М.Энхболдын ялагдлын 15 шалтгаан /цуврал 2/
Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг Улаанбаатарын сонгогчид гаргаж, тэдний саналааар савлаж байдаг. Тэгвэл эрх баригч намын дарга энэ удаагийн сонгуульд яагаад ялагдав гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж, тавлагчид, тандагсад энэ асуултын хариуг олохоор улаарч байна. Ялангуяа МАН-ынхан өөрсдөө. Тэд даргынхаа ялагдлын бурууг хэн нэгэн рүү тохож, тэндээс ашиг олохыг улаарагчид ч гарч ирэв. Тэгвэл энэ ялагдлын шалтгаан юу вэ гэсэн асуултын хариуг хамтдаа хайж үзье
6. Д.Чойжилсүрэнгийн дуусахгүй дарамт
Үнэндээ сангийн сайд гэх Д.Чойжилсүрэн ард түмний сэтгэл зүйгээр тоглож, бахаа хангаж, таашаал авдаг эр бололтой. Долоон төрлийн татвар нэмнэ гэхэд нь иргэд тэгтлээ эсэргүүцээгүй, хүлцэнгүй байсан. Гэтэл яг л сонгуулийн өмнөхөн "2037 он гэхэд тэтгэврийн нас 65 нас болно” гэж мэдэгдэв. Монгол хүний дундаж наслалт 65. Хэн ч тэтгэвэр авч чадахгүй юм байна. Татвар л төлөх гэж бид амьдардаг юм байна гэх бухимдал хаа сайгүй газар авч, иргэд МАН-д итгэж саналаа өгсөндөө харамсан шаналж эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байсан эмзэгтэй цаг үед тэтгэврийн насыг ямар үечлэлээр хэрхэн наашлуулж буйгаа тайлбарлах нь эрх баригч намын хувьд шүдний өвчин болж, тайлбар ч хийж чадалгүй ялагдлаа хүлээв.
7. Эргэж буцсан шийдвэрүүд
Иргэдийн амьдрал хүнд байгаа энэ цагт эрх баригчид машины онцгой албан татварыг нэмж, гаалиар хөнгөлттэй татвартай орж ирдэг байсан Приус автомашины татварыг нэмэх шийдвэр гаргав. Дахиад л бөөн бухимдал. Монголын зах зээл дээр хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа машины татвар нэмэх шийдвэр гаргаж иргэдийн уурыг хүргэснээ их л хожуу мэдсэн УИХ сонгуулийн өмнөхөн онцгой албан татварыг нэмэх шийдвэрээ цуцалсан ч үүнээс үүдэж иргэд дөрвөн тэрбумын хохирол амссан гэдэг гомдолтой үлдлээ.Нэг шийдвэр гаргадаг, маргааш нь эргүүлж буцаадаг, энэ хугацаанд иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирдог байдал сүүлийн үед газар авч, эрх баригч намынханд итгэх итгэлээ гээсээр л байна.
8. Сул дорой нэр дэвшигч
МАН энэ удаа хамгийн муу сонголтыг хийж М.Энхболд гэгч нэр дэшигчийг гаргаж ирснээрээ сонгуульд ялагдах хөзрөө өөрсдөө сонгож авав. Монголын улс төрд 20 гаруй жил яваа М.Энхболд. Энэ нэрийг ард түмэн мэднэ. Гэхдээ тэр бол онцгойлж гарч ирсэн лидер биш байлаа. Өөрийн гэсэн харизмгүй, нэгэн хэвийн сулбагар байдал нь танигдах, олон нийтэд хүрэх тал дээр учир дутагдалтай байсаар ирсэн. Сул имижтэй, олон танигдаагүй, ярих ур чадвар дутмаг. Олон нийтийг татахаар хувирч, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэггүй зэрэг нь поп улс төрчдөөс огцом ялгаруулж, сонирхолгүй болгож байснаараа багагүй оноо алдсан. Түүний дэргэд ямар ч мэдлэг боловсролгүй, улсын хөрөнгө мөнгөөр хангалттай гараа угаасан, өнөөдөр ч эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа Х.Баттулга бусдыг татах, олны итгэлийг хүлээх тал дээр онцгой байж чадлаа. Харвээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, бүр аргаа барахад Д.Лүндээжанцанг нэр дэвшүүлсэн бол хоёр удаагийн с анал хураалт болж, нэг нэр дэвшигч хоёр дахин өвлөг шороодохгүй байсан нь гарцаагүй. Энэ ялагдал бол М.Энхболдын хувьд ч намынх нь хувьд ч шившигтэй гэж хэлж болохоор ялагдал . Гол буруутан нь ийм нэр дэвшигч гаргаж ирсэн МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл...
