Ипотекийн 8 хувийн зээл санхүүжилгүйн улмаас саарчээ

12

Ипотекийн 8 хувийн зээл санхүүжилгүйн улмаас саарчээ

 Монгол Улс залуу гэр бүлээ орон сууцаар хангах, амьдрах орчинг нь сайжруулах төрөөс барьж буй хамгийн том бодлого бол Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр 2012 оноос амжилттай хэрэгжиж ирсэн ч өнгөрсөн жилээс санхүүжилтгүй улмаас хөтөлбөр хэрэгжих боломж нь хомс болсон байна. Монголбанкнаас 2017 оныг дуустал ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөр санхүүжүүлж эхэлсэн. Гэвч энэ нь хөтөлбөрийн санхүүжилтэд хүрэлцэхгүй байгаа ажээ. Хөтөлбөр хэвийн үргэлжлэхэд сар бүр 60 тэрбум төгрөг шаардлагатай юм. Харин одоо 25 - 35 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байгаа аж. Энэ нь зээл хүсэгчдэд хүрэлцэхгүй, зээлийн хөтөлбөр хэрэгжихэд хүндрэл үүссэн байна. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг 2018 онд Засгийн газарт шилжүүлж улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх шийдвэр гаргасан. 

Ипотекийн 8 хувийн зээлийн хэрэгжилтийн талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаагаас Ипотекийн зээл хэрхэн олгогдож байгаа талаар тодрууллаа.

  -      Ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа юу?

-      Таван сарын зээлийн нэгдсэн дүн удахгүй гарна. Тэгэхээр энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжтой юм. Зээлийн олголт хэвийн үргэлжилж байна. Сард санхүүжилтэд ойролцоогоор 25 – 35 тэрбум төгрөг олгогдож байгаа. Арилжааны банкнууд зээлийн хэдий хэмжээний хүсэлтийг ирүүлнэ, түүнийг үндэслэж санхүүжилтийг олгож байгаа.

-      Одоо хэвийн үргэлжилж байгаа ч сард 300 орчим хүнд ипотекийн зээл олгогдох санхүүжилт байгаа гэж ойлгогдож байгаа. Цаашид санхүүжилтыг нэмэх боломж байгаа юм болов уу?

-      Ирэх оноос ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлнэ. Засгийн газар өөр дээрээ ипотекийн зээлийг авч нэмж эх үүсвэрээр олгох боломжтой болж байгаа. Энэ он дуустал зээлийн эргэн төлөлтөөрөө ипотекийн зээл санхүүжилт хийгдээд явна.

ЗАРИМ АРИЛЖААНЫ БАНК ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗОГСООЖЭЭ

   Монголбанкнаас зээл хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдэж буй ч арилжааны банкнуудаас өгч буй мэдээллээр санхүүжилтгүй улмаас зогсох байдалд хүрчээ.  Хаан, Хас, Голомт, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн зөвлөх, мэдээллийн ажилтнуудаас Ипотекийн зээлийн олголтын талаар харилцагчийн байр суурьнаас хандаж мэдээлэл авсан юм.  

 Хас банк:

(Харилцагчийн зөвлөх Мөнхнасан)

    Багшийн дээдийн урд талын салбар 8 хувийн зээл олгож байгаа. Мөн Туушингийн хажуу талын салбар, Түшиг дэлгүүрийн салбарууд зээл олгож байна. Орон сууц зээлдэгч 30 хувиа төлөөд 70 хувийг нь банкнаас олгож байгаа. Эхний удаа зээлийн 50 хувийг барилгын компанид шууд олголтыг нь хийгээд үлдсэн 50 хувийг Монголбанкнаас санхүүжилтийг нь орж ирэхээр олгож байна. Эхний ээлжид банк өөрийн санхүүжилтээр олгоно. Өөрөөр хэлбэл 100 саяын орон сууц авч байгаа иргэн 70 саяыг банкнаас зээлж таарна. Түүний 50 хувь болох 35 сая төгрөгийг банк эхний ээлжид өөрийн санхүүжилтээр шийдэж байгаа.

