ДЭН БУУДЛУУД ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛЖЭЭ
Дэн буудлууд гэмт хэргийн үүр уурхай болоод байхдаа яахав дээ, хэтэрхий сүржигнэлээ гэж зарим нь хэлэх биз. Тэгвэл эхлээд хэдхэн жишээ татъя. Хамгийн сүүлд гэхэд "Очир” төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдлаа.
Түүнтэй хамт 20 гаруй насны гурван залуу байсан талаар мэдээлэл ч цацагдаад байна. Ямартай ч энэ хэргийн буруутныг эрэн сурвалжилж, хэрэгт холбоотой гэх залуусыг шалгаж эхэлсэн чихэнд чимэгтэй мэдээлэл дуулдлаа. Зарим хэвлэлүүд охиныг эдгээр залуус харахын аргагүй болтол хэрцгийгээр зодож хөнөөсөн хэмээн мэдээлж байгаа билээ. Харин цагдаагийн байгууллагын анх өгсөн мэдээллээр бол ил харагдах шарх сорвигүй байсан гэдэг.
Мэдээллийн зөрүүтэй байдал чухал биш. Хамгийн гол нь 13-хан настай охиныг зочид буудалд яагаад оруулав гэдэг л өнөөдрийн нийтлэлийн гол өнцөг болоод байгаа юм. Ийм хэрэг маш олон гарсан. Бүр он сартай нь бичсэн ч болно. Өнгөрсөн жил гэхэд л 32 настай эмэгтэй зочид буудалд нас барсан.
Бас л хоёр гурван залуутай хамт архи ууж байхдаа зодуулж, улмаар нас барсан байдаг. 2015 онд их сургуулийн хоёр оюутан зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан хэрэг гарч байлаа. Нялх үрээ хүртэл зочид буудлын өрөөнд хаяж байсан жигшүүртэй хэргийг бид одоо ч мартаагүй. Зочид буудалд мансуурч байгаад баригдсан, эсвэл биеэ үнэлж байсан хэргүүдийг жишээ татвал цаг ч хүрэхгүй цаас ч багадна. Энэ мэтээр он сартай, өдөр судартай нь бичээд байвал дэн буудлуудад гарсан хэрэг бүтэн ном болохоор их байгаа юм.
2015 онд нийслэлийн хэмжээнд зочид буудалд 192 гэмт хэрэг гарч байсан тоон баримт бий. Харин 2016 онд зочид буудалд гарсан гэмт хэргийн тоо 220 гаруй байгаа нь эдгээр дэн буудлуудад тавих хяналт, хариуцлага жилээс жилд байхгүй болж буйг бэлхнээ харууллаа. Ийм байхад гэмт хэргийн үүр уурхай гэж хэлэхгүй яах билээ. Гэхдээ зочид буудал гэхээр бүгдийг нь хамаатуулж болохгүй гэдгийг уншигч авхай ч ойлгох биз. Өндөр зэрэглэлтэй, одтой, ном дүрмийнхээ дагуу үйлчилгээ явуулж байгаа зочид буудалд хэрэг төвөг гарна гэж байхгүй юм.
Харин зочид буудал нэртэй хоног төөрүүлэх дэн буудлуудад янз бүрийн хэрэг төвөг гарч, хууль бус үйлдлийн үүр уурхай болчихоод байгааг хөндөхгүй өнгөрч боломгүй нь. Ядахад зөвшөөрөлгүй зочид буудал Улаанбаатар хотод маш олон байдаг гэдгийг цагдаагийн байгууллагын шөнийн эргүүл, гэнэтийн шалгалт зэргээс харж болохоор.
Нийслэлд өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй, эс бөгөөс стандарт хангаагүй хэчнээн буудал үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг нарийвчлан гаргасан тоон баримт алга. Хамгийн сүүлд буюу 2014 оны арваннэгдүгээр сард нийслэлийн аялал жуулчлалын газраас шалгалт явуулж тоон мэдээг нэгтгэн гаргаж байжээ. Энэ шалгалтын явцад 102 зочид буудал зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэсэн мэдээлэл өгсөн байна.
Тухайн үедээ зөвшөөрөлгүй зочид буудлуудыг цахилгаан, ус, дулаанаар хангахгүй байх шийдвэрийг нийслэлээс гаргаж байсан ч ажил хэрэг болсон эсэх талаар мэдээлэл огтхон ч алга. Ер нь бол Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа элдэв зочид буудлын тоо жилээс жилд нэмэгдэж, тэр хэрээр зочид буудалд гарах гэмт хэргийн тоо өссөөр байгаа гэхэд буруудахгүй.
Монголд ирж байгаа гадны жуулчид гэр хороолол дунд, эсвэл хотын зах хавиар байгаа сампирсан дэн буудалд буухгүй нь тодорхой. Хөдөөнөөс ирсэн хүмүүс ч буудалд байрлах гэхээсээ илүү хамаатан садан, танил талаа бараадаж хэд хоноод л буцдаг. Хаа нэгхэн сургууль, цэцэрлэгийн багш нар сургалтад суух гэж ирдэг ч гэр хорооллын дэн буудалд хоног төөрүүлтлээ доройтно гэж байхгүй биз. Тийм байхад яагаад байшин болгон зочид буудал болоод байна вэ. Үүнд нэг л хариулт байгаа. Дундаж зэрэглэлээс эхлээд дэн буудал бүрт биеэ үнэлэлт цэцэглэж байгаа нь худлаа биш.
