Б.ГАНЗОРИГИЙГ УЛСЫН НАЧИН ЦОЛТОЙГОО БАРИЛДАХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ
Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар тав давж Улсын начин цол хүртсэн Б.Ганзоригийн цолыг хураах, Улсын начин Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 03 тоот тогтоолоор гаргасан байдаг.
Учир нь Допингийн эсрэг үндэсний төвөөс дээрх хоёр бөхийг хориотой эмийн жагсаалтад багтах бодис хэрэглэж, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн хэмээн мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан гаргасан дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж Улсын начин Б.Ганзориг хуулийн байгууллагад хандсан байна.
Тэрбээр 2017 оны хоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс дээрх 03 тоот тогтоолыг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарчээ. Мөн дөрөвдүгээр сарын 13-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн нь эцсийн шийдвэр юм байна.
Өөрөөр хэлбэл, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны гаргасан шийдвэрийг Монгол Улсын шүүхээр эцэслэн шийдэх хүртэл Б.Ганзориг нь улсын начин цолтойгоо барилдах бүрэн боломжтой юм байна. Шүүх хуралдаан энэ сарын 12-ны өдөр товлогджээ.
Одоогоор "Б.Ганзоригийг Улсын начин цолтой нь барилдуулж болно” гэсэн албан бичгийг шүүхээс болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний Бөхийн холбоо руу хүргүүлсэн байна. Ямартаа ч уг асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл уран барилдаант начныхаа барилдааныг шимтэн сонирхох боломжтой болжээ.
Ж.ГАНАА