“60 ТЭРБУМ”-ТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЖЭЭ
УИХ-ын Хуульзүйн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд хэрхэн ажилласан талаараа тайлагнасан.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Ингэснээр нийт 50 хууль, УИХ-ын 16 тогтоолыг батлуулсан байна. Эдгээрээс бие даасан хууль 12, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль 38 байгаа аж.
Мөн Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийтдээ 12 удаа хуралдан 28 хуулийн төсөл (хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 22), тогтоолын төсөл 16, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гурав, хяналт шалгалтын тайлан нэг, харьяа яам, агентлагийн тайлан хоёр, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай асуудал тавыг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлт 31, танилцуулга зургаа, зарчмын зөрүүтэй 119 саналын томьёолол бэлтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Байнгын хорооны хуралдаанаас гарсан нэг тэмдэглэлийг холбогдох яам, агентлагт хүргүүлсэн байна.
Түүнчлэн сүүлийн үед асуудал болоод байгаа 60 тэрбумтай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлжээ.