Боловсролын салбараар битгий тоглооч Ж.Батсуурь сайд аа!
Монгол Улсын засгийн газрын 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон. Боловсролын тухай хуульд бид энэ салбарыг шинэчилж, сайжруулахаар үе үе нэмэлт, өөрчлөлтүүдийг хийдэг ч энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь боловсролын салбарт хөгжил, дэвшил авчрах бус харин ч ухралт боллоо гэдгийг боловсролын салбарынхан, их, дээд сургуулиудын төлөөлөл, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, их, дээд сургуулиудын Үйлдвэрчний эвлэлийн хороодын зөвлөл мэдэгдэж байна. Хуралд, МБШУ-ны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг, ХААИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Я.Эрдэнэсүрэн, МУИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн хороон дарга Ч.Чойсамба, УБИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн хороон дарга Ц.Отгонжаргал, ШУТИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн хороон дарга доктор, профессор С.Дэлгэрмаа, МБШУ-ны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны гадаад харилцаа, их, дээд сургууль хариуцсан мэргэжилтэн Г.Цэцэгмаа, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга доктор, профессор С.Батсүрэн нар оролцсон юм. Тэдний олонх нь дээд боловсролын байгууллагуудыг улс төрөөс ангид, бие даасан байдлаар хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Мөн хуралд оролцогчид "Өнгөрсөн долдугаар сараас хойш их, дээд сургуулийн захирал нь солигдоно гэсэн хүлээлт үүсчихээд ажил урагшлахгүй байна. Захиралд нэр дэвших хүсэлтэй 600 гаруй хүний жагсаалт үүсчихээд байна. Талцсан, тэмцэлдсэн, өөр хоорондоо өрсөлдсөн хүмүүс олон байна” гэдгийг их, дээд сургуулийн төлөөллүүд хэлж байна. Энэ тухай албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.
Боловсролын салбарыг улс төртэй хутгахаа болиоч ээ
Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг:
-Хамгийн сүүлд бид 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн өмчийн их сургуулиудыг улс төрөөс хараат бус болгох бодлогыг баримталсан. Өөрөөр хэлбэл, Засгийн эрх барьж байгаа нам, улс төрийнхөн төрийн өмчийн их сургуулиуд руу "бялуу хуваах” сэтгэлгээгээр ханддаг байсныг өөрчилж, дээд боловсролын байгууллагыг засаглалын зөв хэлбэрт оруулах гэж хичээсэн. Бүр тодруулбал, төрийн өмчийн их сургуулиудын захирлыг сайд томилдог байсныг болиулж, Удирдах зөвлөл нь томилдог. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, сайд нарыг оруулахгүй байхаар зохицуулж өгсөн. Дээд боловсролын байгууллага бол Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйлсийн нэг. Тиймдээ ч энэ нь их сургуулиудын засаглал, түүний тогтвортой байдал, бодлогын залгамж халааг бодолцож хийсэн хуулийн зохицуулалт байсан. Өмнө нь их сургуулийн захирлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд томилдог байсан тогтолцоо нь их сургуулийн засаглалыг шууд улс төртэй холбодог байсан. Ингэснээр их сургуулийн захирлын томилгоо нь тухайн сургууль, эрдэмтэн судлаачид, багш нарын дунд албан тушаалын төлөөх "дайн” зарладаг, хамт олныг талцуулан тэмцэлдүүлэхэд хүргэдэг, санал авахын тулд "хор найруулдаг” захирлын сонгон шалгаруулалтад ялахын тулд улс төрийн нам, хүчин, албан тушаалтны дэмжлэг хайдаг, боловсролын салбарыг жинхэнэ улс төртэй хутгадаг байсан. Тиймээс салбарын сайд захирлыг томилохоо больж, Удирдах зөвлөл нь томилдог тогтолцоог бүрдүүлсэн байсан. Дээрх хууль тогтоомжид тусгагдсан заалтууд нь боловсролын байгууллагын тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн, цаашилбал боловсролын байгууллагуудыг улс төрөөс ангид байлгах зөв тогтолцоо байсан. Гэтэл Ж.Батсуурь сайдын өргөн барьсан энэ хуулийн төслөөр энэ бүх зохицуулалт үгүй болж, дээд боловсролын байгууллага буцаад улс төрийн тоглоомд хутгалдаж, их сургуулиуд эргээд улстөржсөн, талцсан, тэмцэлдсэн засаглалын хувьд эрүүл бус тогтолцоотой болж байна. Тиймээс БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хандан хэлэхэд боловсролын салбарыг улс төртэй хутгахаа болиоч ээ. Мэргэжлийн нэртэй эрх баригчид, Засгийн газар, БШУСС-ын яам асуудлыг бодлогын түвшинд хэлэлцүүлэхгүй, холбогдох байгууллагуудын санал бодлыг үл харгалзан өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хууль тогтоомжийн заалтуудыг дордуулж боловсролын салбарт ухралт хийж, боловсролын хөгжилд ноцтой саад тотгор учруулах гэж байгааг эсэргүүцэж байна.
Намын эрх ашгаас илүү дээд боловсролын хөгжлийг харж, хуулиар оролдох хэрэгтэй
ХААИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Я.Эрдэнэсүрэн:
-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний 18-д Төрийн өмчит их, дээд сургууль, коллежийг хувьчлахгүй. Дээд боловсролын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, төрийн их, дээд суургуулийн бие даасан байдлыг нь хангах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам өмнөх болон МБШУ-ны ҮЭ-ийн холбооны 2016-2017 онд хэрэгжүүлэх Хамтын хэлэлцээрийн 1.8 Төрийн өмчийн их, дээд сургууль.коллежийн бие даасан байдлыг хангах чиглэлээр ажиллана. 1.9 Төрийн өмчийн их, дээд сургуулиудын багш нарын статусыг тодорхойлох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох талаар Үйлдвэрчний эвлэлийн санал санаачлагыг дэмжин ажиллана.Түүнчлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн өмчийн их сургуулиудын захирлыг сайд биш удирдах зөвлөл нь томилдог байхаар зохицуулсан байсан. Төрийн өмчийн их сургуулиудын захирлыг сайд томилж захирлууд сайдтай гэрээ байгуулдаг байхад удирдах зөвлөл захиралтай хариуцлага тооцох ямар ч боломжгүй байсан. Иймээс захирлыг сайд биш удирдах зөвлөл нь томилдог байхаар зохицуулсан байсан. Удирдах зөвлөл нь тухайн байгууллагынхаа хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлж төсвөө баталдаг дээд байгууллага юм. Боловсролын тухай хуулийн 2002 оны нэмэлт өөрчлөлтөөр боловсролын асуудал эрхэлсэн сайдад их сургуулийн захирлыг томилох эрх мэдлийг шилжүүлсэн нь Удирдах зөвлөлийг үндсэн утгаар нь үгүй хийсэн төдийгүй их сургуулийн удирдлага улс төрөөс шууд хараат болж байсан. Тиймээс намын эрх ашгаас илүү дээд боловсрол шинжлэх ухааны урт хугацааны хөгжлийг харсан хуулийн төслийг боловсруулах хэрэгтэй гэдгийг энд онцолмоор байна.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл байхгүй байна.