Допингтой бөхчүүдийн нэгийнх нь цолыг хурааж, нөгөөг нь зүгээр үлдээдэг нь ямар учиртай юм бэ?
Жил бүрийн наадмын дараа допингийн асуудал дэгддэг. Улсын наадмаар тав давж шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс ихэнхээс нь допинг илэрчээ гэх баталгаа, нотолгоогүй мэдээллүүд нийгэмд шуугиан тарьдаг. "16 бөхийн арав орчмоос нь илэрсэн нь үнэн. Томчууд нь өөрийнхөө нэрийг сугалаад үлдчихдэг байхгүй юу.
Бөхийн допинг улс төртэй хэдийнээ хутгалдчихсан шүү дээ” гэж бөхчүүд, бөхийн хэрээнийхний дундаас барин тавин хэлэх нэгэн бий. Бас л баримт нотолгоогүй учир үнэн эсэхийг бүү мэд. Харин баримт нотолгоотой ганц зүйл гэвэл улсын цол шинээр хүртсэн залуучууд допингийн хэргээр ял сонсдог болсон.
Зарим нь цолоо хураалгаж, зарим нь барилдах эрхээ хасуулж, зарим нэг нь зүгээр үлдэж байгаа. Ийм нэг үзэгдэл сүүлийн хэдэн жил Монгол бөхөд тогтчихлоо. 2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор тав давж шөвгөрсөн бөхчүүдээс Ховдын хоёр залуу буюу шинээр харцага цолны болзол хаггасан Г.Алтангэрэл, шинээр начин цолны болзол хангасан Ч.Цогтбаяр нараас допинг илэрсэн.
Баахан л маргаан дагуулсны эцэст хоёр жил баридах эрхээ хасуулаад өнгөрч байв. Одоо Цогбаяр, Алтангэрэл нар ид баридаад явж л байна. Дараа жил нь буюу 2012 оны төрийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс Х.Мөнхбаатар болоод шинээр начин цолны болзол хангасан Өвөрхангайн Б.Сугаржаргал нараас допинг илэрсэн байдаг.
Х.Мөнхбаатар арслан бөхийн холбооны Нямдоржтой үзээд бөөн л шуугийн болж байлаа. "Нямдорж тэргүүн надад хүүг минь заан болгооч гэж 70 сая төгрөг амласан. Гэвч хэлснээр нь болоогүй, түүнд өширхсөндөө намайг допинтой гэж зарлалаа” гэх утгатай үгийг хэвлэл мэдээллээр ярьж байв.
Тэр жилийн допингийн маргааны эцэст Х.Мөнхбаатар чимгээ хураалгаж, түүнд долоогийн даваанд тахимаа өгсөн Т.Санчир шууд заан цолны болзол хангасан. Харин Б.Сугаржаргалын хувьд барилдах эрхээ ердөө зургаахан сараар л хасуулсан байдаг.
Тэгвэл 2014 оны наадмаар тав давж шинээр улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабат нар допингийн төрлийн эм тариа хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон.
Үүнийг залуу начингууд хүлээн зөвшөөрөөгүй. Үндсэндээ "А” сорьцын шинжилгээг зөвшөөрөөгүй учир Солонгосын шинжлэх ухаан техникийн институтын допингийн хяналтын лабораторид "Б” сорьцын шилжилгээгээ дахин явуулсан.
Тэгээд ч тусыг эс олсон ингээд Үндэсний их баяр наадмын салбар хорооноос дээрх хоёр бахийн цолыг хураах шийдвэр гаргасан. Мэдээж допинг хэрэглэсэн нь батлагдсан бол шийдтгэлээ амсах нь хууль.
Гэвч өмнө допингтой нөхдүүдийн толгойг нь илээд цолыг нь хэвээр үлдээчихээд Б.Суманчулуун, Н.Адъяабат хоёрын цолыг шууд хураасан нь хачирхалтай. "Хамгийн хэл амгүй, даруу төлөв, энэ хоёр залуугаар туг тахичихлаа” хэмээх яриа одоо хэр нь тасраагүй байна.
Говь-Алтай аймгийн "Хантайшир” дэвжээний дасгалжуулагч багш, улсын начин Д.Бадрах "Допингийн тухай ярих надад хэцүү байна. Б.Суманчулууныгаа харахаар өмнөөс нь сэтгэл өвдөөд байна” гэж үнэнийг хэлж байсан.
Б.Суманчулууны хувьд ч, Н.Адъяабатын хувьд ч улсын цол авахын төлөө бүхнийг умартан зүтгэсэн нь мэдээж. Мөн надмын дараа цолныхоо цайллагыг ч итгэл төгс хийсэн дуулддаг. Гэвч амьдралын зорилгоо болгоод зүтгэсэн зүтгэл, нэр алдар, бөхийн зам мөр нь нэг л өдөр таслагдаж байгаа юм.
Спортод, ялангуяа бөхөд амжилт үзүүлэх хугацаа богино гэдэг. Иртэй бяртай хэдхэн жилийн наадам л вунаас ч үнэтэй гэж бөхчүүд ярьдаг. Гэтэл тэр бүхэн нь таслагдахаар яах билээ. Энэ байдал өнгөрөгч жилийн наадмын дараа бас л давтагдалаа.
Увсын Б.Ганзориг, Баян-Өлгийн Б.Баатарцол гэх шинээр начин болсон хоёр залуугаас допинг илэрсэн. Ганзоригийнх нь цолыг хураагаад, Баатарцолыг нь зүгээр үлдээж байна. Баяр наадмын комиссын шийдвэрийг Б.Ганзориг мэдээж эсэргүүцсэн.
