Автомат жолоодлоготой технологийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Японы аж үйлдвэрийн яамны сайд Хирошигэ Сэко болон Хятадын аж үйлдвэрийн яамны сайд Мяо Вэй нар даваа гарагт Токиод яриа хэлэлцээ хийж, автомат жолоодлогын технологийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов гэж телевизийн "Эн-Эйч-Кэй” суваг мэдээлжээ.
"Хятад улс зах зээлээ нээлттэй болгож, бүтцийн өөрчлөлт хийж буй энэ үед хоёр талын харилцаа холбоо, мэдээллийн солилцоо нь улам бүр чухал ач холбогдолтой болж байна” гэж Х.Сэко тэмдэглэсэн байна.
"Манай хоёр улс бол эдийн засаг, худалдааны чухал түншүүд бөгөөд бид өөр бусад салбарт ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна" гэж М.Вэй онцлон тэмдэглэжээ.
Автомат жолоодлоготой автомашиныг нийтийн зам дээр турших дүрэм боловсруулах хийгээд харилцаа холбооны дэд бүтцийн салбарт олон улсын стандарт тогтоох чиглэлд хамтран ажиллахаар хоёр тал тохиролцсон байна.
Уг тохиролцоондоо үндэслэн долдугаар сард Бээжин хотноо дараагийн яриа хэлэлцээг хийхээр товлосон аж.
Сэтгэгдэл байхгүй байна.