С.Батболд, Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа нарт Улсын Дээд шүүхийн тогтоол, хууль ҮЙЛЧИЛДЭГГҮЙ
Эрх баригчдад хууль үйлчилдэггүй. Энэ үгийг "1000 машины зогсоол”-той холбоотой газрын маргаан бататгаж байна. Анхан, давж заалдах, Дээд шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн албан тушаалтнууд бол одоогийн хотын дарга С.Батболд тэргүүтэй ЗТЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын шинэ дарга Д.Жигжиднямаа нар юм. Гурван шатны шүүхийн шийдвэр хүртэл тэдэнд үйлчилж чадахгүй байгаагаас харахад "1000 машины зогсоол”-ын газарт их л шунасан нь илт илэрхий.
Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр өнөөдөр тэд төмөр замын мэдлийн газар, шинэ вокзал төсөл, авто захуудыг нүүлгэх хотын дарга асан Э.Бат-Үүлийн 29-р захирамжаар өөрсдийн хууль бус үйлдэлдээ халхавч хийсээр байна. Гэтэл бодит байдалд бүх зүйл эсрэгээрээ байх жишээний. Тиймээс хэзээ ч биелэлээ олохгүй шинэ Вокзалын зураг төсөл, хүмүүсийг хөлдөө чирсэн хэдэн тэрбумын авто цогцолбор, Төмөр замын удирдлага хийгээд Хотын удирдлагын хууль бус газрын гэрчилгээний асуудалд дорвитой шийдэл хэрэгтэй байна.
Эцэг эх нь үр хүүхдийнхээ хоолыг булааж иддэггүй биз дээ!!!. Хотын дарга болсоноосоо хойш хэдэн хөшөө, гэрэлтүүлэгт мөнгө цацсанаас өөр гоц гойд юм хийгээгүй хүн өнөөдөр энгийн ард иргэдийнхээ ажлыг байрыг булааж байгаа нь ТӨРИЙН АЖИЛ уу? Та ганц ч болов ажлын байр нэмсэн үү?.
Үүнд эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хуульзүйн яамны сайд Ц.Нямдорж нараас хариулт хүсч байна. Ц.Нямдорж сайд аа, таны Төрийн цагдаа үүргээ л гүйцэтгэх ёстойгоос эрх баригчдын гар хөл болж болохгүй гэдэг үг бодит байдал дээр хэрэгжихгүй байна шүү дээ. Хотын удирдлага, Төмөр замын даргын заавраар цагдаагийн алба хаагчид аж амьдралаа залгуулахаар ядаж яваа энгийн түрээслэгчдийг дарамталж, компанийн захирал дээр нь зохиомол хэрэг үүсгэж, нэр хүндэд нь халдаж байгааг та шударга үнэний дуу хоолой болж таслан зогсоох цаг нь болжээ. ”1000 машины зогсоол”-ын түрээслэгчид бусдын адил Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж, амар тайван, аюулгүй орчинд ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй биш гэж үү?. Эрх мэдэлтэй хэн нэгний хууль бус үйлдлээс болж 300 гаруй иргэн өнөөдөр ажлын байраа алдахад хүрээд байгааг эрүүл нүдээр харж, зөв шударгаар шийдэж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөөч.
Халхавч НЭГ: Шинэ вокзал буюу үндэслэлгүй зураг төсөл
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын баруун талд байрлах "1000 машины зогсоол”-ын газар дээр шинэ Вокзал барих нэрийдлээр түрээслэгчдийн ажлыг байрыг булаах гэж буй. Ингэхдээ 1000 машины зогсоол Төмөр замын мэдлийнх биш гэх шүүхийн шийдвэр гараад эхэлмэгц Хотын удирдлага яаран сандран ямар ч ТЭЦҮ-гүй, зураг нь батлагдаагүй шинэ вокзалын зураг төсөл гаргажээ. Энэхүү зураг төсөл нь одоогийн УБТЗ-ын баруун тийш байрлах бүх обьектыг хамруулсан амьдралд биелэлээ олоход тун бэрх ТАРХИНЫ зураглал байгаа юм. Өөрөөр хэлбэл, зураг төсөл гэхэд ч хэцүү ямар ч тооцоолол үндэслэлгүй зүгээр нэг зураг яаран сандран гаргаж байршуулсан нь түрээслэгчдийн бухимдуулаад авчээ.
Нийслэлийн нийтийн тээврийн хоёр дахь том урсгалыг бий болгож мөн Монголын төмөр замын шинэ эринг бий болгох талаар аль 2012 онд тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Ингэхдээ Богдхан уулын урдуур төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх болсноо зарласан. Өөрөөр хэлбэл, Хөшигтийн хөндийг түшиглэсэн, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй шинэ төмөр зам, вокзал баригдаж байгаа хэрнээ дахин ийм шинэ вокзал барина гэсэн юм ярьж, өөрсдийн биш газрыг хүчээр өөрсдийнх болгож, ард иргэдийг ажлын байрыг сүйтгэхээр улайрч байгаа энэхүү үйлдэл бол "1000 машины зогсоол”-ын газрыг авах гэж байгаа эхний халхавч гэлтэй.