Энэ оны хоёрдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний нэхэмжлэлийг саяхан хянан хэлэлцээд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг баримтлан Б.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо” гэж шийдвэрлэсэн. Бодит байдал ийм байна.
Нэг жилийн наадмаар ижил допингтой хоёр бөхийн нэгнийх нь цолыг шууд хураагаад, нөгөөг нь зүгээр үлдээж байна. "Баатарцолын ард төрийн түшээ, аварга цолтой бөх бий. Тиймээс сугалаад үлдчихлээ.
Ганзориг томхон ар талгүй учир ганцаараа хохирлоо” гээд хэвлэл мэдээлэл, сошиалаар дүүрэн шуугиж байна. Үлдээнэ гэвэл юуг ч хаацайлж болно. Баатарцолоос илэрсэн допингийн эмийн тун нь бага Ганзорингийнх өндөр байсан гэж тайлбарлаад л болоо.
Өсөхөө аваргаар тав давж начин болсон ч цолоо хураалгасан Архангайнхан Н.Адъяабат сүүлийн хоёр жил сураг тасарсан. Зодоглох нь бүү хэл, хаана байгаа нь мэдэхдэхгүй байгаа. Түүний хувьд бүх юм дууссан гэж ойлгогдохоор маш хэцүү байдал үүсчээ.
Харин төрийн наадам олон жил сайн баридаж улсын цолыг гуйж биш гуядаж авсан бөхчүүдийн нэг Говь-Алтайн Б.Суманчулууны хувьд асар их нерв, сэтгэл зүйн дарамттай байгаа хэдий ч аймгийн арсан гэж дуудуулаад барилдаж байгаа.
Өнгөрсөн жилийн наадмаар дөрөв давж тавын даваан Ц.Содномдоржид унасан. Санжаадамбыг ид байх үед нь хоёрын даваан өвдөглүүлж байсан Б.Суманчулуунаас допинг илэрсэнд бөхчүүд нь хүртэл гайхаж, алмайрсан дуулддаг.
Допингийн энэ бүх маргааныг эцэслэж шийдвэрлэх хэрэгтэй байна. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг нь хураах юм бол бүгдийг нь хураах хэрэгтэй. Ховдын Г.Алтангэрэл харцага, Ч.Цогбаяр начин, Б.Сугаржаргал начин, Б.Баатарцол начин нарын цолыг бусдынх нь ижил хураах хэрэгтэй болно.
Одоогийн улсын гарьд Д.Рагчаа 2006 онд долоо давж заан болсныхоо дараа допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдсан. Түүний асуудлыг арван жилийн дараа буюу өнгөрсөн жилийн наадмын өмнө хэлэлцээд Рагчаад долоогийн даваанд тахим өгсөн Сүхбаатарын Ц.Магалжав улсын заан, Завханы Ш.Уламбаяр улсын харцага цол нэхэн авсан байдаг. Хууль бол хууль хэрэг хуучирдаггүй гэдэг энэ.
Тэгэхээр дээрх бөхчүүдийн цолыг нь хураахгүй юм бол цолоо хураалгаж хохирсон бөхчүүдийн цолыг нь нэхэн олговол яасан юм бэ. Хэнд нь төрийн хууль үйлчлээд хэнд нь үйлчилдэггүй юм бэ. Ингэж бичсэнээрээ допингийг өмөөрч өөгшүүлж байгаа юм биш ээ. Допингийн загалмайлсан эцэг нь А.Сүхбат аваргыг гэж хэн хүнгүй хэлдэг. "
Эхнээсээ буруу эхэлсэн юм цаашдаа ч буруудаад байдаг гэмтэй. Хамгийн анх допинг илэрсэн бөхөд дүрмийн дагуу (тэр үед хууль гараагүй байсан) арга хэмжээ авах гээд тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэж байтал нөгөө бөх Дүүргийн шүүхээр "Энэ хурлынхаа ажиллагааг түдгэлзүүл” гэсэн захирамж гаргуулж аваад өөрөө бариад гүйгээд ирсэн.
Бид шүүхийн захирамжийг биелүүлэхээс өөр аргагүй шүүдээ. Байгууллага дүрмэндээ заасан асуудлаар бөхөд арга хэмжээ авах гэж байхад тэр хүн өөрөө очоод шүүхээс захирамж гаргуулаад аваад ирж байгааг юу ч гэлтэй юм бэ дээ.
2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль гарсан. Хууль гарснаар Ерөнхийлөгчийн мэдэлд очсон. Бид өмнө нь арга хэмжээ авч чадаагүй тэр цооорхойгоор гоожсоор байгаад олон ч бөхөд арга хэмжээ авч чадаагүй нь үнэн.
Ер нь ч нэгэнд нь арга хэмжээ авч чадаагүй байж, нөгөөд нь авах нь шударга бус. Үүнийг баяр наадмыг зохион байгуулах хороо шийддэг. Харамсалтай нь улс төрчдийн оролцооноос болоод адил биш шийтгэл ногдуулсан. Допинг гэх зүйлийг санаатайгаар хэрэглэхгүй байх, түүнд санмсаргүй өртөхгүй байхыг л бөхчүүд маань анхаарах хэрэгтэй” гэж МҮБХ-ны удирдлагууд хэлдэг.
Төрийн хууль бөхчүүдэд тэгш бус үйлчилж, ар талтай нь зүгээр үлдээд, эгэл даруу нь хохироод үлдэж буйг тэд хүлээн зөвшөөрч байна. Тиймийн учир энэ бусармаг, шударга бус зүйлтэй санал нийлэхгүй байгаа юм.
Өдрийн сонин
Б.Батболд