Эрээн-Улаанбаатарын хооронд 200 км цаг хурдтай галт тэрэг аялуулна
Монгол Улсад төмөр замын байгууллага үүсч хөгжсөний 77 жил, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ байгуулсны66 жилийн ойн баяр тохиолоо. Ойн баярынхаа хүрээнд төмөр замын салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж, төмөр замын үүх түүхийн эхийг бичилцсэн Н.Цэрэнноровын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм. Тэртээ 1938 онд Монголын анхны галт тэрэг Хонхор өртөөнөөс дуут дохио хангинуулан Налайхын уурхайн зүг хөдөлсөн түүхтэй аж. 2015 оны статистик судалгаагаар үүсгэн байгуулсан цагаасаа хойш Улаанбаатар төмөр замаар 540 сая тонн ачаа тээвэрлэж, 124 сая зорчигчдод үйлчилжээ. Төмөр замчдын баярын ажиллагааг нээж, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар хэлэхдээ" 1949 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр өмнөө Зөвлөлтийн удирдагч И.В.Сталины хөрөг бүхий галт тэрэг Улаанбаатар өртөөнд уур утаа савсуулан орж ирсэн нь улс орны түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн төдийгүй эдийн засаг, нийгмийн амьдралыг 100 жилээр түргэвчлүүлэх хөгжлийн шинэ шатны эхлэл болсон юм. Өнөөдөр тэмдэглэж буй төмөр замчдын баяр нь Монгол-ОХУ-ын найрамдал, хамтын ажиллагаа, Монгол-Оросын төмөр замчдын хамтын хөдөлмөр, бүтээлч үйлс, бахархам амжилтын түүх гэдгийг онцлон тэмдэглэж байна. 2015 он авто тээврийн чанарыг сайжруулах жил болж байна. Энэ үйл ажиллагаанд төмөр замчин бүр оролцож байна. Манай улсыг дамжин өнгөрөх хурдны галт тэрэгний маршрутын талаар судалж байгаа бөгөөд хурдны төмөр замын хөгжил, дэвшилд бид оролцоно. Түүнчлэн Эрээн-Улаанбаатар хотын хооронд 200 км цагийн хурдтай галт тэргийг аялуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.