ДУУЛИАНЫ ЭЗЭД ХААНА ЯВНА?
-ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ш.БОЛОРСҮХИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ-
Хавар, зун, намрын улирлын алинд ч улс төр дуулиан ихтэй байх нь. Ардчилсан, Ардын хоёр нам нь ээлжлэн дотроо тэрсэлдсээр. Гэхдээ дотоод зодоон нь савнаасаа хальж эхэллээ. "Томчууд”-ын ээлжит нүүдэл залуусыг тойрсонгүй, дайрлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн өмнөөс шуугиж эхэлсэн дуулианы эзэд одоо хаана явна. Тэдэнд холбогдсон хэргийн мөрдөн байцаалт, шийдвэрлэлт ямар шатандаа явна гэдгийг энд тоймлолоо.
АТГ-ААС "ШИНЭ ХААДЫН ӨРГӨӨ” КОМПАНИД ХУРУУНЫ ХЭЭ ТАНИУЛЖЭЭ
Дуулиант хэргүүдийн эхлэл МАН-ын зарим удирдлагууд төрийн албыг үнэлж, 60 тэрбум төгрөг босгох талаар ярилцаж буй бичлэг олон нийтэд цацагдсанаар тавигдсан. Дуулианы гол найруулагч нь одоо ч Улсын Их хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт хорогдож буй Г.Доржзодов. Түүний өмгөөлөгчөөр Монголын ахмадын холбооны тэргүүн Г.Баасан ажиллаж буй. Тэд өнгөрсөн баасан гаригт /2017.08.18/ Тагнуулын газар очиж, мэдүүлэг өгчээ. Мөн тэдний хүсэлтээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын газар, Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг 60 тэрбумын хэргийг шалгаж буй. Хамгийн сүүлд тэд 60 тэрбумыг босгох бичлэгт хоолой нь тодоор бичигдсэн МАН-ын гишүүн А.Ганбаатарын эзэмшил, яриа эд өрнөсөн "Шинэ хаадын өргөө” компанид очиж, нэгжлэг хийн хурууны хээ таниулах хяналтын ажиллагаа явуулжээ. Хэргийг тодруулбал, өнгөрсөн 2016 оны сонгуулиас ч өмнө "Төрийн байгууллагын газрын даргаас дээш сайд хүртэлх албан тушаалыг үнэлж, зөвхөн нийслэлээс 60 тэрбум төгрөг босгоно” гэх энэ яриа өнөөдрийг хүртэл улс төрийг чиглүүлэх гол "зэвсэг” болоод буй. Энэхүү бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов гэгч чухам хэн бэ.
МАН 60 тэрбум төгрөгийг төрийн албыг наймаалсан гэх энэ бичлэг задрахаас өмнө иргэн Г.Доржзодовыг таньдаг хүн цөөн байсан. Харин бичлэгийг хийснээс хойш хоёр жилийн дараа хэсэгчлэн (хоёр минутын хэд хэдэн бичлэг) сошиалд байрлуулснаар өнөөдрийн улс төрийн маргааны эхлэл тавигдсан. Энэхүү бичлэг олон нийтэд хүрсний дараа АН, МАХН-ынхан хуулийн байгууллагаар шалгуулсан ч бичлэгийг эвлүүлэг гэж үзсэн. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө 90 минутын бичлэг, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа мөн 40 минутын бичлэгүүд нэмэгдэж гарч ирсэн. Ямартай ч МАН-ыг том ялалтаас ялагдал руу хөтлөх гол хүчин зүйлүүдийн нэг иргэн Г.Доржзодов байв. 2, 90, 40 минутын бичлэгүүд эвлүүлэг үү эсвэл үнэхээр бодит уу гэдгийг хуулийн байгууллага тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсаар байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГЫН ХҮЧИНГИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
Дуулианы хоёр дахь эзнээр Улсын Их хурлын гишүүн Д.Гантулга нэрлэгдсэн. Хүчингийн хэрэгт холбогдсон тэрбээр өнгөрсөн долдугаар сард хэргийнхээ талаар "Зургадугаар сарын 11-ний орой "Энканто таун”-ы саунд найзуудтайгаа уулзаж эхлээд орой нь иргэн Ц-гийн гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь би гараад явсан. Хүчиндүүлсэн гэх охин намайг тэднийд ороход байгаагүй, гарахад байсан. Тэр охин намайг гүтгэсэн гэдгээ зөвшөөрч, гарын үсэг зурсан байгаа.” хэмээн Төрийн ордонд тайлбар хийж ч, амжсан. Хуульч М.Ичинноров, дүүгээ хүчиндүүлсэн гэх иргэн Саранзаяа нар үнэн зөвийг олж, Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзахаас нааш хэргийг орхихгүй гэж нөгөө талд нь мэдээлэл хийсээр байгаа. Харин прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээлэв. Хүчиндүүлсэн гэх охин өнгөрсөн зургадугаар сарын 13-ны өдөр гомдлоо буцаан татжээ. Үүн дээр үндэслэн зургадугаар сарын 21 ний өдөр шүүхээс хэргийн үндэслэлгүй гэж дүгнээд, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тиймээс Улсын Их хурлын гишүүн Д.Гантулга толгой гэдгэр намынхаа Удирдах зөвлөлийн хурал зэрэгт оролцсон шиг ээ идэвхтэй явна. Харин гомдол нь тайлагдаагүй иргэн Саранзаяа сүүлийн өдрүүдэд нам жим болов.
