АТГ: Ерөнхий сайдын туслах асан Н.Энхбаатарыг шалгаж эхэлж байна

0

АТГ: Ерөнхий сайдын туслах асан Н.Энхбаатарыг шалгаж эхэлж байна

 

АТГ-аас сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг билээ. Энэ үеэр  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-АТГ Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг баривчлаад, эргээд суллачихлаа. Үүний өмнө АТГ-ын дарга С.Баярыг дуудаж өрөөндөө уулзаж, цай хоолоор дайлсан асуудал олон нийтэд ил болсон. Энэ хүмүүсийн холбогдсон хэрэг ямар шатандаа явна вэ. Үнэхээр АТГ энэ хүмүүсийг хэлмэгдүүлсэн асуудал байгаа юм уу?
-Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тусгаарлан шалгаж байх явцад хийгдэх ёстой мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Одоогоор тэднийг хязгаарлалт тогтоон шалгаж байгаа. Хязгаарлалтын хүрээнд тодорхой хүмүүс болон хилээр нэвтрэхийг хориглосон. Одоо дуудаж мэдүүлэг авах үйл явц үргэлжлээд шалгалтын ажиллагаа хийгдэж байна. АТГ-ын дарга Авлигатай тэмцэх тухай хуулийн 27.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн материалтай танилцах эрхтэй байдаг. Эрхийнхээ дагуу, яллагдагчийн хүсэлтийн дагуу С.Баярыг АТГ-ын дарга С.Баярыг прокурорын хяналт доор хүлээн авч уулзсан. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Яллагдагч нар АТГ-ын удирдлагатай уулзах эрхтэй. Үүнд тухайн хүний ямар ажил албан тушаал хашиж байсан нь хамаарахгүй. 
-Яллагдагч С.Баяр гэх хүн ямар хүсэлт тавьж уулзсан юм бэ?
-Шалгуулж буй хэрэгтэйгээ холбоотойгоор тодорхой асуудлуудыг нэмж шалгуулах хүсэлтийг анхаарч өгөөч гэж хүсэлт тавьсан. Яллагдагч нар эрхийнхээ дагуу хүсэлтүүд гаргадаг. Хариу тайлбар өгдөг. Хууль бус шаардлага тавьсан, мөрдөн байцаалтад нөлөөлсөн асуудал байхгүй. Г.Энхжаргал дарга яллагдагч нартай хүсэлтийнх нь дагуу уулзаж байсан тохиолдлууд байгаа.
-Ерөнхий сайдын туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатарыг АТГ-аас шалгасан уу?
-АТГ-аас шалгаж байгаа хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөх хориотой. Н.Энхбаатар гэдэг хүнийг өмнө нь хийж байсан ажилтай нь холбоотойгоор шалгаагүй. АТГ-т шалгагдаж байгаа хэргүүд ямар нэг нам, улстөрийн захиалгаар, санаа зорилгогүй. Үндэслэл бүхий мэдээ мэдээллийг хамгийн гол нь прокурорын байгууллагын хяналт дор, шүүгчийн зөвшөөрлөөр хяналт шалгалт явуулдаг. Н.Энхбаатар гэдэг хүнд холбогдох хэргийг дөнгөж шалгаж эхэлж байна.
-АТГ-т итгэх олон нийтийн итгэл алдраад байна. Тухайлбал, "60 тэрбум"-ын хэрэгт холбогдуулж яагаад хэнийг ч шалгахгүй байгаа юм бэ. УИХ-ын 25 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод бичиг өгсөн. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг буруутгасан байна билээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-"60 тэрбум"-ын хэргээр нээлттэй сонсгол явуулах хүртэл нөхцөл үүсээд явж байгаа. Би өмнө нь энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэд хэдэн удаа өгсөн. Прокурорын байгууллагаас ч энэ хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар тайлбарууд өгснийг та бүхэн мэдэж байгаа. Нэгэнт прокуророос хэрэгсэхгүй болгосон хэргийг барьж аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бидэнд байхгүй. Прокуророос нь зөвшөөрөөд "60 тэрбум"-ын нээлттэй сонсгол хийвэл бид энэ талаар тодорхой ярьж тайлбарлахад бэлэн.
-Томоохон хэргүүд яагаад замхраад байгаа юм бэ. Ард түмэн үнэхээр итгэл алдарч байна?
-Томоохон хэргүүд замхарч, шийдэгдэхгүй байна гэх шүүмжлэлийг бид хүлээн зөвшөөрнө. Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөөд, 2017 оны долдугаар сарын 1-нээс шинэ хуулийн зохицуулалтад орсон. Авлига албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шалгагдаад шийдэгддэггүй. Хэргийн шийдвэрлэлтийн асуудлыг прокурор цугларсан нотлох баримтын хэмжээнд хянаж шалгаж, шүүх прокурор эцсийн шийдвэр гаргадаг гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.
-"60 тэрбум"-ын хэргийг та бүхэн шалгаад ямар саналтайгаар прокурорт шилжүүлсэн бэ?
-Энэ хэргийг хуучин хуулийн дагуу шалгаад, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлж байсан. Учир нь нотлох баримт нь эх хувиараа байх ёстой гэдэг шаардлага хангаагүй учраас бид эрүүгийн хэргэг үүсгэхээс татгалзсан. Түүнээс биш "60 тэрбум"-ын гэх хэрэг огт болоогүй гэж үзээгүй.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.