СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНХАУ-ын иргэд дахин хүүхэд хулгайлахыг завджээ
Өнгөрөгч тавдугаар сарын 25-нд хятад эмэгтэй гурван монгол охиныг хулгайлахыг завдсан талаархи мэдээлэл интернэт орчинд цацагдаж, олныг цочирдуулсан. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба сэжигтэн эмэгтэй нь БНХАУ-ын иргэн, Ванг Фул Иан гэгч байсан. Тэрээр монгол улсын ЮД регистрийн дугаараар бүртгэлтэй түр оршин суугч бөгөөд Чингэлтэй дүүргийн эмнэлгийн сэтгэц мэдрэлийн тасгийн хяналтанд байдаг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэхүү хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ба сэжигтэн эмэгтэй хүүхэд хулгайлахыг завдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа аж. Харин хулгайлагдсан гэх хүүхдүүдийн ар гэрийнхний хэлж буйгаар, охидод тусгай код бүхий цэнхэр өнгийн хүзүүвч зүйлгэсэн байсан ба видео хийхдээ уг кодыг харулахыг хүсэж байсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл энэ хэргээс сар гаруйн дараа БНХАУ-ын иргэд дахин хүүхэд хулгайлахыг оролдсон гэх мэдээдэл ирлээ. Тодруулбал, өнгөрөгч долоон хоногийн даваа гариг буюу 6-р сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу "Драгон” төвөөс гурван настай хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг гарчээ.
Хэрэг гардаг өдөр "Драгон” төвөөс хот хоорондын шугамын автобусаар Орхон аймаг руу явах гэж байсан нэгэн иргэний гурван настай эрэгтэй хүүхдийг хулгайлахыг завджээ. Хүүхдийн асран хамгаалагч автобусны тасалбар бичүүлэхээр хүлээлгийн танхимаас түр холдсон байсан гэх ба тэр хугацаанд хүүг үл таних хоёр этгээд тэврэн гарчээ. Улмаар хүүхдийн асран хамгаалагч хүүг хайж эхэлсэн гэх ба хэргийн газар байсан гэрчүүдийн хэлж буйгаар хүүхэд хулгайлахыг завдсан этгээдүүд нь монгол хэлээр маш муу ярьдаг хятад иргэд байсан гэдгийг хэлж байна.
Хүүгийн асран хамгаалагч тухайн үед "Драгон” төвийн ойролцоох камеруудыг шүүлгэх хүсэлт гаргасан боловч энгийн иргэд бичлэг шүүлгэх эрхзүйн орчин байхгүй гэх шалтгаанаар бичлэг үзэж чадаагүй байна. ТиймээсСонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хүүхэд алга боллоо гэх дуудлага, мэдээлэл өгснөөр цагдаагийнхан ажиллаж ойролцоох орон сууцнаас хүүг олж, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, сэжигтэн этгээдүүд нь эхнэр нөхөр хоёр гэх ба БНХАУ-ын иргэншилтэй гэнэ. Уг хэргийг харъяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн гэмт хэрэг хянан шалгах хэсэгт шалгаж эхэлсэн бөгөөд сэжигтэн этгээдүүд хүүг хулгайлах зорилго байгаагүй хэмээн мэдүүлсэн байна. Харин хүүхдийн ар гэрийнхний зүгээс хүүхдийг хууран мэхэлж авч явахыг завдсан, түүнчлэн хүүг үл таних орон сууцанд авч ирсэн байсан гэжээ. Энэхүү хэргийг харсан гэрчүүдийн хэлж буйгаар, гурав орчим насны бүрэн хэлд орж амжаагүй эрэгтэй хүүхэд асран хамгаалагчийн хамтаар "Драгон” төвд өглөө эрт иржээ. Удалгүй хүүхэд ганцаараа үлдсэн байсан гэх ба тэр хугацаанд үл таних хоёр этгээд чиглэн ирж тэвэрч авчээ. Тухайн үед хүүхэд танихгүй хүмүүс авч гарах гэхэд уйлж байсан аж. Улмаар ойролцоо байсан иргэнд хүүхдийг авч гарсан хятад эрэгтэй "Миний хүүхэд мөн, эргэлзэх хэрэггүй” гэх утгатай зүйлс хэлжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.ЦОГ
medee.mn