БСШУС-ын сайд ШУТИС-ийн эрдэмтэн багш нартай уулзат хийлээ
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь тус сургуулийн эрдэмтэн багш нартай уулзалт хийлээ. Уулзалтаар дээд боловсролын шинэчлэл, дээд боловсролын байгууллагын тогтолцоо, хөтөлбөрийн шинэчлэл, эрдэм шинжилгээ, судалгаа, багш, ажилтны нийгмийн асуудал, сургалтын төлбөр зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэв. БСШУС-ын сайд Ж.Батсуурь сайд их, дээд сургуулиудтай танилцах анхны уулзалтаа ШУТИС-иас эхлэн хийж буй аж. Салбарын сайд уулзалтын үеэрээ "Өнөөдөр манайд 101 их, дээд сургуулиудад 160 гаруй мянган оюутан залуус суралцаж байна. Миний хувьд 33 жилийн өмнө тухай үеийн Боловсролын сайдын коллегийн хурлаас томилолт өвөртлөн ШУТИС-д орж 10 гаруй жил багшилсан. Шинжлэх ухаан технологийн асар өндөр хурдацтай хөгжлийн үед инженер техникийн дээд боловсролтой мэргэжилтэн гаргахад манай эрдэмтэн багш нар авьяас чадвар хүч чадлаа дайчлан ажиллана гэдэгт огт эргэлзэхгүй байна” хэмээн онцоллоо Нээлтийн ёслолд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат "Энэ хичээлийн жилд 56 хөтөлбөрөөр 3500 орчим элсэгч, Япон улстай хамтарсан бэлтгэл хөтөлбөрт 160 гаруй оюутан суралцагч, мөн Ахлах сургууль, Коосен технологийн сургуульд 70 гаруй сурагч шинээр элсэн суралцаж байна. ШУТИС анх 1961 онд барилгын инженерийн диплом олгосон тэр цагаас хойш өнгөрсөн 55 жилийн хугацаанд улс орондоо 70 мянга орчим инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэн гаргаад байна. Өнөөдөр дэлхий дахинд инженерийн боловсролын эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ, ач холбогдол ихээхэн нэмэгдэж байна. Бид цахилгаан холбоо, геодези зэрэг мэргэжлүүдийг олон улсын ABET, ASIIN зэрэг байгууллагуудаар магадлан итгэмжлүүлэх, их сургуулийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын их сургуулийн ранкинг тогтоодог QS байгууллагаар үнэлүүлж их сургуулиа Азийн шилдэг их сургуулиудын нэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм” гэж сургуулийнхаа талаар дурьдав.
Сэтгэгдэл байхгүй байна.