ЭЦГ-ЫНХАН Д.УУГАНБААТАРААС НЭГ Ч БАЙЦААЛТ АВААГҮЙ БАЙНА
Гурав дахь нь дуулианы эзэн нь зураглаач Д.Ууганбаатар байлаа. УИХ-ын дарга М.Энхболдын хувийн болон албаны бичлэг, эд зүйлс удаа дараа алдагдсан гэх гомдлын дагуу УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Д.Ууганбаатарыг сэжиглэн, эрэн хайж эхэлсэн тухай өнгөрсөн долдугаар сарын 06-ны өдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ш.Болорсүх мэдээлэл хийж байв. Тэрбээр "Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар нэгдүгээр зэргийн хамгаалалтад байдаг. Мөн хамгаалуулагчийн нэр хүндэд удаа дараа халдаж, хувийн мэдээлэл нь алдагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын тухай хуулийн 34 зүйл, Эрүүгийн хуулийн 13.10, 13.11 зүйл заалтыг үндэслэн хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар долдугаар сарын 4-ний өглөө Төрийн тусгай хамгаалалтын газар хандсан. Энэ дагуу цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр Д.Ууганбаатар нь сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм. Д.Ууганбаатар нь хамгийн сүүлд УИХ-ын дарга асан З.Энхболдтой долдугаар сарын 04-ний өглөө 10.00 цагийн үед холбогдоод, түүнээс хойш утас нь холбогдохоо больж, сураг тасраад байна. Мөн Замын хөдөлгөөний хяналтын камераар Д.Ууганбаатарын эзэмшлийн 96-90 УНЛ дугаартай мөнгөлөг саарал өнгийн соната машин нь Баянгол зочид буудлын хашаа руу 7 дугаар сарын 04-ний өдөр 15.00 цагийн орчимд ороод одоог хүртэл гараагүй талаар цагдаагийн байгууллагаас бидэнд мэдээллээ. Д.Ууганбаатар нь УИХ-ын даргын албаны болон хувийн мэдээллийг тээгчийн хувьд түүний эрүүл мэнд амь нас, аюулгүй байдалд бид санаа зовниж байна. Ийм учраас эрх бүхий байгууллагуудад манай байгууллага хандаад байгаа” гэж мэдэгдэж байв.
Гомдлын мөрөөр Эрүүгийн цагдаагийн албанаас түүний эхнэрээс долдугаар сарын 06-ны орой 20.00 цагийн орчимд нэг удаа мэдүүлэг авсан ч, Д.Ууганбаатараас нэг ч мэдүүлэг аваагүй байна. Д.Ууганбаатар нь наадмын үеэр өмгөөлөгчийн хамтаар тус газарт очиж, мэдүүлэг өгөх гэсэн боловч Эрүүгийн цагдаагийн албаныхан түүнийг хүлээж аваагүй аж. Улмаар одоог хүртэл энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаа хэрхэн үргэлжилсэн гэдэг нь тодорхойгүй байна. Харин Д.Ууганбаатарыг сэжиглэн, хайж эхэлсэн тухай мэдээллийг өгсөн Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ш.Болорсүхийг шинэ Ерөнхийлөгч сонгогдсоны дараах нь үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
У.ХҮРЭЛСҮХИЙГ ТАГНАХ ДААЛГАВАР АВСАН ГЭХ Ч.БАТБОЛД СААТУУЛАГДАВ
Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгин тагнаж чагнасан гэх хэргийн гэрч гэгдэж байсан Ч.Батболдыг 10 хоногийн өмнө /2017.08.11/ цагдан хорьсон юм. Түүнийг наймдугаар сарын 10-ны өдөр баривчилж, нэг хоногийн дараа нь нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан билээ. Шүүхээс Ч.Батболдыг хэргийн гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргээр яллагдагчаар татсанаа тайлбарласан.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар цагдан хориулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүхийн шүүгчийн наймдугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх нэр бүхий яллагдагч нарыг тус бүр нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорихоор болсон юм. Нэг өдөр саатуулагдсан зургаан залуу есдүгээр сарын 11-ний өдөр суллагдана. Гэхдээ тэдний хэрэг цаашид хэрхэн үргэлжилж, шийдвэрлэгдэх нь мөн л тодорхойгүй.
Энэ мэт золиос, мөнгө яригдсан хэргүүд улс төрийн сонголт бүрийн өмнө гарч ирээд дараа нь таг чиг болдог зуршил тогтлоо. Эндээс залуус нь улс төрөөс ашиг хонжоо хайдаг болов уу эсвэл "томчууд” нь залуусаа золигт гаргадаг болов уу? гэсэн хариултгүй асуулттай боллоо.
Д.УУДАМ