Г.Чулуунбаатар: Нэн түрүүнд ажилтайгаа шуурхай танилцаж, үнэлгээ хийнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайдаар академич Г.Чулуунбаатарыг 94.2 хувийн саналаар томиллоо. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдаар томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Ингээд БСШУС-ын сайдаар томилогдсон Г.Чулуунбаатартай ярилцлаа.
-БСШУС-ын сайдаар томилогдсонд баяр хүргэе. Хамгийн түрүүнд ямар ажил хийх гэж байна вэ?
-УИХ-ын гишүүд маш тодорхой саналуудыг хэлж байна. Миний хариуцаж очиж байгаа салбар бол дөрвөн том салбар. Хүн амын оюуны хөтөч бодлогыг тодорхойлдог газар. Эхний хийх ажил бол энэ дөрвөн салбарынхаа тус бүр дээр нь холбогдох чиглэл бүрээр нь нөхцөл байдлыг үнэлгээг маш шуурхай хийж, цаашаа ямар алхам хийх вэ гэдгээ ойрын хугацаанд гаргана. Сүүлийн хэдэн жил боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны чиглэлд анхаарал суларсан. Тогтолцоо эвдэрсэн. Тийм учраас эхлээд энэ салбарын үйл ажиллагааг Монголынхоо онцлогт тохирсон, дэлхийн хөгжлийн хандлага чиглэлийг тусгаж чадсан байх ёстой. Гарааны ажил бол ажилтайгаа маш шуурхай танилцах, үнэлгээгээ богино хугацаанд хийх, хийх ажлаа тодорхойлохоос эхэлнэ.
-Өмнөх сайдыг огцруулахдаа шат шатанд нь арга хэмжээ аваарай гэж гишүүд шүүмжилж байсан. Энэ асуудалд хэрхэн яаж анхаарах вэ?
-Өмнөх сайдыг огцруулах асуудлаарх гишүүдийн саналыг сонсож байсан. Яаманд ажиллаж байгаа хүмүүстэй шат шатандаа хариуцлага тооцох ёстой гэдэгтэй ерөнхий бодлогын хувьд санал нэг байна. Гэхдээ аппарат бүхэлдээ болохоо байсан гэдэгт би итгэхгүй байна. Боловсролын салбар асуудалтай, доголдолтой байгаа гэдэг нь тодорхой байгаа нь гурван гол асуудлаас хамаарч байна. Нэгдүгээрт яамны аппарат бүтэц, тогтолцоо өөрөө зөв байна уу. Хоёрдугаарт тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын чадавх, мэдлэг, ёс суртахуун хангалттай түвшин байна уу. Гуравдугаарт энэ яам аппаратыг ажиллуулж буй хууль эрх зүйн тогтолцоо, орчин нь хэр зэрэг оновчтой байна вэ. Тийм учраас би яамныхаа хүмүүстэй уулзаж, хамгийн түрүүнд энэ гурван зүйлд анхаарлаа хандуулна. Тогтолцоо зөв бол түүнийг бужигнуулах хэрэггүй.
-Их дээд сургуулийн асуудалд ямар арга хэмжээ авах вэ. Чанарыг нь нэмэгдүүлж тоог нь багасгах хэрэгтэй гэж гишүүд ихээхэн шүүмжилж байна?
-Сургуулийн өмнөх боловсролоос дээд сургууль хүртэл нэг систем. Энэ нь аль нэг дээр нь очиж доголдоод бусдад нь зүгээр байна гэж байж болохгүй. Доголдол нэг цэг дээр гарсан бол бусад системдээ халдварлаад байдаг тал бий. Тиймээс системийг бүхэлд нь эрүүлжүүлэх боломжийг эхлээд хийнэ. Дээд сургуулийн тоо манай улсад санаа зовмоор олон болсон. 200 руу дөхөж явсаныг нь үе үеийн сайдууд, төр засгийн газраас боломжоор нь хумиж, нэгтгээд одоо 100 хэд рүү орсон байна. Гэхдээ 100 гэдэг ч өөрөө ихдэмээр тоо. Тэгэхээр нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэр хэрэгцээг хангаж чадах чадвартай боловсон хүчин бэлтгэх сургуулиуд шалгараад үлдэх ёстой. Тэр шалгуурыг бодлогоор дэмжих асуудлыг БСШУСЯ хийх ёстой. Түүнээс хувийн хэвшлийн их, дээд сургууль руу дураараа халдах асуудал мэдээж төвөгтэй. Хамгийн гол нь боловсролын стандарт, шаардлагыг хэр хангаж байгааг бодитой үнэлэх нь чухал. Шаардлагад нийцэхгүй байж үйл ажиллагаа явуулж, иргэдийн мэдэх эрх, эд мөнгөөр тоглож болохгүй. Ер нь манай дээд боловсролын ерөнхий агуулга нь сүүлийн жилүүдэд суларсан тал бий. Боловсролын тогтолцоо бүхэлдээ зөв чиглэл суурин дээр бий болчихвол наад зах нь 15 жил орчим хэрэгжих, хамаагүй хөдөлгөөд байж боломгүй тогтолцоо болдог. Тэр хөдөлгөж болохгүй, хөдөлгөх шаардлагагүй тогтолцооны хэлбэрт оруулах боломж хэр байгааг судалж, судалгаандаа тулгуурлаж цаашдын ажлаа хийнэ.
-Өмнөх сайдыг огцруулахад нөлөөлсөн тусгай сургуулиудын асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Тусгай сургуулиудын асуудал маш эмзэг байдаг. Хуулиараа БСШУСЯ-нд харьяалагдахаар болсон. Тэнд үүсч буй асуудлын талаар би хэвлэлээс уншсан мэдээлэлтэй байгаа. Ойрын үед тус сургуулиудын асуудлыг тусгайлан авч үзэн, өөрийн биеэр очиж үйл ажиллагаатай нь биечлэн танилцах болно. Тэгээд хуулийн хүрээнд, Засгийн газрын гишүүний эрх хэмжээний хүрээнд шийдэж болох асуудлаа шийдэж, УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлэх асуудлыг зохих журмаар нь шийдвэрлүүлээд явна.
Б.Чимэг