Дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх замаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дэвшлүүлэх нь чухал
Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх” нь онол практикийн хурлыг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Эхний үе шатыг хангай, говь, баруун, зүүн зүгийн аймгуудад бүсчилсэн байдлаар зохион байгуулж, нийт 109 илтгэлээс хоёрдугаар шатанд шалгарсан 12 илтгэлийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Туушин зочид буудлын "Сүлд” танхимд зохион байгуулсан "Гэмт хэрэг, зөрчлийн хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хуралд хэлэлцүүлэн Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль сахиулахын их сургуулийн "Инновацийн төв”-ийн эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс батлагдсан үзүүлэлтийн дагуу шалгарууллаа.
Онол практикийн хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, инновацийн хуулийг боловсруулах, инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийн ахлагч Н.Учрал, Хууль зүй дотоод хэргийн яам, ШЕЗ, УЕПГ, ГЕГ, ШШҮХ, ХСИС, Харилцаа холбооны зохицуулах зөвлөл, МУИС, ШУТИС, Орхон их сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, НЦГ, ЭЦА, МБА, ЗЦА, НХЖХОНАБХА-ны дарга, эрдэмтэн судлаач, багш, магистрантууд зэрэг нийт 21 байгууллагын 70 хүн оролцов.
Улсын Их Хурлын Гишүүн Н.Учрал шинийг санаачлагч, шинэ мэдлэгийг түгээгчид болон эрдэмтэн, зохион бүтээгчдийн ажилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх хамтран ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах, инновацийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа хамгийн чухал бөгөөд цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх онол практикийн хурал зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэв.
Хууль сахиулах үйл ажиллагаандаа амжилт олсон гадаад улс орнуудын тэргүүний туршлага, дэвшилтэт техник технологи, инновацийг Монгол Улсад нэвтрүүлэх улмаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох мөн мөрдөн шалгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь энэхүү онол практикийн хурлын зорилго юм.
Хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг 12 илтгэлээс
-Тэргүүн байранд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдын "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор CompStart-хяналтын цогц системийг хэрэгжүүлэх нь” сэдэвт илтгэл;
-Дэд байранд ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзааны "Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт илтгэл;
-Гутгаар байранд ШУТИС-ийн Механик ТИС-ийн профессор, доктор Б.Эрдэнэбатын "Нисэх төхөөрөмжийг урьдчилан сэргийлэх ажилд ашиглах нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Онол практикийн хурлаас шалгарсан илтгэлүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нэвтрүүлэх чиглэлд Төрийн болон төрийн бус, Шүүх эрх мэдлийн байгууллага, иргэд олон нийттэй хамтран ажиллах болно.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар |
Сэтгэгдэл байхгүй байна.