Д.ГАНТУЛГА ЁС ЗҮЙ ЗӨРЧӨӨГҮЙ, НЭР ТӨРӨӨ Л ХАМГААЛСАН ГЭЖЭЭ
Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өмгөөллийн "Веритас партнерс’ ХХК-иас нэгэн мэдээлэл очсон нь УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой. Түүний нэр холбогдсон гэмт хэргийнхээ талаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн явдал нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн үйлдэл. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлж өгнө үү гэсэн хүсэлт байлаа.
Гомдлын дагуу тус дэд хороо хуралдан, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бичгээр тайлбар авах шийдвэр гаргаад байв. Үүний дагуу тэр тайлбараа хүргүүлсэн бөгөөд үүндээ 2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг үндэслэл болгож намайг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлүүд гаргасан мэтээр тайлбарлажээ.
2017 оны долдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулганы танхимын үүдэнд тухай үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 "Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй”, УИХ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дэх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан болно. Энэ нь хуулиар хориглосон, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш хэмээн дурджээ.