НААДМЫН НЭЭЛТ ҮЗЭХЭЭР 11 МЯНГАН ЖУУЛЧИН ЗАХИАЛГА ӨГЧЭЭ, ГЭВЧ...
Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөл болон аялал жуулчлалын салбарын компаниудын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Жил бүр улсын их баяр наадмын нээлт, хаалт үзэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа аж. Харин манайд хүлээж авах боломж, хүрэлцээ тааруу байгааг хэвлэлийн хурал хийгчид онцлов.
Тухайлбал, тэд үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхох жуулчдад зориулсан суудлын хүрэлцээ муу байгаа учраас жуулчдад 1000 суудал нэмэлтээр гаргаж өгөх шаардлага тулгараад байгааг мэдээлэв.
Учир нь манай цэнгэлдэх хүрээлэн 2000 үзэгч хүлээж авах суудалтай аж.
Өнөөдрийн байдлаар наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхохоор 11-12 мянган жуулчин захиалгаа өгчээ. Гэтэл наадмын нээлтийг үзэх хүсэлтэй 10 жуулчин болгоны найм нь Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрч чадахгүй хаалганы гадна үлддэг болохыг аялал жуулчлалын салбарынхан хэлж байна.
Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр"Энэ жил Монголд ирж буй жуулчдын тоо дунджаар 15-20 хувиар нэмэгдэж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас 2020 он гэхэд нэг сая жуулчин авах зорилтуудыг эрх бүхий албан тушаалтнууд зарлаж байгаа. Харамсалтай нь тавьж буй зорилго, мөрийн хөтөлбөр дэх заалтууд болон нэг сая жуулчныг хүлээн авах үйлчилгээний багтаамж, хүрэлцээ, тоо, чанар огт өөрчлөгдөхгүй байна.
Монгол Улс зардал өндөртэй аяллын орон. Тэр ч утгаараа жуулчдыг татах амаргүй. Жил бүр 10 мянга орчим жуулчин наадмын нээлт үзэхээр захиалгаа өгдөг. Энэ онд 110 компанийн захиалга бүхий 12 мянга орчим жуулчид наадмын нээлтийг үзэх эрэлттэй байна.
Гэвч жуулчдыг хүлээн авч нээлтийн арга хэмжээг үзүүлэх суудал алга. Бидэнд 1500 суудал өгдөг. Нэг суудлыг 37500 төгрөгөөр зардаг.
Үүний дараа цагаан суудлыг нэмэлтээр тавьж өгдөг. Жуулчдад зориулж 2500 суудал хуваарилсан нь аялал жуулчлалын компаниуд наадмын нээлтийг үзэхээр захиалга өгсөн арван жуулчны хоёрыг л наадмын талбайд оруулж үлдсэн найман жуулчныг талбайн гадна үлдээх болж байна. Тиймээс 1000 суудлаар нэмэгдүүлж өгөхийг Засгийн газар, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүсч байна” гэлээ.