Гэртээ нимбэг тарьж ургуулцгаая

0
Цэцэг жимсээ өгдөг нимбэгний модыг зөв арчилж ургуулбал үрнээс 4-5 жилийн дотор гаргаж авч болно.

Үр зөв шилж авах, зөв суулгах 

Дэлгүүрээс сайн сортын том хэмжээтэй, эрүүл нимбэг сонгож авна. Магадгүй 2-3 сортоос цуг авч суулгах нь дээр байх. Жимсэнд байгаа бүх ясыг нь гаргаад хамгийн том, чадалтай хэдийг шилж үлдээнэ. Магадгуй гэртээ идсэн нимбэгний ясыг суулгах санаа гэнэт төрсөн бол уг үрийг олон хонуулж хатааж болохгүй шүү. 



Суулгасан үр нь 30-40 хонож байж соёоолох тул тэвчээртэй хүлээгээрэй. Хөрсөнд суулгахын өмнө био уусмалд дүрж өгвөл үндэслэх нь хурдан, үндэс нь хүчтэй, саглагар гардаг ба ургамал маань ч чадалтай эрүүл ургадаг. Био идэвхижүүлэгч болох гуматын бордооны шингэн уусмалд (уусмал нь шар айрагнаас бараан өнгөтэй байж болохгүй) 5-6 цаг байлгаад, дараа нь 8-12 цаг усанд дэвтээж өгнө. Дэвтээх усанд (1 стакан усанд-1 дусал) "Эпин” эсвэл "Циркон” (Экстра дэлгүүрт байдаг байх) гэдэг идэвхижүүлэгч олдвол дусаагаарай. Энэ нь соёолжих, ургах явцыг түргэлчлэхээс гадна гол ач холбогдол нь – хуурай агаар, гэрэл дутмаг орчинд тэсвэртэй, анхнаасаа эсэргүүцэл сайтаа ургамал гаргадаг юм. 

1 сартай

Үрсэлгээний сав нь доороо заавал ус гарах нүхтэй, мөн 2-3 см өндөр дренажтай байх шаардлагатай. Нэг суулгахдаа 15-20 үр суулгасан нь дээр. Соёолсон үрсэлгээнээс дараа нь сайн ургасаныг нь шилж үлдээнэ. Хөрс нь тэжээллэг, сийрэг байх ёстой. Үрийг 1-2 см гүн булна. Сонирхуулахад, нимбэгний үрийг ямар нэгэн савтай цэцэгний хөрсрүү булчихвал илүү хурдан (7 хоногийн өмнө) соёолдог байна. Хэрэв тэр савтай цэцэг нь нимбэг юм уу, өөр нэгэн цитрусын төрлийнх бол бүүр ч сайн. Үүний учир нь:
Савтай том цэцэг нь ихэнх усыг хэрэглэдэг тул усны илүүдэл хөрсөнд үүсдэггүй тул соёолоход их таатай орчин бүрддэг байна. 



2 сартай

3-5 сарын дараа ургасан үрсэлгээ нь овоо томроод ирсэний дараа болгоомтой авч доорх үндсэнд наалдсан хөрстэй нь хамт том хэмжээний саванд өрх тусгаарлан суулгана. Хурдацтай ургуулая гэвэл био ялзмаг хөрсөнд холиж өгнө. Ургуулсан 2-3 сортын 15-20 үрсэлгээнээс дараах зүйлийг анхаарч шилж авна: 

- Цөөн тооны богинохон зүүтэй, эсвэл огт зүүгүй байвал. Мөн нарийхан иштэй байх.
- Хамгийн их навч гаргасан, мөн навч нь бага ундаг бол.
- Навчны тоо бага, эсвэл сунасан урт иш нь хэдхэн навчтай бол энэ үрсэлгээнүүдийг шууд авч хаяж болно.
- Үрсэлгээний ишний навч хоорондын зай бага байх юм бол энэ сортын мод бутлаг, намхан саглагар ургана гэсэн үг. Ийм сортыг саглагар болгох гэж мөчрүүдийг тайрч танах хэрэггүй. Цаашаа өөрөө л шинэ мөчир хэдэн тийш гаргаад байна.

