Умардын пуужингийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдана
Умард Солонгос даваа гарагт баллистик пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр хуралдана гэж дипломатчид мэдэгдлээ.
Умард Солонгосын зүүн эргийн Хуанхэ аймгаас даваа гарагт Япон тэнгис рүү чиглүүлэн гурван баллистик харвасан юм. Японы БХЯ-ны мэдэгдсэнээр, эдгээр пуужин нь тус улсын эдийн засгийн онцгой бүсэд унасан байна.
Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдсэнээр, Умард Солонгосын харвасан пуужингууд нь 1000 км-ын тусгалтай "Родон” пуужин байжээ.
Умард Солонгос сүүлийн саруудад пуужин харвах нь хэт олширлоо гэж АНУ-ын Төрийн Департамент мэдэгдлээ.
Энэ оны нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан НҮБ Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авсан боловч Умард Солонгос удаа дараа пуужин харвасаар байгаа юм. Аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудын "Их-20” бүлгийн удирдагчид Хятадын Ханжоу хотод дээд хэмжээний уулзалт хийж байх үед Умард Солонгос ээлжит удаагаа пуужин харвалаа.
Тус уулзалтад оролцсон АНУ-ын албаны хүн Умард Солонгосыг зэмлэн буруушаагаад "пуужин харваж байгаа нь тус бүс нутагт байгаа нисэх онгоц болон хөлөг онгоцнуудад аюул занал учруулж буй хэрэг” гэжээ.
Умард Солонгосыг пуужин харвахаас хэдхэн цагийн өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзсан юм. Уулзалтын үеэр хатагтай Пак хэлэхдээ "Умард Солонгосын өдөөн хатгалга нэмэгдэж байгаа нь бүс нутгийн энх тайван байдлыг алдагдууулж, Сөүл-Бээжингийн харилцаанд бэрхшээл учруулж болзошгүй” гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.