Бүр тун гайгүй зэрэглэлтэй болов уу гэсэн зочид буудлын хонгилын давхарт гулгаа массажны газар байдгийг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн гэх мэдээлэл олонтай дуулддаг. Массажист охидууд нь биеэ үнэлээд л. Дээрээс нь гудамжинд биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн үйлчлүүлэгчээ дагуулаад очдог газар нь буудал нэртэй сампирсан газрууд шүү дээ.
Бүр биеэ үнэлэгчидтэй тохирч үйлчилгээ үзүүлдэг тухай ч ам дамжсан яриа байдгийг нуух юун. Дээрээс нь архиндаа халамцсан, үргэлжлүүлж уух хүсэлтэй залуучуудын хоног төөрүүлдэг, согтуурдаг газар нь бас эдгээр дэн буудлууд. Хар тамхи татдаг, цавуу, газ үнэрлэж мансуурдаг залуучуудын орогнодог газар нь ч бас л дэн буудал. Ердөө л ийм хүмүүсээс хэдэн төгрөг авах зорилготой л зочид буудал байгуулж байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хотын захын зарим буудлууд биеэ үнэлэгчид, таксины жолооч нартай гэрээ байгуулан ажилладаг тухай сурвалжлага ч бэлтгэж байлаа.
Энэ бүхэн одоо хэрээс хэтэрч , насанд хүрээгүй охид амиа алддаг боллоо. Хэдий болтол тэднийг давраах билээ, дарга нар аа. Ердөө гуравхан сая хүн амтай нийслэл хотдоо сая гаруйхан иргэнтэй манайд 400, 500 зочид буудлын хэрэг байдаг гэж үү. Хатуухан хэлэхэд, архидалт, биеэ үнэлэлтийг дэмжээд байгаа юм биш үү. Гэмт хэрэг, биеэ үнэлэлтийн үүр уурхай болсон дэн буудлуудыг хаах хэрэгтэй байна.
2014 онд зөвшөөрөлгүй 100 гаруй буудал байсан тухай дээр дурьдсан. Одоо энэ тоо хэд ч хүрч байгаа юм билээ. Ядаж л зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байгаа буудлуудаа хаалгыг нь бариад авахад 100 гаруйгаар тоо нь буураад л явчихна гэсэн үг. Уг нь бол буудал нээх гэж байгаа хүнээс зэрэглэл шаардах хэрэгтэй. Ядаж л нэг одтой буудал байвал хамаа замбараагүй архидан согтуурсан бүхнийг хяналтгүйгээр оруулахгүй шүү дээ.
Монгол Улсын хууль тогтоомжийг бага ч гэсэн мөрддөг байсан бол насанд хүрээгүй жаахан охин зочид буудлынх нь өрөөнд зодуулж байгааг мэдэх л ёстой баймаар. Үгүй ядахдаа бичиг баримтыг нь шалгаж оруулахгүй хэмээн хориг тавьж, энэ талаар мэдээллийг цагдаад өгчихсөн бол өнөөдөр нэг айл өнчирч, цэцэг цэврүү шиг охин бусдын гарт амиа алдахгүй байлаа.
Дэн буудлууд мөнгөө л авч байвал хэн ч байсан оруулдаг гэдгийг энэ хэрэг тод томруунаар харуулчихлаа. Өнгөрсөн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд зочид буудалд амиа алдсан, гэмт хэрэгт холбогдсон, мансуурсан хэрэг өч төчнөөн гарсан. 14-хөн настай охиныг зочид буудалд байлгаж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэрэг ч гарч байлаа. Энэ бол зочид буудлууд бүртгэл хөтөлдөггүй, иргэний бичиг баримтыг шалгадаггүй гэдгийг баталсан том баримт шүү.
Нийслэлийн аялал жуучлалын газраас 2014 онд явуулсан шалгалтаас хойш нэгдсэн шалгалт ер нь хийгдсэн үү. Хийсэн бол түүнийгээ олон нийтэд мэдээлж, сэрэмжүүлээч. Бүр нэр устай нь зарласан ч яадаг юм.
Бүртгэл хөтөлж байна уу, зочид буудлуудад массажны газар байгаа эсэх гээд шалгах зүйл өч төчнөөн байгаа шүү дээ. Энэ мэтээр төрийн байгууллагууд хяналт, шалгалтаа эрчимжүүлж, хаах шаардлагатайг нь хааж, хатуу гараар тэмцмээр байна. Улаанбаатар хотод байгаа зочид болоод дэн буудлуудын талыг нь хаачихсан байхад нийслэл буудлаар лав дутагдаж, гачигдахгүй. Харин зочид буудалд гарч байгаа гэмт хэргийн тоо л буурах байх.
Монголын мэдээ
Г.Уянга