Цитрусын төрөл бүр өөр өөрийн онцлоготой. Мандарин нь тод өнгийн гоё жимстэй, жүржийн модны бараан ногоон өнгийн навчин бүрхүүл хамгийн үзэмжтэй нь, грейпфрутын жимс болон мод нь маш том хэмжээтэй тул тасалгаанд сайн таарахгүй гм. Бүх цитрусын төрлөөс нимбэгний мод хамгийн  өгөөжтэй нь, бүтэн жил цэцэглэж, жимсэлдэг тул ургуулахад урамтай бөгөөд тасалгаанд ургуулсан нимбэгний жимс нь дэлгүүрийн жимснээс илүү том хэмжээтэй, илүү амттай, анхилуун үнэртэй билээ. Модон дээр нэг дор цэцэг, жимс, навч зэрэг харж болдог онцлогтой. Жирийн нөхцөлд үр суулгаснаас хойш 8-12 жилийн дараа л цэцэглэж эхэлдэг, харин тусгай аргаар  4-5 жилийн дараа жимсээ хурааж авч болно.



Модны мөчирөн "титэм” бүрдүүлэх арга

Үрсэлгээ дээш сунасан ганц иш болгохүйг, мөн мөчир эхнээсээ зөв гарч ургахад анхаарна. Иймд хажуугийн мөчир гархад туслаж өгнө. Цитрусын төрлийн моднуудын нэг онцлог нь жилийн турш ургаад байдаггүй, ургах үе нь давалгаа мэт байдаг. Энэ нь жилдээ 4-5 удаа болдог ба дундаа 1-3 сар завсарлаж амардаг. Иймээс "ургалт үе” эхлэхэд мөчирний оройг хумсаарай (эсвэл хөмсөг зулгаагчаар) чимхэж тасдах хэрэгтэй. Хэрэв үүний дараа хажуугийн мөчир салаалж гарахгүй, дээрх үзүүр нь дахиад ургаад байвал үүнийг нь бас чимхэж тасдна. Хажуугийн мөчир ургаад, дээр нь 3 дахь навч гарангуут мөчирний үзүүрийг чимхэж тасдна. Энгэснээр аль болох богино мөчир гаргаж авч байгаа юм. Дараа дараах мөчирнүүдийг энэ аргаар чимхсээр бутлаг өтгөн, тэгш зөв бүрдүүлж өгсөн модны титэм гарч ирнэ.

Мөчирний "титэм" хийх

Ишнээс ургасан мөчрийг 1-дэх үеийн мөчир гэнэ. 1-дэх үеээс ургасан мөчир нь 2-дахь үе болно. Ингээд цааш тоологдож явна. Цэцэг жимс нь зөвхөн 4 дэх үеийн мөчирнөөс гарч эхэлдэг юм шүү.  

Гэрэлрүү сунасан мод

Нимбэгний модыг байнга эргүүлж байх хэрэгтэй. Мөчир, навч нь гэрэлрүү тэмүүлж байдаг тул нэг талруу далий ургана. Савтай модыг огцом эргүүлж болохгүй. Нэг эргүүлэхдээ ойролцоогоор 30 градус буюу цагаар бол 5 минутаар эргүүлээрэй. Нэг жилийн дотор савтай мод нэг бүтэн (360 градус) эргэсэн байх ёстой.


Шинээр ургаж буй мөчирнүүдийг сайн анхаараарай. Эгц дээшээ ургасан мөчир байж огт болохгүй. Учир нь гол ишний дээрх үзүүрийг та аль түрүүн чимхсэн, мод дээш ургахгүй болсон, гэтэл энэ зэрлэг мөчир дээшээ ургаж ирэхлээр бүх хүч түүнрүү явна. Энэ мөчир хөгжөөд, яваандаа ишний үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Иймээс ийм дээшээ ургасан мөчирийг ногоон, уян зөөлөн байхад нь утсаар боогоод нөгөө үзүүрийг нь доош татаж хөрсөнд хавчаараар тогтоож өгнө. Маш болгоомжтой хийгээрэй,хэт доош татвал мөчир хугарна. Хэсэг хугацааны дараа уг мөчир модорхог болоод хатуураад ирэхлээр уяаг авна.  

Нимбэгний модны шим тэжээл, бүх энерги нь эгц дээшээ явдаг тул ийм "зэрлэг" мөчир үүсэх ёсгүй. Цаашид ч модны жимслэлтийг түргэсгэе гэвэл 3, 4 дэх үеийн нарийн мөчирнүүдийг налайлгаж 1 болон 2 дугаар үеийн мөчиртэй уяж өгч доош далийлагвал модны энерги бүх мөчиррүүгээ жигд хувиарлагдаж цэцэглэх, жимслэх нь хурдан болдог. 

Мөн дараах анхаарах зүйл – хэт олон тооны жижиг жижиг мөчир гарч ирэхээс болгоомжлох. Эхний гаргаж авсан "титэм”-ний дотор туслах мөчирнүүд хэт их үүсгэхгүй байх хэрэгтэй.

Модны үндсийг зөв засах 

Нимбэгний модны мөчирөн бүрхүүлийг эхнээс нь зөв бүрдүүлж өгөхөөс гадна үндэсийг нь мөн зөв ургуулах хэрэгтэй байдаг. Нимбэгний үндэс нь уртаашаа ургаад байдаг, хажуу тийш салаалж саглагар болно гэж байхгүй. Иймээс үндэсний гол үзүүрийг тайрахгүй бол уртааш ургасаар сүүлдээ савны ёроолд цагираглаад сунаад байдаг юм. Үндэсний гол үзүүрийг хурц хутгаар тайрна. Үүний тулд ишнээс 8-10см зайтаа 40-45градусын ташуу хутгаа хөрсрүү оруулна. Хутганы ир гадагш харсан байх ёстой. Гол үндэсийг тайрхадаа хутгаа эргүүлж өгөөрэй. Хэрэв тайрчихлаа гэсэн итгэлгүй бол энэ үйлдлээ ишнээс 6-8см зайтай ойртуулж давтаарай.   
Нимбэгний модны арчилгаа

1.      "Фито" (ургамлын тусгай чийдэн) гэрлээр, эсвэл жирийн өдрийн гэрэлтэй чийдэнгээр тогтмол өдөр бүр нэмэлт гэрэлтүүлэг өгч байх

2.      Агаар чийгшүүлэгч тогтмол ажиллуулж агаарын чийгшэлтийг ихэсгэх

3.      2 болон 7 сард жилдээ 1-2 удаа шилжүүлэн суулгаж байх. Шинэ сав нь хуучнаасаа 3-5 см том байх бөгөөд хөрс шинээр бэлдэж хийнэ. Хөрсөнд навчит модны доороос илжирсэн, хуучин навчис хамаж авч болно, дээрээс нь голын хажуугийн ногоон зүлэгний доорх хөрс, ялзмаг, малын баас зэрэгийг холиж хэрэглэж болно. Хэрэв энэ бүгдийг цуглуулах хэцүү бол жирийн сийрэг тэжээллэг хөрсийг адууны хомоолтой ¼ харьцаатай холиж хэрэглэж болно. Хөрсөө ариутгаарай.   

4.      Хөрсийг нь жилдээ 2 удаа солиж байгаа ч гэсэн 2 сараас 9 сар хүртэл тогтмол бордоо өгч байх хэрэгтэй. Шинэ хөрсөнд 3-5 сар хэрэглэх тэжээл байдаг, эд ургаж байх үед энэ багадна. Иймээс минерал бордооны шингэн иж бүрдлээр бордох нь дээр. Бордоог сайн усаар шингэлээрэй. 1 литр усанд 1—2 г бордоо хийж найруулбал үндэсийг түлдэггүй. Минерал болон органик бордоог ээлжилж хэрэглээрэй. Органик бордоог дэлгүүрээс бэлэн бэлдмэлээр авсан нь дээр.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.