Ц.Сандуйг хэрхэх ёстой вэ?
П.Мандах
2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол "цохиур” болсон 60 тэрбумын бичлэг хэзээ нэгэн цагт хуулийн байгууллагаар шалгуулж хэн буруутай нь хариуцлага хүлээх ёстой байсан.
Гэвч цаг хугацаа нь энд байсан бололтой.
Угтаа энэ бичлэгийг Ерөнхийлөгчийн сонгуулиар АН буюу Х.Баттулга ашигласан уу, түүгээр дамжиж нийтийн дэмжлэг авсан эсэх нь огтоос сонин биш юм. Юутай ч Ерөнхийлөгч болсон Х.Баттулгын идэвх чармайлтаар УЕПГ, ТЕГ, АТГ-ын ажлын хэсэг гарч энэ асуудлыг хэрэг болгон шалгаад эхэллээ.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор прокурорын байгууллага 60 тэрбумын бичлэгийн хэргийг сэргээн шалгаж эхэллээ.
Прокурорын байгууллага бол УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг даргыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог Төрийн интитуци.
Прокурорын байгууллага өмнө нь 60 тэрбумын бичлэгийг шалгаж үзээд нотлогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэргийг хаах шийдвэр гаргасан. Мөн сэргээн шалгах боломжгүй гэсэн мэдэгдлийг удаа дараа хийж байв.
Харин Төрийн тэргүүн солигдоход прокурорын байгууллагын байр суурь дагаад солигдож байна.
Энэ нь хуулийг хэрхэн өөртөө ашигтайгаарашиглаж, тайлбарлаж болдгийг манай хуулийнхан ийнхүү харуулав.
Гэхдээ нөгөө талаас энэ нь Монголын нийгэмд ашигтай үйлдэл юм. Үнэхээр тэд төрийн албан тушаалыг зардаг,бэлэглэдэг, дамладаг явдлыг таслан зогсоож чадвал тун сайн.
Цаашлаад МАН-д өрнөөд байгаа тэмцэл хүртэл Монголын нийгэмд үр ашгаа өгөх учиртай. Энэ зөрчил тэмцэлдээнээ ил гаргаж, улмаар төрийн албыг худалддаг хүмүүсээс намаа цэвэрлэж шинэчлэл хийх цаг болсон гэх мэдэгдлүүд МАН улс төрийн ууган хүчний хувьд шинэчлэгдэх цаг хэдийнэ болсныг хэлж байгаа хэрэг.
Шуудхан хэлэхэд энэ намын шинэчлэл бол Монголын төрийн шинэчлэлээс ялгаагүй. Тэд төрийн албыг арилждаг нөхдөөсөө даруй салж, 2020 оны сонгуулиа бодоод нэрээ цэвэрлэж авах нь өлзийтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд байгаа.
Ер нь УИХ-д үнэмлэхгүй ялалт байгуулж Засгийг, хотыг удирдаж байгаа МАН яагаад сонгуульд ялагдав. Ялагдлын шалтгаан нь бүтэн жилийн өмнө илчлэгдсэн 60 тэрбумын бичлэг. Төрийн албыг системчлэн үнэлгээжүүлж газар хэлтсийн дарга цаашлаад ахлах түшмэдийн суудлыг ч мөнгөөр үнэлэн худалдаж болдогыг ярилцсан МАН-ын удирдлагуудын бичлэг.
МАН-ын дарга М.Энхболдод Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй УИХ-ын даргын зөвлөх А.Ганбаатар нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж бидэнд төрийн үйлчилгээг үзүүлэх ёстой нийтийн албыг нийтээр нь зарж мөнгө олохоор төлөвлөж байгаа пресентаци илчлэгдсэн. Ийм зүйлс болж, энэ талаар ярилцсаныг Ц.Сандуй өөрөө ч хүлээн зөвшөөрсөн.
Ингэхээр хариуцлага тооцох учиртай хүмүүсийн тэргүүн эгнээнд НИТХ-ын дарга Нийслэлийн МАН ын дарга Ц.Сандуй юм. Тиймдээ ч НИТХ-ын төлөөлөгчид даргаа огцруулахаар гарын үсэг зурцгааж байна. Түүнийг огцруулахгүйгээр 60 тэрбумын сүлжээг илрүүлэхэд бэрх байж мэднэ. Учир нь Ц.Сандуй М.Энхболдын халаасны хүн гэгддэг бөгөөд МАН доторх Хотын фракцид харьяалагддаг.
Өнөөдөр хууль хүчний байгууллагыг Хотын фраки атгаж байна. Ийм байхад 60тэрбумын асуудал илрэх нь юу л бол. Ц.Сандуй үүнийг тооцоолж ИТХ-ын төлөөлөгчдөө хайрцаглахыг оролдож буй.
Хэрэв МАН Ц.Сандуйг өмөөрч, 60тэрбумын үнэтэй төрийн албаны томилгоогоо зөвтгөж эхэлбэл тэднээс Аз жаргалтай Улаанбаатарыг хүлээгээд ч нэмэргүй ээ.
Хүн бүр 60 тэрбумын асуудлаар хариулт нэхэж, хариуцлага шаардаж байхад НИТХ-ын 45 төлөөлөгч бүтэн жил чимээ аниргүй суугаад гайхах хүн олон байна.
Өнгөрсөн хугацаанд даргадаа асуудал тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэнгүй. Айдас дарамтад байдаг уу, албан тушаал наймаалцсандаа дуугүй суусаар байна уу гэдэг нь тун сонирхолтой. Зөв зүйл шударга ёсны төлөө тэмүүлэх сэтгэл НИТХ-ын төлөөлөгчдөд алга. Төрийн албыг үнэлэн зарах системийн авлига аюул тарьж байхад төрийн хүний үнэр тэдэнд алга. Иргэдээс сонгогдсон нэг ч төлөөлөгч ил гараад 60 тэрбумын эсрэг намынхантайгаа үзнэ гэсэнгүй. Би авлига өгч албан тушаалд томилогдоогүй гэж хэлсэнгүй. Зүй нь бүх баримт ил болсон өнөө цагт НИТХ-ын төлөөлөгчид 60 тэрбумын автор Ц.Сандуйг даргаас нь огцруулах ёстой гээд тэмцэж байх учиртай юм.
МАН-ынхан хэзээнээс даргаа шүтэж дарга төвтэй оршиж ирснээрээ хүнээ өмгөөлөөд явах л байх.
Гэтэл бас АН-ын хэдхэн төлөөлөгч дуугуй суусаар байгаагийн учир юу вэ. Албан тушаал авч ашиг хонжоо горьдоо юу сөрөг хүчнээ умартаж, төрийн ялзралыг зөвтгөө юу .Төрийн албан дах ургийн модны уг үндсийг нь тасдаж, төрийн албыг мэргэшсэн тогтвортой цомхон байлгахыг шаардаж ирсэн АН-ын төлөөлөгчид хүртэл системийн авлигалд идэгдчихээгүй байлтай.
МАН хөдлөхгүй бол АН энэ ажлыг хийх ёстой. НИТХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, системийн авилгын өр хөврөлийг нийтэд ил болгох нь хамгийн зөв гарц болон харагдаж буйг учир мэдэх олон хүн хэлж байна.
Эх сурвалж: www.polit.mn