Өнөөдрөөс хэрэгжих Эрүү, Зөрчлийн хуулийн онцлох заалтаас
"Эрүүгийн хууль" болон Зөрчлийн хууль өнөөдөрөөс хэрэгжиж байна. Эрүүгийн хуулиар гэмт хэрэг, ял, албадлагын арга хэмжээг зохицуулна. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах ял шийтгэл оногдуулах юм.
Харин Зөрчлийн тухай хуулиар 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгаад байгаа юм. Ингэхдээ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээг харгалзан торгох, баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулна.
Эрүүгийн хуулийн онцлох заалтаас,
Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнээр хорих ялын хэмжээ дор хаяж 20-30 хувь багасгана гэж хууль санаачлагчид үзжээ. Тодруулбал, 2015 онд батлагдсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 440 заалт 100 хувь хорих заалттай байсныг өөрчилсөн байна. Ингэснээр гуравны хоёр хувь нь хорих ялгүй болох боломжтой болжээ.
- Шинэ хуулинд нэгэн шинэ заалт орж ирсэн нь бүх насаар нь хорих ялаар шийтгэх юм. Гэхдээ 25 жил хоригдсоны дараа ялтны хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг шийдэхээр зохицуулсан байна.
- Авлигын хэрэг дотроо хамгийн ихээр үйлдэгддэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар энэ хэрэгт 1-5 жилийн хугацаанд хорьж, тэнсэх боломжтой. Тодорхой албан тушаал хаших эрхийг нь хоёр жилээр хасах зохицуулалттай. Харин шинэ хуулиар хорих ялаа эдэлж дуусчихаад таван жилийн хугацаанд ажлаа хийхийг нь хориглоно. Дээр нь энэ төрлийн гэмт хэрэгт 8, хүндрүүлэх нөхцөлд 12 жил хүртэл хорих ял шийтгэхээр оруулсан. Мөн тэнсэн өгөхгүй байдлаар чангаруулжээ.
- Мөн энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохоор болсон юм. Ингэхдээ "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
- Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 14 насанд хүрсэн гэмт хэрэг үйлдвэл ял оноож, хүүхдийн хориход ялыг нь эдлүүлдэг. Улмаар насанд хүрсэнийх нь дараа насанд хүрэгчдийн хорих ангид шилжүүлдэг юм. Шинэ хуулиар гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 нас хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх аж.
- Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч болохоор болжээ.
- Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах буюу олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн "Non double jeopardy" зарчмын дагуу гэмт хэрэг давтан үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон үзэхгүй, эрх зүйн дагавар үүсгэхгүй болсон байна.
Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтаас,
1. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан эсвэл нус цэрээ тамхины иш, хог хаягдал хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хүнийг нэг зуун нэгж, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг тавин нэгж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Хүнсний давсыг үйлдвэрлэлийн аргаар стандартын дагуу иоджуулаагүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14. Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15. Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам зөрчсөн, эсхүл хуульд заасан эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглолтыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16. Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17. Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18. Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19. Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш гурав хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20. Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22. Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
23. Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24. Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
25. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
26. Хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
27. Хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийг гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
28. Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсвэл мөнгө өгөх, ном бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсвэл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
29. Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
30. Улсын бүртгэлийн дугааргүй, эсвэл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 25 нэгж, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Б.Чимэг
Сэтгэгдэл байхгүй байна.