Д.Тэрбишдагва: Оюутолгойгоос 150 сая ам.доллар байтугай юмнууд гарсан
УИХ-ын Оюутолгойн ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Д.Тэрбишдагва "Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзаж ажлын хэсгийнхээ ажлын зорилгыг танилцуулсан. Шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх, уурхайнхаа үйл ажиллагаатай танилцуулах зэрэг хүсэлт тавьж ажилласан. Ажлын хэсэг дороо таван дэд ажлын хэсэг байгуулан таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан ажиллаж байна.
Таван дэд ажлын хэсэг ерөнхийдөө дүгнэлтээ гаргасан. Одоо ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсгүүдийнхээ цуглуулсан материалуудтайгаа танилцаж байна. Ойрын хугацаанд ажлын хэсгийн дүгнэлт гарна. Гэхдээ гурван материалтай танилцсаныхаа дараа дүгнэлтээ гаргахаар төлөвлөж байгаа.
Нэгдүгээрт, АТГ-аас шалгаж байгаа асуудлынх материал,
Хоёрдургаарт, Аудитын дүгнэлтийг хүлээж байгаа,
Гуравдугаарт Засгийн газраас бас материал авах ёстой. Энэ бүх материал ирсэн даруйд яаралтай дүгнэлтээ гаргана. Өнөөдөр бид Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна.
Болж өгвөл УИХ-ыг энэ долоо хоногт завсарлуулахгүй, эсвэл хуралдааныг 1-2 долоо хоногоор сунгах, ээлжит хуралдаан зарлаж, энэ асуудлыг танилцуулах хэрэгтэй байгаа. Татварын акт дээр болон ажлын хэсгийн материал дээр татвар зөрчилтэй гарч байна лээ. 150 сая ам.доллар байтугай юмнууд гарсан учраас эцсийн дүнг хэлсэн нь дээр байх" гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Үр ашгийг хүртэх хугацааг 2037 он болгож, Дубайн гэрээгээр хойшлуулсан. Тэнд манай залуус санаачилга гаргаж, ажиллаад 40 сая ам.долларын хэмнэлт гаргаж байхад энд хэдэн тэрбум төгрөгийн өрөнд орж байгаа нь анхны гэрээг хийсэн нөхдийн хариуцлагагүйгээс болж байна.
Ажлын хэсэг гараад шалгалт хийж байхад том аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлөх хуулийг яагаад Засгийн газар оруулж ирдэг юм бэ гэж эсэргүүцэж байж хуулийн төслийг буцаасан. Харин Засгийн газар 20 хувийн татвар авах тэр заалтаа хэвээр үлдээж байх шиг байна" гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.