Хаан банк:

(Мэдээллийн ажилтан Нямгэрэл)

  Одоогоор ипотекийн 8 хувийн зээлийн материал хүлээж авахгүй байгаа. Зээлийн санхүүжилт орж ирэхгүй байна. Зарим нэг гэрээтэй барилгын компаниас орон сууц авах бол 8 хувийн зээл олгогдож байна. Арван барилгын компаниас байр авсан тохиолдолд зээл олгоно. Цаанаасаа хамтран ажилладаг, зээл олгох зөвшөөрөл олгосон 10 компани байна.

Төрийн банк:

     Гэрээтэй барилгын компаниас байр авсан тохиолдолд 8 хувийн зээл олгож байгаа. Уг нь гэрээтэй арван компани байсан ч энэ тоо цөөрсөн. Харуул Алтай, Саруул хороолол, Шинэ толгойт хороолол, "Шүрэн” ХХК-ийн барьсан Ариг бүрд орон сууц гэсэн дөрвөн барилгын компанид л зээл олгож байгаа. Энэ компаниудаас орон сууц 8 хувийн зээлээр байр авах боломжтой юм. Ер нь бол банкнуудаар ипотекийн зээл судлагдахгүй байгаа. Манай Төрийн банктай гэрээ байгуулсан эдгээр цөөхөн хэдэн компаниас байр зээлээр авахаар судлуулж болно.

Худалдаа хөгжлийн банк:

Орон сууцны 8 хувийн зээлийг одоогоор зогсоосон. Материал хүлээж авахгүй байгаа. Зээл хэзээнээс олгогдож, материал хүлээж авахыг мэдэхгүй байна. Зээлдэгч нь хүсэлтээ өгөөд зээл нь гарсан ч санхүүжилтээ хүлээж байгаа олон хүн байгаа.

Голомтбанк: 

     Өөрийн санхүүжилтээр 8 хувийн зээл олгож байгаа барилгын компаниуд бол бий. Голомт банкинд улсаас зээлийн санхүүжилт ороод ирэхэд барилгын компанид мөнгийг нь олгоно гэсэн үг юм. Одоогоор тогтсон 7 – 8 барилгын компани манай банктай хамтраад 8 хувийн зээл олгож байгаа. Шинэ өргөө, Зүүн хүрээ, "Time tower”,  One Residence, Парк 9, Очир хотхон зэрэг орон сууцнаас байр авбал өөрийн санхүүжилтээрээ зээл олгож байгаа юм байна лээ. Бусад банкууд ч мөн энэ барилгын компаниудад 8 хувийн зээлийг олгож байгаа.

    Дээрх Арилжааны томоохон таван банкны хоёр нь зээлийн материал хүлээж     авахгүй, бүрэн зогсоожээ. Шалтгаан нь санхүүжилтгүй улмаас зээл олголт зогсжээ. Ойролцоогоор Ипотекийн 8 хувийн зээлд 30 орчим тэрбум төгрөг сард олгогдож байгаа ч энэ нь зээл хүсэгчдэд хаанаа ч хэрэхгүй байгаа ажээ. Тодруулбал, нэг зээлдэгчид 80 – 100 сая төгрөгийн зээл олгож байна гэж үзэхэд 30 тэрбум төгрөг нь ойролцоогоор 300 гаруй зээлдэгчид санхүүжүүлэх өртөг юм. Монголбанкнаас мэдэгдсэнээр 2016 оны аравдугаар сард сард 481 иргэн 8 хувийн зээлд хамрагдсан бол оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сард 268 иргэн, энэ оны нэгдүгээр сард 365 иргэн шинээр зээл авчээ. Энэ тоо бол Монгол Улсын хэмжээнд ипотекийн зээл авч буй залуу гэр бүлийн тоо. Гэвч цаана олон залуус, залуу гэр бүлүүд Ипотекийн зээл хүсч, арилжааны банкуудад урт дараалал үүсгэжээ. Банкинд зээлийн хүсэлтээ өгч санхүүжилтгүй улмаас олон залуу гэр бүл орон сууцанд орж чадахгүй хүлээлт үүссэн гэж банкны ажилтнууд хэлж байна. Он дуусахыг хүлээх бус зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага байгаа ажээ.

Т.Амараа

ZINDAA.MN

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

12 сэтгэгдэл