9. Хогийн тантантай хутгалдсан Хотын фракц
М.Энхболдыг байнга дагаж явдаг зүйл бол "хотын фракц”. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа хотын фракциа хотын толгойд гаргаж ирэв. Нийслэлийн газрын албаны дарга байхдаа "газрын наймаачин”-аар цоллуулж, намынхаа нэр хүндийг унагаж байсан, 2012 оны орон нутгийн сонгуульд Нийслэлд МАН-аа ялагдуулсан, 2016 оны сонгуулийн үеэр 60 тэрбумын бичлэг гэх бохир зүйлд нэр хутгалдсан Ц.Сандуй гэгч долдой бацааныг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар тавьлаа. Улаанбаатар хотын засаг даргаар төрсөн нутгийнхаа дүүг томилуулав. Мэдлэг болосрол тааруу, шийдвэртэй алхам хийж чаддаггүй, ямар ч ёс зүй, нэр хүнд байхгүй хоёр удирдлага Нийслэлд гарч ирээд юу ч хийсэнгүй. "Ундуй Сундуй хоёр” гэдэг нэртэй болсон Нийслэлийн удирдлагуудын хийсэн "Шөнийн гэрэлт гудамж” нэртэй архидалт, янхандалтын газар, "Аз жаргалтай Улаанбаатар” нэртэй амьтан хүнийг басаж доромжилсон хөтөлбөрүүд ард түмний элэг доог болж хоцров. Ундуй, Сандуй хоёрын хийсэн ажилд Улаанбаатарчууд бас л дүнгээ тавьж, М.Энхболд Улаанбаатарын 9 дүүргийн 7 дүүрэгт нь ялагдал хүлээлээ. Хотын фракцынхан гэж түүнийг дагаж гүйдэг өнөөх долдой нар хот дээрээ ч ажиллаж өгсөнгүй.
10. 60 тэрбумын бичлэг
МАН-ын дарга М.Энхболд 60 тэрбумын бичлэг гэх зүйлээс саож ёадахгүй гурван сонгууль дамнуулан гүвүүлж байна. Энэ бичлэгийг бүрэн эхээр нь АН-ынхан олон нийтэд хүргэчихсэн. Энэ акц байгаа онохын дээдээр оносон гэдэг нь энэ сонгуулиийн үр дүнгээр харагдаж байгаа байх. Нэг ёсондоо ялагдалд хамгийн их хөрөнгө оруулалтыг хийсэн акц байлаа. Дайран дээр давс гэгчээр тэрхүү бичлэгийг Ц.Сандуй, Ж.Мөнхбат хоёр хүлээн зөвшөөрөөд мэдэгдэл хийв. Ийм бичлэг хийгдэх хүртлээ доройтуулсан, урвагч, увайгүй нөхдийг өвөртөө тэжээх намын дарга өөрөө буруутай. Тэрээр Ц.Сандуйгаасаа салж чадаагүй нөхцөод цаашид ч улс төрд хөл тавих аргагүй болж үлдэв. Газар зарсан гэдэг хэл аманд байнга өртөж байдаг Ц.Сандуй өнөөдөр албан тушаалыг М.Энхболдтой нийлж зардаг нэгэн болж хувиран, сөрөг хүчнийхэн тэдний энэ яриан дээр дөрөөлөн тоглолт хийсээр...
11. Аархуу хүмүүсийн аархал
М.Энхболдын хувийн архив АН-ынхны гарт орж, "Аархал” нэртэй богино хэмжэний кино гарч ирэв. Татварын дарамтан дор сэтгэл зүйн дарамттай байгаа, ядарсан ард түмэнд М.Энхболдын баян тансаг найр, 10 саяын үнэтэй оргилуун дарс задлан найрлах аягалах зугаа цэнгэл, 100 долларын барьцтай золголт, хятад иргэдтэй хийх уулзалт, дарга нарын өвдөг сөгдөн бөхөлзөх төрийн байгууллагын дарга нарын инээд алдах дүр төрх. Үнэндээ иргэдэд энэ чилэг үзэн ядалт, бухимдал, дургүйцлийг нь төрүүлж, М.Энхболд гэдэг хүнийг нэгмөсөн түлхэх шалтгаан болж өглөө. Үүн дээр нэмэгдээд М.Энхболдын мэтгэлцээний бэлтгэлийн бичлэг алдагдлаа. Төрийн ордонд сонгогчдоор элэг доог хийх мэт хийсэн энэ бичлэг м.Энхболдын өөрийнх нь хэвлэлийн албаныханы гараас мултарч гарав. Юм л бол бичлэг хийдэг, тэр бичлэгээ хадгалж чадалгүй алддаг М.Энхболдын өөрийнх нь буруу гэхээс өөр яахав.
Эх сурвалж:tonshuul.mn Ц.Анударь Үргэлжлэл бий
Сэтгэгдэл байхгүй байна.