Зотол хан уул ураны лицензээс чөлөөлөгдсөн үү?
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхны хэдэн үеэрээ тахиж шүтэж ирсэн тахилгат Зотол хан хайрхан 2009 онд уран лиценз нэрээр Францын "Арева-Кожеговь” компанийн мэдэлд орсон. Лицензийн хугацаа өнгөрсөн сарын 9-нд дуусах ёстой ч үргэлжлүүлэн сунгасан, цуцалсан эсэх нь тодорхойгүй байна.
Уулын оройн хэсэг буюу ердөө 3,874 га газрыг үлдээснийг эс тооцвол бэлийг нь тойруулан 57,385 га талбай буюу бараг бүхэлд нь 14,722 тоот лицензийг олгочихсон байдаг.
Өнгөрсөн хугацаанд энд тэнд нь өрөм тавих, машин зам гаргах зэргээр байгаль орчныг доройтуулсан жишээ цөөнгүй. Он гарсаар энэ талаар ярилцахаар удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн Ч.Улаан хүлээж аваагүй байна. Гол нь тэд "Зотол хан уул ураны лицензээс чөлөөлөгдсөн үү. Хэрэв чөлөөлөгдөөгүй бол чөлөөлүүлэх ёстой” гэдгийг л эрхэм гишүүнээр дамжуулан төр, засагт дуулгахыг хүсжээ.
Дарьгангын талархаг нутагт байдаг 222 галт уулын нэг бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байгаад унтарсан,шовгор хэлбэрээ авч үлдсэн өвөрмөц тогтоцтой юм. Энэ хавар Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд олгосон ураны хайгуул, олборлолтын лиценз дагасан уул уурхайн ажил идэвхжих хандлагатай байгаа. Компаниуд багаж төхөөрөмжөө авчран суурилуулж эхэлсэн. Төр анхааралдаа авахгүй бол ус нутгаа хамгаалж тэмцлийн хэлбэрт шилжихээс аргагүйг тухайн орон нутгийн иргэд хэлж байна.
Ч.ЗОТОЛ
Сэтгэгдэл байхгүй байна.