Везуви галт уулын дэлбэрэлтэд өртсөн хүний цогцсыг олжээ
Манай эриний 79 онд Везуви галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан эртний Ромын Помпей хотын нэгэн иргэний цогцсыг олсон тухай "ANSA” агентлаг мэдээлжээ.
Нас барах үедээ тухайн хүн 35 орчим настай байсан бөгөөд хөл муутай байсан учраас галт уул дэлбэрэх үед хотоос гарч чадаагүй бололтой. Археологичид уг цогцсыг "ер бусын гайхамшигт олдвор” гэж үзэж байна.
Өмнө нь хийж байсан археологийн малтлагуудын явцад гамшигт өртөн амиа алдсан хүмүүсийн нүүрсжсэн цогцсуудыг олж байсан бөгөөд олон хүний цогцос нь нас барах үедээ ямар байдалд байсан яг л тэр байрлалдаа байжээ.
Эдгээр археологийн олдворууд одоо Неаполь хотын Үндэсний археологийн музейд хадгалагдаж байна. Везуви галт уул дэлбэрэх үед Помпей хотод 12-20 мянган хүн амьдарч байсан гэж үздэг. Галт уулын лав, үнсэнд дарагдсан хотыг 1592 онд анх илрүүлсэн байна. Харин "Помпей” гэсэн бичиг бүхий пайзыг бараг 100 жилийн дараа буюу 1689 онд олсон аж. Тухайн үед олдсон нурангийг нэртэй улс төрч, цэргийн жанжин Их Помпей-гийн /МЭӨ 106-48 он/ харшийн эвдэрхий балгас хэмээн үзэж байжээ. Ингээд археологийн малтлага 17-19 зууны туршид үргэлжилсэн байна. Одоогийн байдлаар, хотын барилга байгууламжийн 20 хувь нь газар дор байгаа учраас археологийн малтлага үргэлжилсээр байгаа аж.