Халхавч ХОЁР: Э.Бат-Үүл ба НИТХ-ын гаргасан 29-р тогтоол
• "1000 машины зогсоол” түрээслэгчид энэхүү 29-р тогтоол нь амьдралд нийцэхгүй, ард иргэдэд хүнд дарамт болж байна хэмээж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Шүүхээс "НИТХ-ын 2014 оны 3 сарын 21-ний өдрийн 29 дүгээр "Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэлд Захиргааны хэрэг үүсгэсэн байдаг.
• Мөн ШӨХТГ-аас НИТХ болон Нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхтэй холбоотой шийдвэр нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэхгүй байна гэх ШӨХТГ-ы улсын байцаагчийн дүгнэлт гарчээ.
Ингэхдээ 29-р тогтоолыг гаргахдаа агаарын болон хөрсний бохирдол үүссэн эсэх, стандартын шаардлага хангахгүй байгаа эсэхийг тогтоогоогүй гэдгийг тодотгожээ. Өөрөөр хэлбэл, авто худалдааны төвүүд хөрсний бохирдол үүсгэж, стандартын шаардлага хангахгүй байгаа учир нүүх хэрэгтэй гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй аж.
• МҮХАҮТ /Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим/-аас 29-р тогтоолд шалгалт хийж, Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчихөөд гадна аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуульд заасан үндэслэлгүйгээр хязгаарласан байгаа нь уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэдэг дүгнэлт.
• Өргөдлийн байнгын хорооноос дээрх дүгнэлтүүдийг хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий байна гэдгийг дүгнэсэн.
Эдгээр бүх байгууллагууд албадан нүүлгэж болохгүй гэдгийг онцолжээ.
Халхавч ГУРАВ: Шүүхийн шийдвэртэй давхацаж гаргасан хууль бус ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭ
2004 оны 6 сард "Даяар хас” ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг "Төв вокзал”-ын баруун талд орших 13775.7 м.кв задгай талбайг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж, ажлын байр бий болгож авто машины зогсоолын үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байдаг. Гэтэл 2007 онд Улаанбаатар төмөр замын хүмүүс "Энэ манай газар баримтууд нь бүгд байгаа” хэмээн итгэл үнэмшил төрүүлж, түр ашиглах гэрээг хийжээ. Энэ цагаас хойш УБТЗ-д тодорхой хэмжээний түрээс төлж уг газарт үйл ажиллагаагаа тогтмол явуулж байтал 2015 оны 9 сард Хотын дарга асан Г.Мөнхбаярын захирамжтайгаар сард "Эс Жи Би Юу” ХХК тухайн газрын 1000 м.кв газрыг эзэмших болжээ. Үүнд нь мөн л тухайн үеийн УБТЗ-ын удирдлагууд оролцсон гэх. Харин одоо үлдсэн газрыг авахаар ийн одоогийн УБТЗ-ын удирдлага, Хотын дарга, ЗТЯ-ны холбогдох албан тушаалтнууд ажиллаж эхлээд байна. Хотын дарга, Төмөр замын дарга нарын энэхүү үйлдлийг олон нийтийн газрын наймаатай холбон хардаж байгааг үгүйсгэхгүй юм.
Харин УБТЗ-ын мэдлийн газар гэж итгэж байсан түрээслэгчдийн зүгээс хувийн компани эзэмшигчээр гараад ирэхэд гайхна. Тиймээс эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгэсэн байдаг. Гэтэл тухайн "1000 машины зогсоол” нь ямар ч эзэмшилгүй газар гэдэг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, УБТЗ-аас иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар иргэн хүн газар эзэмших эрхэд нь ноцтой халдаж, цаг хугацаа хожиж, түрээсийн мөнгө ч авч байсан нь өдгөө 3 шатны шүүхээр тогтоогдоод байна. "Даяар хас” ХХК-иас 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан уг газраа давуу эрхтэйгээр өөрийн эзэмшилд авах тухай хүсэлтээ Нийслэлийн өмчийн харилцааны газраар дамжуулан гаргажээ. Ийнхүү уг асуудал шүүх дээр эцэслэгдээгүй явж байтал Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлийн хүсэлтээр Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 11 сарын 8-нд УБТЗ-д газрын гэрчилгээ олгосон байгаа юм. Иргэн хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчимтай. Нийслэлийн Засаг дарга ийнхүү иргэдийг ялгаварлаж, газар эзэмших ямар нэгэн давуу эрх үүсээгүй "Эс Жи Би Юу” ХХК-д "1000 машины зогсоол”-оос газар олгоод зогсохгүй дахин үлдсэн газрыг шүүхийн шийдвэрийг үл тоон гаргасан нь энэ.
Д.Ундрах