Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарын гомдлыг ирэх баасан гаригт хэлэлцэнэ
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимэгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутган хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Гэвч тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Дээд шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хурлын товыг гаргах ёстой байсан ч 14 хоногоор сунгасан байна. Учир нь хуулийн дагуу хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, 14 хоногоор сунгахэрхтэй байдаг. Энэ дагуу 14 хоногоор сунгажээ. Хуулийн хугацаа ирэх долоо хоногт дуусч байгаа тул хурлыг ирэх баасан гаригт товлосон байна.
Ингэснээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн ирэх баасан гаригт Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэхээр болжээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.5, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.11, 91.2.12-т зааснаар буруутган ялласан байдаг.
Б.Чимэг