөнхчимэг нар нэгэн насны амьдралаа Эх орныхоо төлөө зориулж яваа хүмүүс. М.Анхцэцэг ч ялгаагүй "Алдар" спорт хороонд данстай тамирчин. Өргөсөн тангарагтаа үнэнч энэхүү гэр бүлийг Ард түмэн ивээлдээ авсан нь энэ ажгуу. Хүндийн өргөлтийн холбооны генсек Ч.Даваадоржийн өргөсөн хандиваар эхэлсэн энэ аянд нэгдсэн бүхий л хүмүүсдээ баярлалаа. Хандивын аяныг эрчийг нэмсэн бас нэгэн хүн бол яруу найрагч Р.Эмүжин. Түүний бичсэн нийтлэл олон хүнд хүрсэн билээ.
Монгол улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр, улсын харцага Нэгдэлийн Жаргалбаяр, МҮОХ-ны болон МХӨХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү, "Гаруда" клубын залуус, "Ланд круйзер" клубын хамт олон, Монголын Боксын холбоо, БХЯ-ны Удирдлагын хамт олон, яруу найрагч Р.Эмүжин, Америк дахь монголчуудын холбоо, Солонгос дахь монголчуудын холбоо, Индонез улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг, "Алдар" спорт хороо, "Монгол Ньюс" групп, Японы мэргэжлийн сүмогийн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, УДЭТ-ийн хамт олон, жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр тэргүүтэй жүжигчид, Монголын Жүдо бөхийн шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчид, Өвлийн залуучуудын олимпийн аварга Б.Сумъяа, Сагсан бөмбөгийн ОУХМ В. Төмөрбаатар, СУИС-ын багш Б.Урангоо, "ST design"-ы хамт олон Ц.Эрдэнэтулга, Рагбигийн холбоо, Хуурай замын усан цэргийн командлал, "Нова Терра” компани, "Монгол ванн" үйлдвэр, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, "Эм Жи Эйл Чайна экспишион” ХХК, "Наран фүүдс", "Мөнгөн завьяа"-гийн хамт олон, "Монгол ньюс” групп, Өмгөөллийн "Монгол элч консалтинг” ХХК, болон ард түмэндээ баярлалаа. Нэрс орхигдсон хүмүүс, байгууллага байвал гүнээ хүлцэл өчье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл байхгүй байна.