Цагдаагийн хурандаа нарыг 20 мянган ам.долларын авлигын хэрэгт шалгаж байна
Архивын Ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат болон цагдаагийн хурандаа нарыг бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр шалгаж байна. Энэ хэрэгт холбогдуулан Архивын Ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулаад байгаа аж.
Тодруулбал, Б.Үнэнбат, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн дарга, дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20 000 гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тэрбээр энэ хэрэгт ганцаараа оролцоогүй гэнэ. Тиймээс хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж эхэлжээ.
Түүнийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 22.4-т заасан үндэслэлээр цагдан хорих санал НПГ-аас ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүэд хэлэлцсэн бөгөөд шүүгч өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, цагдаагийн дэд хурандаа С.Батзаяаг нэг сарын хугацаанд 461-р хорих ангид цагдан хориод байгаа юм байна. Үүнтэй зэрэгцэн ЦЕГ-ын дарга тушаалаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ЭЦА-ны Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан, өмнө нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаал хашсан, хурандаа Г.Эрдэнэбаатар гэж хүнийг томилсон талаар эх сурвалж мэдээллээ.