Халилтай, драмтай их хурал
МАН-ын Их хурал бодож байснаас илүү халилтай, драмтай болж өнгөрлөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болж, мөр зэрэгцэн өрсөлдөж ялагдсан нөхрөө духан дээр нь үнсэж амжив. Үүний хариуд Д.Хаянхярваа харилцан үнсэж, хурлын үйл ажиллагаа нэг хэсэгтээ л утгаа алдав. Хоёр эрхмийг "үнсэлдэж” байх зуурт намын гишүүд алга нижигнүүлэн, киноны хөгжим хангинах нь гоё оо гоё. Ийм улс төрийн драмыг ойрд үзсэнгүй. Намаа хагарсан аяга шиг болгосон 32, 33-ын гэх бүлэглэлийн гишүүд ч их хурлын төлөөлөгчдийнхөө өмнө эвлэлдэн нэгдсэн царайтай инээмсэглэж шинэ даргадаа баяр хүргэж байв.
18-45 НАСНЫХАН У.ХҮРЭЛСҮХЭД ЯЛАЛТ АВЧИРЛАА
Намын дарга У.Хүрэлсүх энэ удаа хурлын төлөөлөгчдөө сайн бүрдүүлжээ. Их хурлын төлөөлөгчдийн 53.2 хувь нь анх удаа сонгогдсон байна. Мөн 53 хувь нь 18-45 насныхан юм. Тэд У.Хүрэлсүхэд ялалт авчирлаа гэж намынх нь зарим гишүүн үзэж байхад эсрэгээр нь хэлэх нэгэн ч байна. МАН-ын 20 дахь дарга У.Хүрэлсүхийн хувьд нэгэн үед одоогийн НАМЗХ-г удирдаж явсан. Намын залуучуудын байгууллагад одоо ч нэр хүндтэй нэгэн. Тэрхүү давуу талыг сайн харж мэдрэмжтэй ажиллажээ, У.Хүрэлсүхийн баг. Одоо намын дарга гэлтгүй ялсан багт маш чухал ажил бий. УИХ-д 65 суудалтай эрх баригч хүчнийг эвлэлдэн нэгтгэх үү, хагалан бутаргах уу гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байна. Намын даргын тамгаа М.Энхболдоос албан ёсоор авсан У.Хүрэлсүх МАН-ын хагарал, хямрал дуусч байгааг индэр дээрээс зарласан. Тэрээр "Би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг надад ногдож байна. УИХ дахь намын бүлгийн 33, 32 гэсэн яриа энэ цаг мөчөөс эхлэн эцэс болж байгааг та бүхэнд зарлая. Ийм үүрэг даалгаврыг их хурлаас надад, МАН-ын 65 гишүүнд өглөө” гэсэн үг нь цоглог хөгжим, алга ташилтын чимэгтэй байлаа.
ГЭВЧ…
МАН-ын хагарал тийм ч амар "аньчих” асуудал биш гэдэг нь тодорхой. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат их хурлын үеэр "Хэрэв У.Хүрэлсүх намын дарга болвол би өөр нам байгуулна” гэдгээ хэлж байсан. Энэ үг ганцхан Ж.Мөнхбатынх гэвэл худлаа. Тэр цээжнийхээ хийгээр "нам байгуулна” гээд хэлчих тийм гэнэн хүн биш болсон. МАН-ын жирийн гишүүнээс намын генсекээр ажиллаж, Засгийн газрынх нь Хэрэг эрхлэх газрын даргын ажлыг хийж явсан. Тэгэхээр Ж.Мөнхбатын "нам байгуулна” гэдэг үгийг зүгээр чихний хажуугаар өнгөрөөж боломгүй. Мөн өнгөн дээрээ нэгдсэн МАН-ынхан цаанаа өөр бодолтой байгаа нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын байр сууринаас ч харагдсан. Их хурлын индэр дээрээс Ц.Нямдорж 1309 төлөөлөгчид хандан У.Хүрэлсүхийг дэмжихийг уриалсан бол Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар бүлгийн дарга Д.Хаянхярвааг дэмжиж байгаагаа ил тод хэлсэн. Тэгэхээр намын хагарлыг У.Хүрэлсүх эвлэрэл болгож чадах уу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй юм. Нөгөө талаас үнэхээр үзэл баримтлалын хувьд өөр байгаа бол заавал нэгэн дээвэр дор нэг нам гэж байх алба ч бас байхгүй. Үзэл бодол, үйл ажиллагаа хоёр зөрж байгаагаа зарлаад шинэ нам байгуулаад явах нь ардчилсан нийгэмд байдаг л зүйл.
У.ХҮРЭЛСҮХТЭЙ АРДЫН НАМ ХААШАА ЯВАХ ВЭ?
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүх намынхаа эсрэг ажилласан гэдэг хардлага бий. Харин Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр засгийн эрхийг гартаа авч, өрсөлдөгч хүчинтэйгээ гар бариад байгаа. Түүнийг шинэчлэлийн Засгийн газрыг унагахад АН-ын гишүүд дэмжиж байсан. Гэвч энэ бүхнийг мэдсээр, харсаар байж МАН-ын төлөөлөгчид түүнд итгэл хүлээлгэв. У.Хүрэлсүхтэй Ардын нам одоо хаашаа явах вэ гэдэг нь сонирхол татаж байна. МАН-ын дарга асан М.Энхболд тамгаа өгөхдөө "Би УИХ-д 20 суудалтай нам хүлээн авч 65 суудалтай болгоод хүлээлгэн өглөө” гэж хэлсэн. 2020 он гэдэг тун ойрхон байна. 2020 онд намаа сонгуульд ямар үр дүнтэйгээр оролцуулснаа тайлагнахын өмнө засгаа хэд солих вэ гэдэг айдас-асуулт Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг тойрон эргэлдэж байна.
АН-ЫН "АЛТАНГАДАС” БА МАН-ЫН ЗҮҮНИЙ ХҮЧНИЙ ХОЛБОО
АН-д "Алтангадас” фракц гэж байлаа. Алтангадасынхан АН-ыг унагасан ч гэлцдэг, намынхан нь. "Алтангадас”-ын угшил гарал холбоо сүлбээ нь өрсөлдөгч МАН-тайгаа холбогдоод явчихдаг байсан. Тэгвэл өнөөдөр МАН-д "Зүүний хичний холбоо” гэдэг фракц нь хотын фракцаасаа эрх мэдлийг авч байна.
У.Хүрэлсүх 2003 онд Зүүний хүчний холбоог санаачлан 2007 оноос үйл ажиллагааг нь идэвхжүүлсэн байдаг. Аймаг бүрт салбартай гэх энэ холбоо МАН дотроос ямартай ч тодрон гарч ирлээ. Гэхдээ өөрсдийн хүчээр биш өрөөлийн дэмжлэгээр энд хүрсэн. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулгаас салж чадахгүй бол улс төрд У.Хүрэлсүх "Ерөнхийлөгчийн топор” нэртэйгээ л үлдэнэ. Мөн "Алтан гадас”-ын хувь заяа тэднийг хүлээж байна. АН-аа самраад сүүлдээ нэр хүндээ хөлдөө дэвссэн гашуун туршлага бий. Тэгэхээр У.Хүрэлсүх МАН-ын шинэ дарга байх уу, Зүүний хүчний тэргүүн байх уу, Ерөнхийлөгчийн топор байх уу гэдэг нь удахгүй харагдах биз ээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн "зовлон” одооноос эхэлж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Т.БАТСАЙХАН